Өнгөрч буй долоо хоног Отгонтэнгэр хайрханд амиа алдсан 17 уулчны харуусал дагуулсан ослын мэдээгээр эхэлсэн. Энэ осол нь Монголд төдийгүй дэлхийд цөөнд тооцогдох олон уулчин нэг дор амиа алдсан тохиолдол болж байна. Харин уулчдын араас гашуудан эмгэнэж байсан сэтгэл зүйг улс төрийн том дуулиан нам дарж орхилоо. Энэ нь УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц нарын нэг нэгнээ “илчилсэн” мэдэгдэл байлаа.
Уулчдын осол Монгол төдийгүй дэлхийд цөөнд тооцогдох тохиолдол байсан бол харин Ц.Нямдорж, Б.Хурц нарын харилцан мэдэгдэл нь Монголд төдийгүй дэлхийд ховорд тооцогдох тохиолдол байлаа. Учир нь, нэг улсын тусгай алба болох тагнуулын байгууллагын тэргүүн нь олны нүдэнд ил гарч, тухайлсан нэг хүний эсрэг мэдэгдэл хийнэ гэдэг бол тун ховор юм. Тэрхүү мэдэгдэлд дурдагдсан хүн улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд шууд занал учруулсаныг нотолсон бол өөр хэрэг байх байлаа.
Пүрэв гаригт гэнэт өрнөсөн энэ дуулианаар Ц.Нямдорж, Б.Хурц нар нэг нэгнийгээ улс төр, эдийн засгийн бүлэглэлд хамаарагч гэдгийг харилцан зарласан. “Ц.Нямдорж гэж хүн ямар учиртай юм бэ. Тэр Н.Алтанхуяг, Д.Дорлигжав гэсэн бүлэглэлтэй. Энэ бүлэглэл хүчтэй, мөнгөтэй, хэвлэлтэй, сайттай. Энэ бүлэглэл “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой маш их шахаа хийдэг. Баримтууд бий” гэсэн бол Ц.Нямдорж хариуд нь Б.Хурцыг “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын мэдэлд байсан 49 хувийг худалдан авахад оролцсон, уг хувийг авсан ХХБ-ны Д.Эрдэнэбилэгийн хуурай дүү хэмээн мэдэгдлээ.
Тагнуулын ерөнхий газар мэдээлэл хийх тухай зар анх тарахад С.Зориг агсны хэргийн захиалагчийг зарлана гэсэн шуум явсан ч үнэндээ Ц.Нямдорж гэдэг хүний эсрэг мэдээлэл байсан. Гэхдээ энэ хоёр хүний нэг цагийн зөрөөтэй хийсэн харилцан мэдэгдэлд огтлолцож байгаа хоёр сэдэв байгаа нь С.Зоригийн хэрэг, мөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудал юм.
“Ц.Нямдорж гуай С.Зоригийн хэргийг дандаа цагдаагаас салгаж ирсэн. Ямар санаа зорилготойг мэдэхгүй. Одоо тэр дахиад энэ хэрэг рүү орж байна. Аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу С.Зоригийн хэргээр ажлын хэсгийг тогтвортой ажиллуулах тухай заасан байдаг. Ц.Нямдорж гэж хүн энэ ажлын хэсгийг дөрвөн удаа тараасан. Улс төрийн зорилгоор. Ц.Нямдорж гуай сайд болохоороо дандаа Тагнуулын байгууллагаар оролдож эхэлдэг. Энэ хүн өөрөө хууль зөрчдөг. Одоо тэр нь эхэлж байна” хэмээн Б.Хурц хэлсэн бол “Б.Хурц С.Зоригийн хэрэгт хүмүүсийг мөчид баримтаар хилсээр шийтгүүлсэндээ сандарч байгаа” гэж Ц.Нямдорж хариу мэдэгдсэн.
Одоогоос 14 жилийн өмнө буюу 2003 оны хавар Франц улсаас Дамирангийн Энхбат гэдэг хүнийг С.Зоригийн хэрэгт холбогдуулан хууль бусаар баривчлан, Монголд авчирсан. Д.Энхбатад нойрсуулагч тариа хийн Франц, Бельги, Германы нутгаар дамжуулан Улаанбаатарт авчирсан юм. Тусгаар улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан энэ хэрэг Монголын нэр хүндэд тухайн үедээ чамгүй сэв суулгаж, хэдэн жилдээ төрийн өндөрлөгүүдийн чихийг халууцуулж, нүүрийг түлж байсан.
Энэ хэргийг гардан гүйцэтгэсэн хүн нь Б.Хурц гэдгийг мөн Ц.Нямдорж хэллээ.
Ц.Нямдорж, Б.Хурц нарын мэдэгдлүүдийн аль нь үнэн, аль нь худал байсан гэдгээс илүүтэй хууль хяналт, улсын аюулгүй байдлыг хариуцсан хоёр байгууллагын тэргүүн ийнхүү хоорондоо дайтсан нь цаашдаа ямар үр дагаварт хүргэх вэ гэдэг анхаарал татаж байна. Энэ хоёр байгууллага үндсэн үүрэг чиглэлээрээ ажилалгүй, бусдын гар дахь хутганы ир болж явах үед юу болж, хэчнээн хүний алтан амийг хилсээр авч явсаныг өнгөрсөн зууны Монголын түүхийн нэгэн үе нотолдог. Хэлмэгдүүлэлтийн гэж нэрлэдэг энэ үеийг Монгол Улс тусгаар байхын тулд Коминтерний үгээр явахаас өөр аргагүй байсан гэсэн тайлбар дагалддаг ч нийгмийн сор болсон олон мянган хүний амийг авч одсоныг зөвтгөх ямар ч шалтгаан тухайн үеийн удирдагч нарт үгүй.
Харин өнөө үед хэн нь хэний хутганы ир болж байгааг жирийн хүмүүс ойлгохгүй байна.
Төрийн өндөр албан тушаалтай, эрх мэдэлтэй нэгний амнаас “бүлэглэлийг илчлэх” гэдэг үг унадаг болоод удаж байна. Ажаад байхад илчлэх болохоороо бүлэглэлгүй, эрх мэдэлд хүрэх болохоороо бүлэглэлд байгаа ч юм шиг. Эдгээр бүлэглэл нь бас “нам дамжсан” гэдэг тодорхойлолттой. Хэчнээн бүлэглэл байгаа юм, хэн хэн нь багтдаг юм бол? Хоёр эрхмийн мэдэгдлээс харахад лав одоо дайсагналцаж буй бүлэглэлийн төлөөлөл бололтой.
Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулгын яриад байгаа 30 гэр бүл нь нэг бүлэглэл үү? Эсвэл 30 гэр бүл нь дотроо хэд хэдэн бүлэглэлд хуваагдаж байгаа юу? Бүлэглэлгүй бол эрх мэдэлд хүрч чадахгүй юу? Энэ олон асуулт жирийн иргэнд мафитай кино шиг л санагдаж байгаа. Мафитай кинон дээр л бүлэглэлийн хоорондох хайр найргүй тэмцэл гардаг. Эсвэл бүлэглэлийн төлөөлөгч хэмээн нэг нэгнийгээ “илчилсэн” төрийн эрх мэдэлтэнгүүд Монголын төр мафийн тэмцэл болсон гэдгийг нотлов уу?
Холбоотой мэдээ