Бүтээгч үгүй бүтээлүүд

Хуучирсан мэдээ: 2017.10.30-нд нийтлэгдсэн

Бүтээгч үгүй бүтээлүүд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 10.00 цагт эхлүүлж, дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Дэлхийн дүрслэх урлагийн салбарт зэрэглэлээр тэргүүлдэг Венецийн 57 дахь удаагийн биеннальд Монгол улс 2 дахь удаагаа оролцож, уран бүтээлч Ш.Чимэддорж, О.Энхтайван, Г.Мөнхболор, Ж.Болортүвшин, Ц.Даваажаргал нарын “Хөх тэнгэрийн дор төөрөгсөд” хамтарсан үзэсгэлэнг толилуулж буй. Энэ жилийн нээлтэд оролцсон, урлаг судлаач, уран бүтээлч М.Батзориг олон орны үзэсгэлэнг үзэж судлан, цуврал нийтлэл хүргэж буй. Түүний ээлжит нийтлэлийг уншигчдадаа танилцуулж байна. Венецийн биенналь 2017 оны арваннэгдүгээр сарын 26 хүртэл үргэлжилнэ.


Үеийн үед урлагийн амин сүнс нь бусдаас өөрөөр сэтгэх чадвартай бүтээлч байсан, байгаа хэдий ч бүтээлчийн дотор зурсхийн орж ирсэн санааг нь хүртэл тэр чигээр нь бүхэл бүтэн төслийн хэмжээнд дэглэж, үзэгчдэд хүргэхээр зорьж ажилладаг судлаач, куратор, ивээн тэтгэгч, урлагийг ойлгон дэмждэг албан тушаалтнуудын нарийн мэдрэмж, холч хараа, урлагаа, улс үндэстнээ гэсэн сэтгэл асар чухлыг энэ жилийн венецийн 57-р бенналиас хамгийн түрүүн харж болохоор. 

Энэ жишгээр Австри улс өөрийн орны сэтгэлгээний түвшнийг илтгэх нүүр царай болгон барималч Бриджэт Кованзийн инсталяциуд болон барималч, гэрэл зурагчин Эрвин Вурм нарын сонирхолтой үзэсгэлэнг зэхсэнээс Эрвин Вурмийн бүтээлүүд илүү их сонирхол татав. Австрийн засгийн газрын шагналт энэ эрхэм маш олон чиглэлээр уран бүтээлээ туурвидаг хэдий ч энэ удаагийн беннальд түүний 1980-аад оноос өнөөг хүртэл санааг нь хөгжүүлсээр байгаа “Нэг минутын баримал” гэсэн ерөнхий нэртэй цуврал төслүүд дээр төвлөрсөн нь сонирхолтой. 

Сэтгэлгээн дэх контэмпорари, пост чиг хандлага нь товчхондоо ерөөс нэг хэв загварт удах, баригдахыг эсэргүүцсэн олон гайхамшигтай экспременталь санаануудын багц гэлтэй. Эрвин Вурмын “Нэг минутын баримал” цуврал төслүүдийн ерөнхий консепти нь ч энэ ерөнхий баримтлалтай нийцэж байгаа болохоор л куратор Криста Стэнли өөрийн төсөл үзэсгэлэндээ зориуд түүний эл бүтээлүүдийг сонгон оролцуулсан биз ээ. Түүний бүтээлүүд гаднаасаа маш энгийн бөгөөд зүгээр л үзэгч хэрхэн ямархуу хөдөлгөөнтэй зогсож болохыг зургаар үзүүлсэн жижиг пайз бүхий өдөр тутмын хэрэглээний чемодан, сандал ч юм уу заримдаа бүхэл бүтэн машин, чиргүүлээр хийсэн баримлын суурь танхимд байрлуулсан байна. Зүгээр л бүтээл үгүй суурь. Үзэгч уг суурин дээр нэг минутын турш зогсох (заримдаа хэвтэх, суух) боломжтой аж. Хэн дуртай нь хэсэг хугацаанд түүний бүтээл болон хувирах боломжтой гэсэн үг юм. 

Оролцоог чухалчилсан эл санаа нь францын философич Роллан Бартын томьёолсон зохиогчийн үхэл гэсэн санааг өөрийнхөөрөө батлаад буй мэт сэтгэгдэл төрүүлэв. Бартынхаар аливаа текст (бичвэр) нь зохиогч бичээд эсвэл хийгээд дууссаны дараагаар үзсэн үзэгч, уншсан уншигч бүрийн тоогоор хувирч өөрчлөгдөх бололцоотой бөгөөд энэ процесс нь зохиогчийн анхлан бодсон төлөвлөснөөс шал өөрөөр ч эргэх боломжтой бөгөөд энэ үед зохиогч нь хэн ч биш болон үхсэнээс өөрцгүй болж болох тухай санаа юм. Зохиогч бүтээлийнхээ бүхий л жижиг хэсгүүдийг хүртэл эхнээс нь бүгдийг нь төлөвлөх угаасаа бололцоогүйг мэдрэх мэдрэмж уран бүтээлч бүрт төрдөг байх. Энэ мэт хандлага нь өнөө цагийн олон бүтээлчийг нарийн төлөвлөсөн эскизийн дагуу гүйцэтгэдэг байсан хэлбэрээс илүү хийх явцад баяжин нэмэгдэх санааг (импровизаци) чухалчлах эсвэл зүгээр л сэдлийг бий болгоод явцыг зөнд нь орхих хандлага тийш хөтөлж байгаа юм. Эрвин Вурмын бүтээлийн санаа ч тийм бөгөөд тэрээр энэ удаад зохиогч бүхнийг өөрийнхөөрөө зохиомжилдог нэгэн бодлын зааварлагч мэт байдаг загвараас татгалзаж зүгээр л сэдлийг бий болгоод орхиж байгаа бөгөөд үзэгч энэ үед тухайн бүтээлийн зайлшгүй нэг хэсэг, заримдаа бүр өөрийнхөөрөө өөрчлөх боломжтой нэг төрлийн зохиогч байх бололцоог олгож байгаа санаа нь чухал юм. 

Харин үүний эсрэг талд автор бүх зүйлийг бүгдийг нь шийдэх боломжтойгоор барахгүй ёстой гэсэн үзлийг баримтлагчид ч бүтээсээр, өөрсдийгөө тунхагласаар байгаа. Иймэрхүү нөгөөгөө хэзээ ч үл хүлээн зөвшөөрөх үзэл санааны туйлууд урлагт маш олон ч урлаг судлалд тэдгээрийн хэн нэгнийх зөв гэхээсээ хэрхэн өөрийгөө тунхаглаж, хүлээн зөвшөөрүүлж, оршиж, нэгдэж, устаж байгаа зэрэг тектоник процессууд нь илүү сонирхолтой судлагдахуун юм. 

Энэ бүхэн урлагт бараг хамаагүй социалист реализмаар тархиа угаалгасан бидэнд хахь ондоо хачин санагдаж магадгүй. Дүрслэх урлагийн тухай ярих бүртээ шахуу бидний хайдаг хоцрогдсон символик (бид өмнө нь хөх өнгөөр мөнх хөх тэнгэрийг, улаан өнгөөр мандан бадрахын бэлгэдэл галын дөлийг төлөөлүүлсэн гэсэн шүү маягаар тайлбарлаж, үзэгчид ч ийн ойлгож ирсэн бол орчин цагт зураач хөх өнгө найруулах тоолондоо мөнх хөх тэнгэрийн тухай боддог гэдэг нь дэндүү гүжир, дэгс тайлбар бөгөөд бүтээлийн тэр хэсэгт шар өнгө байснаас цэнхэр байх нь хамаагүй тохиромжтойг логикоор гэхээсээ илүү ухамсаргүйгээс үүтгэгдэх ямар нэг түлхээсээр сонгодог бөгөөд үүний цаад эх сурвалж нь оюунлаг, ухамсартай үйлдэл биш (хангагдаагүй хэрэгцээ, хайр, харуусал, ганцаардал, зөн совин гэх мэт) байдаг нь улам батлагдсаар байгаа нь өнөөгийн урлаг судлалын олон олон проблем, тайллуудын эх сурвалж юм) дүрслэлийн тухай энд огт яригдахгүй. Өөрөөр хэлбэл уламжлалт гоо зүй, сайхныг катигороор бус ерөөс гоо зүй гэдэг ойлголтыг бүхлээр нь эргэж харах эрмэлзэл эндээс тэмтрэгдэнэ. Энд утга санаа, өгүүлэмж зэрэг функциональ хандлагаас түрүүлж структур, консепти гэх мэт цэвэр онолын ойлголтуудын тухай яригдана. Контэмпорари урлаг дахь энэ мэт хандлагууд нь үзэгч, бүтээгч, бүтээл гурвын мөнхийн харилцааг өөрчлөн урлаг нь уламжлалт, нүсэр, сүрдмээр, баргийн хүн ойлгохооргүй холын зүйл байхаа болиод зүгээр л өнөөгийн хүмүүсийн амьдралынх нь хэв маягийн нэг хэсэг, хөнгөн зугаа мэт санагдахаар, заримдаа маш олуулаа гар бие оролцож бүтээдэг эсвэл зүгээр л олон нийтийг хамарсан төсөл (флэшмоб гэх мэт) болон хувирч байгаа нь минийхээр сонирхолтой. 

Эрвин Вурм бүтээлүүдийнхээ санааг бидний эргэн тойронд байж л байдаг бараг хэрэг болдоггүй маш олон жижиг, том зүйлсээс авдаг хэмээжээ. Зарим судлаачид түүний эл санааг нь өнөөгийн барууныхны хэрэглээг шүтсэн, хэт хангалуун, үрэлгэн амьдралын хэв маягийг шүүмжилсэн ёж, егөө (humor) гэж үзсэн байх юм. 

 

Урлаг эрт үеэс өнөөг хүртэл хөгжиж ирсэн түүхэн замнал бүртээ сонгодог дүрслэлээс, академизмаас, бодит дүрслэлээс, тогтсон хэв загвараас татгалзсан үгүйсгэлүүдийг л ямагт шинэчлэл гэж үзсээр ирсэн. Иймэрхүү радикал санаанууд эхэндээ консервативуудад элдвээр баалуулсаар (анархист, ревизионист, пессимист гэх мэтээр) ирсэн боловч шинэ үеийнхэнд, урлагт олон гайхамшигт боломжуудыг бий болгодгоороо үе үеийн шинэчлэгчид маш төстэй. Жишээ нь 1960-аад оноос америкийн голдуу хэсэг бүтээлчид бүтээлийг галерейд байрлуулахыг эсэргүүцсэнээр лэнд арт (land art) бий болон дүрслэлийн олон боломжуудыг нээснээр хойч үеийнхэн энэ бололцоо дээр тоглолт хийн олон олон шинэ хэлбэрүүдийг туршиж, нээсээр байгаа билээ. Яг энэ зарчмаар түүний бүтээлүүдээс салбарлан 2006 онд алдарт Вооги сэтгүүл, загвар өмсөгч Клаудиа Шиффэртэй хамтарсан “Нэг минутын пооз” гэсэн нэртэй цуврал гэрэл зургийн төсөл, панк рокийн томоохон төлөөлөгч америкийн Red hot chilli pappers хамтлагийн “Can’t stop” дууны видео клипний санаа ч бүхэлдээ түүний нэг минутын баримал бүтээлээс санаагаа аван шинэ шинэ синтетик боломжуудыг бий болгосоор байна. Энэ мэт хэн ч анхнаас нь төлөвлөж, тооцоолох боломжгүй олон олон гинжин боломжууд тийш хөтлөх нь контэмпорари урлагийн онцлог чанар нь юм.

 

Урлаг судлаач, уран бүтээлч М.Батзориг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж