Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, ОХУ-ын Дотоод хэргийн яам хоорондын хил орчмын бүсийн хамтын ажиллагааны асуудлаарх хамтарсан ажлын хэсгийн хуралдаан ОХУ-ын Улаан-Үд хотод 2017 оны аравдугаар сарын 24-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө. Монголын талын төлөөлөгчдийг ХЗДХ-ийн Дэд сайд Б.Энхбаяр, Оросын талын төлөөлөгчдийг Дотоод хэргийн сайдын орлогч И.Н.Зубов нар ахалж хамтарсан хуралдаанд оролцов.
Энэхүү хуралдаанаар хил орчмын бүс нутаг дахь гэмт хэргийн нөхцөл байдал, терроризм, хэт даврах үзлийн эсрэг арга хэмжээ, хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, хяналтыг чангатгах, малын хулгайн гаралт зэрэг асуудлаар талууд мэдээлэл, санал солилцжээ.
Хоёр талын идэвхитэй хамтын ажиллагааны үр дүнд хил орчмын бүсийн малын хулгай буурсан үзүүлэлттэй байгаа аж. Түүнчлэн Монгол Улсын иргэд ОХУ-д зорчихдоо гэмт хэрэг зөрчилд холбогдох нь багассан бол эсрэгээрээ Монгол иргэд гэмт хэргийн хохирогч болох тохиолдол цөөнгүй гарч байгаа аж.
Хамтарсан ажлын хэсгийн хуралдаанаар Хууль сахиулах их сургуулийн нөөц боломжийг түшиглэн ОХУ-ын Дотоод хэргийн яамны харьяа сургалтын байгууллагын багш нарыг урьж, хар тамхины хууль бус эргэлттэй тэмцэх, шашины хэт даврах үйл ажиллагаа, олон нийтийг хамарсан арга хэмжээний аюулгүй байдлыг хангах гэх мэтчилэн ач холбогдолтой сэдвүүдээр богино хугацааны сургалт зохион байгуулахаар боллоо.
Уг хамтарсан ажлын хэсгийн хуралдаан тогтмолжиж, хамтын ажиллагаа өргөжиж байгаад талууд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв. Хил орчмын бүсийн хамтын ажиллагааны асуудлаарх хамтарсан хурлыг 2018 онд Монгол Улсад зохион байгуулна.
Эх сурвалж: ХЗДХЯ