Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Сөүлийн гудамжинд “Аз жаргалтай Улаанбаатар”-ыг илтгэсэн гурван хөшөө байрлуулав.
Хөшөөг уран барималч Л.Гантөмөр, Т.Даваасамбуу нар бүтээсэн байна. Хөшөөний нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд оролцсон юм. Тэрбээр “Дэлхийн томоохон хотууд түүхэн хөшөө дурсгалаас гадна хүмүүсийн анхаарлыг татахуйц, амьдралд ойр уран баримлаар баян байдаг. Бид ч нийслэлээ орчин үеийн хот болгон хөгжүүлэхийн тулд өгүүлэмж, утга агуулга сайтай, орчин үеийн уран баримлаар гудамж талбайгаа чимэх нь зөв. Энэ ажлыг цаашид ч үргэлжлүүлнэ. Нөгөөтэйгүүр бид нийслэлийнхээ түүхэн газруудыг хадгалж, хамгаалж үлдэхэд анхаарах ёстой. Нийслэлийн иргэдийн зүгээс түүхийн дурсгалт барилга, байгууламжийг буулгах, өөрчлөхийг ихээхэн эсэргүүцдэг. Тиймээс бид түүхийн дурсгалт барилга байгууламж, хөшөө дурсгал хийгээд гудамж талбайг засч тохижуулан, орчин үеийн шийдэлтэй уялдуулахад анхаарах болно” гэлээ.
Сануулахад нийслэлд нийт 230 гаруй хөшөө дурсгал, түүхт газрууд байдаг аж.
Т.НОМИН