Сагсан бөмбөгийн 3×3 төрлийн Азийн аваргаар Монголын шигшээ баг тодорлоо. Тэд түүхийн эзэд боллоо. Тэмцээний үнэ цэнэтэй тоглогчоор Монголын тамирчин Энхбатын Дөлгөөн шалгарав.
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, 3×3 сагсан бөмбөгийн холбооноос аравдугаар сарын 27-29-ний өдрүүдэд эх орондоо дээрх төрлийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан нь өөрөө эхний том ахиц байсан юм.
Сагсан бөмбөгийн 3×3 төрөл 2020 оноос олимпод бүл нэмнэ. Тийм ч учраас Монголд зохион байгуулсан олимпийн оноо олгох тус тэмцээнд 15 улсын тамирчид ирж, өрсөлджээ. Урилгаар далайн орнуудын хүчирхэг Австрали, Шинэ Зеландын баг хүрэлцэн ирэв.
Монголын сагсчид хагас шигшээд Австралийн шигшээ багтай үндсэн цагт оноо тэнцэж, нэмэлт цагт 19:17 харьцаагаар буулгаж авсан юм. Харин аваргын төлөөх тоглолтод Шинэ Зеландын сагсчдыг 19:14 хожсоноор, монголчууд анх удаа багийн спортоор тивийн аварга болж байна.
Монголын багийн спортын түүхийг Ази тивийн аваргад хүргэж чадсан багийг Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нар бүрдүүлсэн юм.
Энэ жил Монголын сагсчдын хувьд онцгой жил болж байна.
Ашгабат-2017 Азийн танхимын болон тулааны спортын V наадмын 3х3 сагсан бөмбөгийн төрөлд өрсөлдсөн Монголын сагсчид медалийн төлөөх тоглолтод Киргизстаны багийг 22:11 харьцаатай буулгаж аван, хүрэл медаль хүртсэн.(2017.09.24).
Үүний өмнө БНХАУ-д болсон 3х3 төрлийн Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд Монголын шигшээ түрүүлсэн (2017.09.17).
Монголын багийн спортын түүхэн дэх Дэлхийн аваргын тодотголтой анхны алтан медаль, тивийн аваргын анхны алтан медаль, сагсан бөмбөгчдийн олон улсын тавцанд үзүүлж байгаа цуврал ялалт Монголын сагсан бөмбөгийг сэрээж байна.
Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны Удирдах зөвлөл 2017 оны зургадугаар сард хуралдаж, Токио-2020 олимпийн наадмын хөтөлбөрийг баталсан. Залуусын оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангах зорилго агуулсан шинэ хөтөлбөрийг олимпизмийн түүхэн дэх хувьсал ч гэж нэрлэж байгаа. Олимпийн хөтөлбөрт шинээр спортын 15 төрөл, зай, ангилал нэмэгдсэний дунд 3х3 болон дугуйн спортын чөлөөт BMX төрөл багтсан. Үүнээс өмнө ОУОХ-ноос спорт авиралт, скейтборд, бейсбол/софтбол, каратэ, серфингийн спортыг Токиогийн олимпод багтаах шийдвэрийг гаргаад байсан билээ.
Сагсан бөмбөгийн 3х3 төрөл Сингапур-2010, Нанжин-2014 залуучуудын олимпод багтсанаар олон улсын түвшинд хөгжих эхлэлээ тавьсан гэж болно.
Олимпийн хөтөлбөрт багтсан 3×3 төрөлд Монголын сагсчид цаашид амжилт гаргах боломж байгааг сүүлийн хоёр жилийн хугацаанд үзүүлсэн амжилтын цувралаас харж болно.
FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 3×3 төрлийн тэмцээнийг Мэргэжлийн, Бүсийн болон дэлхийн аваргын тэмцээн гэж 2 хуваадаг ажээ. Эдгээр тэмцээнийг тухайн жилийн дөрөвдүгээр сарын 01-нээс аравдугаар сарын 30-ны хооронд зохион байгуулдаг ба 17 гранпри, 7 “Их дуулга” тэмцээн болдог аж. “Токио-2020” олимпийн наадамд мэргэжлийн тэмцээнд тогтмол оролцож байгаа баг тамирчид оролцоно. Олимпод оролцох, амжилт гаргах боломж улам ойртож байна, сагсчид аа. Баяр хүргэе, багийн спортынхондоо.
Б.БАЯСАХ