Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон Багш нарын цалин нэмэх түр хорооноос өнөөдөр /2017.10.30/ өглөө эрт хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хурал 08.30 цагт болсон юм. Дээрх албаны хүмүүсийн мэдэгдсэнээр Багш нарын ажил хаялтыг зохион байгуулж буй түр хорооноос өнөөдөр зарлаад байсан ажил хаялтыг зогсоохоор болж, тохиролцжээ.
Гэхдээ зарим сургуулийн багш нар өнөөдөр ажил хаяж эхлээд байна. Түр хорооны зүгээс сургуулиудад мэдээлэл өгч, ажил хаялтаа зогсоох хүсэлт тавьж байгаа гэнэ.
2017 оны төсвийн тодотголд 55,4 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдад олгох шийдвэр гарсан. Үүнд багш, эмч нар орж буй. Тиймээс эхлээд ажил хаялтаа зогсоож, ширээний ард сууж, асуудлыг шийдэх саналыг тавьсны дагуу Багш нарын ажил хаях түр хороо болон МҮЭХ-ны удирдлагуудтай уулзалт хийсэн гэдгийг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа мэдээллээ.
Тэрбээр өчигдөр /2017.10.29/ МҮЭХ-ны удирдлагуудтай уулзаж, ажил хаялтыг зогсоож, багш нарын орлогыг нэмэгдүүлэхийн тулд цалин нэмэх бус бусад урамшууллыг ямар хэлбэрээр, хэрхэн олгож болох талаар албан ёсоор ярилцахаар зөвшилцжээ.
Өнгөрсөн хугацаанд багш нар хоёр хоног ажил хаясан. Энэ хоёр өдрийн цалинг олгох эрх нь тухайн ерөнхий боловсролын сургуульд нээлттэй байгаа учраас цалинг нь өгөх ёстой гэж сайд Ц.Цогзолмаа хэлэв.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Багш нарын цалин нэмэх түр хороо болон МҮЭХ-той ойлголцож, хамтарч ажиллахаар болсон. Цаашид 2018 оны төсөвт төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэхэд зориулж 112 тэрбум төгрөг төсөвт суулгахаар ярилцаж байгаа. ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд 2019 он хүртэл цалин нэмэхгүй учраас урамшуулал хэлбэрээр олгох, тэр нь багш нарт шууд гарт нь очдог байхаар асуудлыг зохион байгуулахаар МҮЭХ болон холбогдох байгууллагуудтай ярилцана’ гэлээ.
Ш.ОЧ