Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан ялагдлаа хүлээж, намын даргаа өгөхөөр болсон М.Энхболдын дараах шинэ даргаа тодруулах МАН-ын 28 дугаар Их хурал болоход хориодхон хоног үлджээ. МАН-ын даргын сунгаанд өрсөлдөхөөр өөрийгөө сойж байгаа улстөрчдийн тоонд У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбат, Ө.Энхтүвшин, Ц.Нямдоржийн нэрс орж байгаа.
Гэвч, эндээс намаа хоёр хуваачихалгүй, сэлэм бариад давхиад байлгүй Монголын улс төрийн ууган институцийг аваад явчих чадвартай, чадалтай улстөрч хэн байж болох вэ гэдэг МАН-ынханд чухал үйл явдал.
Ямар ч байсан 2012-2016 онд эрх мэдлийн тойргийн гадны үлдсэн намаа 2016 оны УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй олонх болгосон нь М.Энхболдын гавъяа биш юм аа гэхнээ гай биш. УИХ-д намаа үнэмлэхүй олонх болгосон М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд өвдөг шороодсон цагаасаа хүний өөрийн нохдодоо бөөрлүүлж, дайруулж ирсэн ч өндөөрийг хүртэл нэг үг хэлээгүй яваа нь Монголын төрд бэлтгэгдсэн улс төрийн төлөвшилтэй нь холбоотой биз. Улс төрийнх нь зорилгодоо хүрэх гэсэн У.Хүрэлсүхийг тэр буруутгасан үг хэлээгүй л байна.
Харин 28 дахь ИХ хурлынхаа индэр дээрээс улс төрийн улаан хэрүүлд авсан намынхандаа хандаж тэр юу хэлэх бол. Жаран тэрбумын наймаа, МАНАН бүлэглэл гэсэн эх адаггүй улс төрийн үйл явдлын талаар спикер М.Энхболд юу хэлэх нь үнэндээ сонин байна.
Өчигдөрхөн л өрөөнийх нь үүдэнд дугаарлаж суусан намын нөхөд нь өнөөдөр урваж, шарваж М.Энхболдыг нүүрээ дараад ‘чичилж’ сууна. Гэвч, үнэндээ улс төрд ялагдаж, ялдаг нь улстөрч хүн болгоны туулдаг хувь заяа. Энэ удаад М.Энхболд намын тамгаа хэн нэгэнд өгөх нь баараггүй болсон ч тэр намын нэр нөлөөтэй лидер хэвээрээ үлдэх биз. Тэр цагаа болохоор ухарч чаддаг цаг нь ирэхээр давшилж чаддаг улстөрч гэсэн дүгнэлтийг намынхан ч өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг.
Ийнхүү эрх баригч нам Их хуралдаа бэлтгэж байна. Зүүний чиглэлийг үзэл баримтлалаа болгосон МАН-ын улс төр дуусаагүй байна.
Б.БАТ
Холбоотой мэдээ