Ардчиллын гялбаагүй Тайланд

Хуучирсан мэдээ: 2017.10.29-нд нийтлэгдсэн

Ардчиллын гялбаагүй Тайланд

Жил бүр БНХАУ-д зохион байгуулдаг Олон улсын циркийн “А” зэрэглэлийн тэмцээнд “Circus Mongolia Khadgaa” циркийн уран бүтээлчид амжилттай оролцон, “Хүрэл арслан” цомын эзэн болсон тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тайландын хаан Пхумипон Адульядетыг сүүлчийн замд нь үдэх оршуулгын ёслолоор нэгэн эрин дуусч, шинэ эрин эхэллээ. Гэхдээ энэ шинэ эрин Тайландын улс төр, нийгмийн тогтворгүй байдлын эхлэл ч байж мэдэх. Учир нь, армийн төмөр нударгатай генералууд улс орныг удирдаж, улс төрийн намууд нэгэнт толхилцож эхэлжээ.  

Пхумипон Адульядетыг нас барснаас хойш тайландчууд бүтэн жилийн турш гашуудаж, өнгөрсөн долоо хоногт эзэн хаанаа сүүлчийн замд нь үдсэн юм. Харин оршуулгын ёслол дууссаны дараа залгамжлагч Маха Вачиралонгкорныг хаан ширээнд хэрхэн залах нь эргэлзээ төрүүлж байгаа юм.

 

Эзэн хааны үхэл ба улс төрийн тогтворгүй байдал

 

2016 онд 88 насандаа таалал төгссөн Тайландын хаан Пхумипон Адульядет бол тайландчуудын хувьд зөвхөн хаан төдийгүй бурхан шиг тахин шүтэгдсэн хүн байв. Пхумипон Адульядет 70 гаруй жил хаан ширээнд сууж, Тайландыг захирахдаа хэд хэдэн удаа төрийн эргэлт хийх оролдлогын гэрч болж байсан ба улс төрийн нөхцөл байдал хурцадсан үед хоорондоо дайсагнасан улс төрийн намуудын хооронд эвлэрүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг байжээ. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд Тайландад 17 удаа төрийн эргэлт хийх оролдлого гарч байсан юм. Тайландын улс төрийн хямралыг энгийнээр тайлбарлавал хааны гэр бүлийнхэн, цэргийнхэн болон эрхтэн дархтнуудаас бүрдсэн дээд давхаргын элитүүд, улс төрийн өөрчлөлт шинэчлэлтийг шаардах улам бүр нэмэгдэж буй дундаж давхаргынхны хоорондох сөргөлдөөн юм.

Дээд давхаргын элитүүдийн зорилго бол үндэстэн, хаант засаглал, шашин гэсэн гурван зүйлээр тодорхойлогддог одоогийн хэмжээгүй эрхт хаант засаглалаа хадгалж үлдэх сонирхолтой. Харин хэмжээгүй эрхт хаант засаглалыг халахыг хүсэж буй дундаж давхаргынхан ядуу тариачдын дэмжлэгийг авсаар буй. Тайландын нийгэм дэх улс төрийн энэхүү туйлшрал нь өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд улам даамжирсан билээ. 2014 оны төрийн эргэлт бол олон арван жил бугшсан нийгмийн хямралын илрэл байсан юм.

Тайландын ерөнхий сайд асан Таксин Чинаватрагийн гэр бүл улс төрөөс гарч, улс орныг хунтын дэглэм захирч байгаа хямралын үед эзэн хаан таалал төгссөн нь тайландчуудын хувьд нөхөж баршгүй гарз болсон юм.

 

Урам хугалагч угсаа залгамжлагч

 

Тайландын хааны оршуулгын ёслол дууссаны дараа энэ улсад бугшиж байсан улс төрийн хямрал үндэстнийг хоёр хувааж ч мэдэхээр байна. Улс төрийн таагүй нөхцөл байдлын эх үүсвэр нь Пхумипон Адульядетын цорын ганц залгамжлагч Маха Вачиралонгкорн буюу X Раматай холбоотой. Маха Вачиралонгкорн үнэн хэрэгтээ үүрэг хариуцлагадаа үнэнч, тууштай гэгддэг Пхумипон Адульядет хааны эсрэг дүр юм. Угсаа залгамжлагч хааны хийлгэсэн шивээс, овлигогүй зан, гурван удаагийн гэрлэлт зэрэг нь тайландчуудын нүдийг орой дээр нь гаргасан билээ. Өдгөө 64 настай X Рама зугаа цэнгэлд дуртайгаас гадна ихэнх хугацааг эх орондоо биш Германд өнгөрүүлдэг тул түүнд итгэлгүй болсон ард түмний дунд Тайландын нийслэл Бангкок биш Мюнхен болсон гэдэг шог яриа хүртэл гарсан юм. Иймэрхүү үйлдлээрээ угсаа залгамжлагч Пхумипон Адульядет хааны өнгөрсөн 70 гаруй жил өргөж ирсэн хаант засаглалын нэр хүндийг сэвтүүлж эхэлсэн. Тайландын дээд давхаргын элитүүд үүнээс л айж байгаа.

‘Пхумипон Адульядетын залгамжлагч өөрийгөө эцэг шигээ алдар цуутай хаан болж чадахгүй гэдгээ ойлгож байгаа. Тайландад одоо үүсээд буй нөхцөл байдал ч түүнд ийм боломж олгохгүй. Тиймээс Маха Вачиралонгкорн Засгийн газрын зарим агентлагийг хяналтдаа авч, армийнханд хүлээн зөвшөөрөгдөхийг хичээж байгаа” хэмээн Тайландын их сургуулийн улс төр судлаач Пол Чамберс ярьжээ.  

Тайландын нийгэм бүх талаараа авторитари дэглэмд эргэлт буцалтгүй шилжиж буйг улс төр судлаачид хэлж буй. Төрийн эрхийг хэрэгжүүлж буй Тайландын хунт энэ онд бүх нийтийн сонгууль явуулна гэж мэдэгдэж байсан боловч 2018 он хүртэл хойшлуулж, удалгүй 2018 оны хоёрдугаар хагаст явуулна хэмээн зарласан юм.

2014 онд Тайландад армийнхан төрийн эргэлт хийснээс хойш энэ улсад үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө амь тавьсан гэж хэлж болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж