Жинхэнэ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2017.10.29-нд нийтлэгдсэн

Жинхэнэ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хэн бэ?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоо болон 2017 оны төсвийн тодотголд 55 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдад нөхөн олговор хэлбэрээр тараах заалтад Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан бөгөөд үүнийг танилцуулахдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “бид хориг тавина” гэсэн нь цахим ертөнцөд багагүй шүүмжлэл дагуулав. Өөрөөр хэлбэл, Монгол Улс албан ёсны болон албан бус хоёр Ерөнхийлөгчтэй болсон уу эсвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын эрх мэдлээс З.Энхболд хуваалцаад эхэлсэн үү гэсэн асуултыг олон хүн тавьж байна.

Ерөнхийлөгчийн сонгуулиас хойшхи Монголд өрнөж буй улс төрийн үйл явдлыг хөндлөнгөөс ажиглахад Ерөнхийлөгч Х.Баттулгын дүр бүдгэрч, Тамгын газрын дарга З.Энхболдын тоглолт хэтрэх болсон. Ерөнхийлөгчийн бодлогыг тайлбарлах ёстой Тамгын газрын дарга нь Ерөнхийлөгчийн өмнөөс ярих болсон нь Монгол Улсын жинхэнэ Ерөнхийлөгч нь хэн бэ гэдэг эргэлзээг үүсгээд удаж байна.

Үнэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зөвхөн хүн шагнадаг төдий,  харин түүний бодлогыг танилцуулах ёстой Тамгын газрын дарга нь өмнөөс ярьдаг ‘том хүн’ болсон байна гэвэл бодит байдлаас хол зөрөхгүй.

Тэгвэл өнгөрсөн пүрэв гаригт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ТЕГ-ын дарга Б.Хурцын мэдээллийн араас тайлбар хийхдээ “Би Б.Хурцыг соль гэж Ерөнхий сайдад хэлээд” байгаа гэсэн нь мөн л Монгол албан болон албан бус хоёр Ерөнхий сайдтай болсон уу гэсэн сэтгэгдэл олон хүнд төрүүлсэн юм.

Н.Энхбаяр эсвэл О.Баасанхүү гээд өөрийг нь шүүмжилсэн болгоны хариуг тэр дор нь өгдөг нь Ц.Нямдорж сайдын хувьд гэм биш зан. Түүний хувьд хүний шүүмжлэл хүлээж сураагүй хүн гэхэд буруудахгүй. Тэр утгаараа ТЕГ-ын даргын хийсэн мэдэгдэлд эмзэглэсэн тэрбээр ‘Түүний соль’ гэж албан бус үүрэг Ерөнхий сайдад өгснөө өөрөө ам алдчихлаа.

Ийнхүү Монголын улс төрийг хөшигний араас удирддаг “хаан”-ууд төрж байгаа нь Монгол Улсад Үндсэн хуулийн өөрчлөлтийг  яаралтай хийж, төрийн албан байгууллагуудыг байр байранд нь тавих цаг болсныг харуулж байна. Учир нь Ерөнхийлөгчөөсөө том дуугардаг, тэдний өмнөөс улс төр хийдэг Тамгын газрын дарга, Ерөнхий сайддаа үүрэг өгдөг танхимын сайд байж болохгүй биз дээ.

Эцэст нь ахиад асууя, энэ улсын жинхэнэ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь хэн юм бэ? Эрх ашгаа нэгд тавьсан улс төрчид эрэмбэгүй, ёс суртахуунгүй улс төрийг балиашигласаар байх юм уу, тэгээд?

Ж.Эрхэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж