“Шарк танк”-т орох зориг дутсан үйлдвэрлэгчид

Хуучирсан мэдээ: 2017.10.30-нд нийтлэгдсэн

ХАРАХ ӨНЦӨГ

“Шарк танк”-т орох зориг дутсан үйлдвэрлэгчид

“Шарк танк”-т орох зориг дутсан үйлдвэрлэгчид

“Шарк танк” гэх өвөрмөц нэгэн контент үзэгчдийг соронздоод эхэлжээ. Шаркуудын “хайрыг булааж”, санхүүгийн дэмжлэг хүртэхээр олон үйлдвэрлэгч, шинэ содон санааны эзэд нэвтрүүлэгт оролцож байгаа ч тун цөөхөн нь хүслээ биелүүлж байна. Харин тэдгээр оролцогч шиг төсөл, хөтөлбөр боловсруулж хараахан амжаагүй өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид олон бий. Тэд “Шарк танк”-ыг мөрөөдөн, зүүдэлж хонодог ч зорин очих зүрх дутаж байгаагаа нуугаагүй юм. Өвөрмөц содон үйлдвэрлэл эрхлэгчдийн заримыг танилцуулъя.

Бохины үнэтэй нэхийг боловсруулан, ашиглаж эхэллээ

Айл бүр арьс ширээ боловсруулж идээлдэг, эзэгтэй болгон монгол дээл хувцсаа оёж урладаг, эрчүүд нь эмээл хазаар, чөдөр ногтоо зангидаж төхөөрдөг байсан уламжлалт зан үйл бараг л мартагдаж байна. Арьс шир идээлж боловсруулах, эсгэж оёж суух цаг зав хомсодсоноос хот хөдөөгүй бэлэн бүтээгдэхүүн рүү хошуурцгааж байна. Үүнээс болж өрх гэрийн үйлдвэрлэл ор тас хаягдаж, түүхий эд үнэгүйдэн хаягдаж байна. Хонины нэхий, ямааны арьс боодол бохины үнэ хүрэхгүй байна гэдэг юутай эмгэнэл билээ. Бүхэл бүтэн амь бүрэлгэснээ бодсон ч нэхийг боловсруулаад гаргаж буй бүтээгдэхүүний үнэ ханштай зүйрлэсэн ч арьс шир дэндүү хямд байна. Яг өнөөдрийн байдлаар түүхий эдийн ‘Эмээлт’ зах дээр хонь, ямааны арьсыг 1000 төгрөгөөр, ямааны арьс ноолууртайгаа бол 12 мянгаар, үхрийн ширийг 20-35  мянга, адууны ширийг 17 мянган төгрөгөөр үнэлж авч байна.

Ийнхүү үнэгүйдэн орхигдож буй нэхийг боловсруулан, өвөрмөц бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн нэгэн цехийг танилцуулъя. Тус цехийнхэн мянган төгрөгийн нэхийг боловсруулан идээлж автомашины суудлын бүрээс, нэхий майк, дээл хийжээ. Үндэсний үйлдвэрүүдэд том хүний нэхий дээл хямддаа л 350-550 мянган төгрөгөөр үнэлэгдэж буй бол залуус нэхий дээлийг ердөө 250 мянгаар үнэлжээ. Нэхий майк 50 мянга, нэхий суудлын бүрээс хойд урд талынхтайгаа хосоороо 200 мянга, зөвхөн, урд хоёр суудлынх бол 100 мянгаар хийж өгнө гэсэн зарыг олон нийтийн сүлжээнд байршуулсныг олон хүн дэмжжээ. Тэд өөрсдөө бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн зэрэгцээ элдсэн нэхийг 20 мянган төгрөгөөр, гар аргаар элдсэн хурганы арьсыг 25 мянган төгрөгөөр үнэлэн худалдаж байх жишээтэй. Нэхий боловсруулах техник, технологио өөрсдөө бүтээж, бас шинэлэг бүхнийг туршаад амжжээ. Энэ нь нэхийний үсэнд сор тавих. Сорлосон арьсаар гоёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байгаагаа Tsetsegdelger Samdan нүүр номдоо бичжээ. Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Нарантуулын зүүн талд байрлах арьс боловсруулах цехэд аймаг орон нутгаас захиалга ирэх нь бий. Бүр алс холын Норвеги улсаас хүртэл захиалга иржээ.

Ээжийгээ хавдар туссаныг дуулаад эко сав үйлдвэрлэжээ

Бас нэгэн өвөрмөц бүтээл үйлдвэрлэгчийг Б.Гончигдорж гэдэг. Хан-Уул дүүргийн иргэн Б.Гончигдорж модон эко саваа үйлдвэрлэх гэж хоёр жилийн турш судалгаа хийсэн бөгөөд энэ жилээс цөөн тоогоор үйлдвэрлэсэн ч эрэлт ихтэй байгаа ажээ. Энэхүү эко саванд шингэн, нунтаг бүхий л төрлийн бүтээгдэхүүн агуулж болох юм. Хамгийн түгээмэл хэрэглэгч нь хөдөөгийнхөн ажээ. Тэд  айраг цагаа, аарцаа хийх гэж модон сав авдаг байна. Харин хотынхон гурил, будаа голчлон хийдэг гэнэ.

“Эрүүл, эко сав үйлдвэрлэх санаа ээжийгээ хавдар туссан үеэс төрөх болсон. Хятадаас оруулж ирж буй хөх хуванцар савнаас болж хүмүүс хавдар тусч байгаа тухай эмнэлгийнхэн анхааруулсаар байгаа ч орлуулах сав суулга байхгүйгээс хүмүүс хэрэглэсээр л байна. Хавдар үүсгэгч хуванцаруудыг халахад хувь нэмэр оруулах хүслээр үйлдвэрлэлээ эхлүүлсэн. Экологич мэргэжил маань ч нөлөөлсөн” гэж Б.Гончигдорж өгүүлж байна. Одоогоор эко сав үйлдвэрлэх ажилдаа дөрвүүлээ зүтгэж байна. Сайн чанарын модыг шахаж, төмрөөр бүслүүрдэн бүтээсэн эко савны хамгийн том нь 120 литрийн багтаамжтай, 180 мянган төгрөгийн үнэ ханштай. Харин 20 литрийнх нь 65 мянга, 30 литрийнх нь 75 мянган төгрөгөөр зарагддаг ажээ. Үнэ ханш боломжийн, эрэлт ч муугүй байгаа хэр нь дөрвөн хүний цалин, түүхий эдийн өртгөөс шалтгаалаад айхавтар их ашиг олох боломжгүй байгааг дурдаад болдогсон бол “Шарк танк”-т оролцохсон, даанч зориг дутаад байна хэмээн өгүүлнэ лээ.

Нэхий боловсруулагч цехийн эзэн залуу ч “Шарк танк”-ын дугаар болгоныг нүүр хуудсандаа шэйрлэснээс өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрийнхэнд хөрөнгө санхүү, шинэ санал, санаачилга, маркетингийн дэмжлэг хичнээн хэрэгтэйг харж болно. Дээр өгүүлсэн үйлдвэрлэл цоо шинэ зүйл биш байж болно. Гэвч “Сайтар мартагдсаныг шинэ зүйл гэнэ” гэдэгчлэн мартагдаж хоцорсон уламжлалт зан үйлийг үйлдвэрлэл болгон хэрэгжүүлж эхэлсэн залууст талархууштай. Тэднийг дэмжих акулууд ч хэрэгтэй байна. Эс тэгвээс монгол ахуй мартагдсан дууль болох нь.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж