Олон улсын зах зээлд сүүлийн үед олноор бий болж байгаа БитКойн /BitСoin/, Итериум /Ethereum/ зэрэг криптовалютуудаар төлбөр, тооцоо гүйцэтгэх, арилжаа хийх нь нэмэгдсээр байна.
Тэгвэл энэ нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулиар зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагаа юм байна. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан мэдэгдэлд ‘Японоос гаралтай БитКойн цахим орчинд гарч ирснээс хойш олон зуун криптовалют бий болоод байгаа ч дэлхийн улс орнууд бодлого, зохицуулалтын нэгдсэн шийдэлд хараахан хүрээгүй байгаа юм. Санхүүгийн зохицуулах хороо энэ чиглэлээр дэлхий нийтийн хандлагыг ажиглан, эрх зүйн орчны судалгаа, тооцооллыг хийж байна’ гэжээ.
Үүний хажуугаар криптовалют нэрээр олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж, ашиг хонжоо олох үйл ажиллагаа хийгдэж байгааг анхааруулж, ийм зүйлд хууртахаас сэрэмжлэхийг зөвлөжээ.
Тухайлбал Уанкойн /Onecoin/ үүний нэг жишээ юм. Тайланд, Герман, Унгар, Мальт, Хятад, Бельги, Энэтхэг зэрэг орнуудад Уанкойнтой холбоотой үйл ажиллагааг хориглох, таслан зогсоохоо мэдэгдээд байгаа юм байна.
Г.Түшиг