Төрсөн өдрийн мэнд хүргэе, Улаанбаатар

Хуучирсан мэдээ: 2017.10.29-нд нийтлэгдсэн

Төрсөн өдрийн мэнд хүргэе, Улаанбаатар

Энэхүү бодлогын шинэчлэлийн хөтөлбөрийг БШУЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр өчигдөр салбарынхандаа танилцууллаа.

Хүн хувь заяагаа, эх орон, ижий ааваа сонгож төрдөггүй. Харин ажил, амьдралын замаа өөрөө сонгодог. Ямар мэргэжил сонгох, хэнтэй ханилах,  хаана амьдрах, хэрхэн аж төрөх нь тухайн хүний сонголтоос шалтгаалан цааш өрнөдөг. Тал сайхан нутагтаа тааваараа нүүх боломж нь байсаар атал “утаатай” Улаанбаатар руу улам тэмүүлээд байгаагийн шалтгаан ердөө л энэ.  Учир нь Улаанбаатарт хүмүүсийн хүсэн тэмүүлдэг бүхэн бий.  Мэдээж гэрэл байсан газарт сүүдэр бий. Сүүдэрт даарч зогсохын оронд яаравчлан алхах, хар хурдаараа гүйх хэрэгтэй.  Хэсэг хугацааны дараа бээрэх биш дулаацахын жаргалыг мэдэрдэг шиг л гэрэл гэгээт амьдрал тэмүүлэх боломж хүн бүрт бий.

Цөөнгүй монгол хүний тэмүүлэл нь Улаанбаатар хот байсан, одоо ч, ирээдүйд ч тэмүүлсээр л байх болно. Гучаад жилийн өмнөх наймдугаар сарын Улаанбаатарыг өчигдөрхөн юм шиг л санаж байна. Тал нутгаас анх удаа гарч, их сургуулийн босго алхахаар ижийгээ дагуулаад ирж байсан тэр нэгэн намраас хойш  Улаанбаатараас холдсонгүй.  Жарны талыг улсын нийслэлд өнгөрөөх шалтаг шалтгаан надад байгаа, цаашид ч энэ хотод аж төрөхөөсөө уйдаагүй байна.  Уугуул биш суугуул иргэдээ ингэж ээнэгшин дасгатлаа Улаанбаатар хөгжсөн. Миний мэдэх ерээд оны Улаанбаатарыг өнөөдрийнхтэй зүйрлүүлэх аргагүй. Тэр үеийн нийслэл хотыг  яг тэр хэвээр нь үлдээж, шинэ хот барих байсан гэж боддог хүн цөөнгүй бий. Тэдний хувьд хэт шигүү, эмх замбараагүй олон барилга баригджээ гэж шүүмжилдэг ч Улаанбаатар дэлхийн хөгжилтэй хөл нийлэн алхсаар…

Улаанбаатарын 32 дахь дарга С.Батболдын уриа “Аз жаргалтай Улаанбаатар”. Аз жаргалын индексээрээ монголчууд дэлхийн 157 орноос 101 дүгээрт жагссан дүнд би хувьдаа итгэдэггүй. ‘Sustainable Development Solutions Network” cудалгааны байгууллагаас  уг жагсаалтыг гаргахдаа тухайн улс орны нэг хүнд ногдох ДНБ, эрүүл төрөлт, наслалт, амьдралын сонголтуудаа хийх эрх чөлөө, өгөөмөр байдал, авлигын үзүүлэлт зэрэг хүчин зүйлийг авч үзсэн байдаг. Аз жаргалыг зөвхөн гарт баригдаж, нүдэнд үзэгдэхүйц үзүүлэлтээс гадна сэтгэл ханамж, хайраар хэмждэг гэдгийг Харвардын эрдэмтэд  тогтоожээ.

1938 оноос хойш бүтэн 75 жилийн турш тасралтгүй үргэлжлүүлсэн судалгааны дүн “Аз жаргал бол ердөө л хайр юм” гэсэн дүгнэлтэд хүргэсэн байна. Хүний сэтгэлзүй, антропологи, IQ, согтууруулах ундааны хэрэглээ, гэр бүлийн харилцаа, орлогын төвшин гээд олон хувьсагчаар тооцсон судалгаа “Хүмүүс хоорондын харилцаа л хүний аз жаргалыг тодорхойлно” гэдгийг баталжээ. Эхийн хайраар дутаагүй өссөн хүүхэд бүгдийг эерэгээр хүлээн авдаг зөв хүн болон хүмүүжихийн дээр хайр дутмаг нэгнээс илүү орлого олдог гэнэ. Харин эцгийн хайр ачаалал даах, стресс давах чадварыг олгодог болохыг тогтоожээ. Харин мөнгө бол ердөө л хэрэглээ. Хүний шунал хязгааргүй хэдий ч орлого  тодорхой төвшинд хүрмэгц мөнгө чухал биш болдог гэдгийг эрдэмтэд хэлж байна. 2015 онд эдийн засгийн салбараас Нобелийн шагнал авсан эрдэмтэн Angus Deaton-ий тодорхойлсноор хүний жилийн орлого 75 мянган ам.доллараас илүү гараад ирэхээрээ мөнгөнөөс таашаал авахаа больдог гэнэ. Тиймээс мөнгө бүхнээс чухал биш гэдгийг онцгойлон анхааруулжээ.
Харин аз жаргал, халуун дулаан харилцаа, хүндлэл, итгэл сэтгэлийг юугаар ч үнэлэшгүй. Гадаадын эрдэмтдийг эрэлд мордуулсан бүхэн монгол хүмүүсийн сэтгэл зүрхэнд хадаатай төрдөг нь хамгийн том аз завшаан. Аз жаргалтай амьдралын эх үндэс болсон хайрыг түгээж гэмээнэ та бидний хүн болсны, Монголдоо төрсний, цаашлаад улсын нийслэлийн иргэн байгаагийн учир утга юм.  Аз жаргалтай хот байгуулахад сэтгэлдээ галтай иргэд бүхнээс чухал билээ.

Төрсөн өдрийн мэнд хүргэе, Улаанбаатар хотдоо, бас улаанбаатарчууддаа.

Н.Уртнасан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж