Тариа хэрэглэж үргүй болж байна

Хуучирсан мэдээ: 2017.10.29-нд нийтлэгдсэн

Тариа хэрэглэж үргүй болж байна

“Цэвэр агаар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор утаагүй эко түлш бэлтгэх үйл ажиллагааг хэд хэдэн компани хариуцаж байна.

Дэлхийн хамгийн шилдэг бодибилдингийн тамирчныг шалгаруулдаг ‘Мистер олимпиа’ тэмцээнээс Монголын хоёр тамирчин мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ. Эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн Ш.Амарсайхантай бодибилдингийн спортын талаар ярилцлаа. Тэрбээр уг спортоор хичээллээд 18 жил болж байгаа бөгөөд улсын гурван удаагийн аварга болж байсан туршлагатай тамирчин юм.


-Сайн байна уу? Юуны өмнө баяр хүргэе. Монголдоо хэзээ ирсэн вэ?

-Тэмцээн маань өчигдөрхөн /2017.10.26/ дууссан. Хорь гаруй кг хасаж оролцсон болохоор эрүү зуураад ярихад хэцүү байгаа шүү.

-Ойлголоо. Тэмцээнийхээ талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч?

-Азийн ‘Mr.Olympia Amateur 2017’ тэмцээнд оролцоод ирлээ. Энэ тэмцээнд өндөр зэрэглэлийн буюу олон жил хичээллэсэн тамирчид оролцдог. Нэг ёсондоо Азийн олимп гэсэн үг. Тэмцээн энэ сарын 22-26-ны өдрийн хооронд Хонгконгод болсон. Азийн 21 орны 450 тамирчин өрсөлдлөө.  Монголоос 10 хүний бүрэлдэхүүнтэй баг явсан. Үүнээс найм нь тамирчин, хоёр нь арын албанд ажилласан. Яг бодибилдингийн ангилалд Монголоос анх удаа медаль аваад ирлээ. Би өөрөө 65 кг-ийн жинд хүрэл медаль, манай МУ-ын гавьяат тамирчин Г.Дорж 70 кг-д мөнгөн медаль авсан.

-Энэ спортоор хичээллээд хэдэн жил болж байна?

-Би 2003 онд бодибилдингийн багш, дасгалжуулагчаар ‘Аварга’ биеийн тамирын дээд сургуулийг төгссөн. Хичээллээд бол 18 жил болж байгаа. Одоогоор ‘Хар ирвэс’ клубт харьяалагддаг.

-Бодибилдингийн спорт, фитнесс хоёр тусдаа ойлголт уу?

-Бодибилдингийн спортыг 100 хувь гэж үзвэл дотор нь гурван хэсэгт хуваадаг. Үүнээс 70 хувийг нь эрүүл, хөдөлгөөнтэй байж өвдөхөөс урьдчилан сэргийлэх фитнесс урсгал эзэлдэг. Харин 20 хувь нь эмчилгээний бодибилдинг буюу гэмтсэний дараа нөхөн сэргээх, сахарын өвчтэй хүн яаж эрүүл болох вэ гэх мэт. Үлдсэн 10 хувь нь цэвэр спорт буюу том булчин хөгжүүлдэг, өндөр зэрэглэлийн тамирчид байдаг. Энэ гурвыг нийтэд нь бодибилдингийн спорт гэж нэрлээд байгаа.

-Та тэмцээнд оролцохдоо 20 кг хассан гэлээ. Хэр их хугацааны дотор энэ хэмжээний жин хасдаг вэ?

-Хоолны дэглэм, бэлтгэл, амралтаа зохицуулж байж гурван сарын хугацаанд 20 кг хассан. Бодибилдингийн спортоор амжилтад хүрэхэд хамгийн чухал гурван зүйл байдаг. Хоол, амралт, бэлтгэл гурав бол тулгын гурван чулуу гэсэн үг. Зарим мэдээлэлд хоол 70 хувь, бэлтгэл 30 хувь гэсэн байдаг. Үнэндээ хоол, бэлтгэл, амралт гурав нь гурвуулаа 100 хувь байх ёстой. Ингэж байж л амжилтад хүрдэг.

-Фитнессээр хичээллэж байгаа хүмүүс уураг хэрэглэж байгаа харагддаг. Мэргэжлийн тамирчид ч уургийг хэрэглэдэг үү?

-Хэрэглэлгүй яахав. Уургийг хүмүүс маш том эндүүрдэг. Уураг уухаар булчинтай болдог гэж бодоод байдаг. Гэтэл уураг бол хүний булчингийн тоосго. Өндөг, үхрийн мах, гурил гээд бүх зүйлд уураг байдаг. Эдгээрийг спортын эрдэмтэд судлаад хурдан хугацаанд шингэдэг болгоод гаргаад ирсэн бэлдмэлийг нунтаг уураг гээд байгаа юм. 30 минутын дотор 50, 60 тонн төмөр өргөсний дараа уураг маш их хэрэгтэй байдаг. Үүнийг бэлтгэлийн дараа тодорхой хэмжээний хурд хожих гэж л уудаг.

-Нунтаг уураг олон төрөл байдаг уу?

-Хурдан, удаан шингэдэг гэдгээрээ л өөр байдаг. Шар сүүнээс гаргаж авсан уургийг шар сүүний уураг гэдэг. Энэ нь хүний биенд ороод 30 минутын дотор маш хурдан задраад булчинд очдог. Сүүнээс гаргаж авсан уураг нь найман цагийн турш хүний биед бага, багаар задарч тэжээдэг. Үүгээрээ л ялгаатай. Харин булчингаа заалан дотор төмөр өргөж байж л задална. Эргүүлээд булчиндаа хурдан хугацаанд уураг өгч байж барилгаа барина гэсэн үг.

-Сонирхогчийн түвшинд фитнессд явж байгаа хүмүүс уураг хэрэглэхэд зүгээр үү?

-Хэрэглэж болно. Зүгээр ажлаа хийж байгаа хүн ч уураг хэрэглэж болно. Энгийн хүн өдөрт нэг грамм уураг авах ёстой байдаг. Жишээ нь 100 кг жинтэй хүн байлаа гэхэд өдөрт 100 грамм уураг авч байж жингээ хадгалаад ажлаа хийх эрч хүчтэй явна. Яагад гэвэл уураг гэдэг чинь булчингийн тоосго юм. Харин тамирчид биеийн хүнд хөдөлмөр бусдаас илүү хийж байгаа. Тэгэхээр өдрийн хэрэгцээний уураг илүү шаардлагатай. Мэдээж ямарваа нэг юм хэтрүүлбэл хортой.

-Зарим тамирчид тариа хэрэглэдэг гэж сонссон юм байна?

-Би энэ тарианы эсрэг байдаг хүмүүсийн нэг. Маш буруу зүйл байгаа юм. Тамирчдын дунд энэ талаарх мэдээллийг маш их цацаад, үүгээр дамжуулж тарианы бизнес дэлгэрдэг. Тариаг зарж байгаа хүмүүс тодорхой хэмжээний мөнгө олох хэрэгсэл болгоод байгаа. Энэ талаар сайн, муу ямар ч мэдээллийг тамирчин хүн ярих ёсгүй байдаг юм.

-Гэхдээ энгийн фитнессээр хичээллэж байгаа хүмүүс хүртэл энэ талаар мэддэг болсон байна. Муу үр дагавар нь юу байдаг юм вэ?

-Спортын гол юм чинь шударга өрсөлдөөн шүү дээ. Чиний өдөрт 0.001 граммаар ялгарч байх ёстой бодисыг тариагаар дамжуулж өдөрт шууд нэг граммыг шахдаг гэсэн үг. Тэгэхээр би чамтай өрсөлдөхөд маш хэцүү болно биз дээ. Зохиомлоор хүч ороод, бяртай болно. Ер нь бол энийг хэрэглэснээр түрүү булчирхайн эмгэгтэй болно. Үргүй болгодог. Дээрээс нь задардаггүй химийн бодис учраас элэг шүүж чаддаггүй. Тэгээд элэг өвчилснөөр үхэж эхэлнэ гэсэн үг. Маш олон тамирчид үүнээс болж хохирчихоод  тарианаас боллоо гэдгээ хэлдэггүй. Цаана нь маш том бизнес явагддаг. Ёс зүйтэй тамирчид нь өөрсдөө хэрэглэдэггүй юм.

-Ярилцсанд баярлалаа


Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж