Чечень гаралтай ижил хүйстэн дуучин ижил хүйстнүүдийг үзэн ядагчдын гарт амиа алдсан байж магадгүй гэж Оросын хүний эрхийн байгууллага эмээж байгаа гэнэ.
26 настай поп дуучин Зелимхан Бакаев эгчийнхээ хуриманд оролцохоор наймдугаар сард Москвагаас Чеченийн Грозни хот руу яваад сураггүй алга болсон юм.
“Хүн сураггүй алга болчихоод байхад цагдаагийн байгууллага эрэн сурвалжлахаас татгалзсан хариу өгсөн нь бидний санааг зовоож байна” хэмээн Оросын “Memorial “ хэмээх хүний эрхийн томоохон байгууллагын төлөөлөгч Олег Орлов баасан гаригт (2017.10.27) Франс-пресс агентлагт мэдээлжээ.
Наймдугаар сараас хойш сураггүй болсон ижил хүйстэн залууд юу тохиолдсон нь оньсого хэвээр байгаа бөгөөд Оросын хүний эрхийн байгууллагууд болон хэвлэлүүд Чеченийн цагдаа, хүчний байгууллагынхан Зелимхан Бакаевыг хулгайлсан байж болзошгүй гэж таамаглаж байгаа юм.
Бакаевын ээж Чеченийн эрх баригчдаас хүүг нь эрэн сурвалжилж өгөхийг хүссэн боловч цагдаагийн байгууллага юу хийхгүй байгаа ажээ.
Есдүгээр сард нэгэн үл таних этгээд түүний клипийг YouTube хуудсанд оруулж, түүнийг Германд “байгаа” гэж бичсэн нь энэ хэргийг улам ээдрээтэй болгосон билээ. Бэлгийн өөр чиг баримжаанаас болж Чечениэс амь дүйж дүрвэсэн ижил хүйстнүүд цагдаа нарт зодуулж, тогонд цохиулсан тухай анх “Новая газета”энэ оны гуравдугаар сард мэдээлж байсан юм.
Н.Энхтуяа