Сүүлийн өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл олон нийтэд хүрч, нийгмийг нилээдгүй бухимдуулаад байна. Энэ асуудлын эргэн тойронд нөхцөл байдал ямар байгаа, цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байгаа ажил, арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Амарсанаагаас тодрууллаа.
-Сүүлийн үед цахим хэрэгслээр гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн тухай олон нийтэд мэдээлэл хүрэх боллоо. Шинээр батлагдсан хуулийн хэрэгжилт, энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ ?
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа. Дээрх хуулийн зохицуулалтаар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах төрийн байгууллагуудын чиг үүргийг тодорхой заасан. Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг заавал мэдээлэх үүрэгтэй субъектүүдийг зааж өгсөн, хүчирхийллийн шинжийг Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд хоёуланд нь тусгасан. Мөн Засаг захиргааны хамгийн бага нэгж болох сум, хорооны засаг даргаар ахлуулсан “Хамтарсан баг” ажиллахаар заасан зэрэг ач холбогдолтой олон зохицуулалтыг хуульчилж өгсөн. Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд улсын хэмжээнд энэ оны эхний 9 сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 824 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 242 нэгжээр буюу 22.7 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.
-“Хамтарсан баг” ажиллах талаар та тодруулж ярьвал?
-Дээрх хуулийн 20 дугаар зүйлд “Хамтарсан баг”-ын чиг үүргүүдийг заасан байгаа. Тухайн сум хорооны Засаг даргын ахалж, гишүүдэд өрхийн эмч, сум хорооны болон сургуулийн, халамжийн, хүүхэд, гэр бүл, хөгжлийн хэлтсийн нийгмийн ажилтнууд, цагдаагийн алба хаагч энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл ажилладаг.
“Хамтарсан баг” нь гэр бүлийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтэд зориулсан сургалт, сурталчилгааг зохион байгуулах, хүчирхийлэлийн болзошгүй эрсдэлтэй гэр бүлийг илрүүлэх, мэдээлэх, нөхцөл байдлын үнэлгээг үндэслэн хүчирхийллийг таслан зогсоох үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлдэг. Мөн хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх, нийгмийн халамж үйлчилгээ үзүүлэх, холбон зуучлах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах зэрэг үүрэг хүлээдэг. “Хамтарсан баг”-ын гишүүнд ажиллаж байгаа цагдаагийн алба хаагч нь тухайн багийн бусад гишүүд болон иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй иргэдийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу үйлчилгээ үзүүлэх арга хэмжээ авдаг.
-Одоо улсын хэмжээнд хэдэн хамтарсан баг ажиллаж байна вэ?
-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гаргасан судалгаагаар улсын хэмжээнд 609 хамтарсан баг 4684 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа ба тус газрын даргын “Хамтарсан багийн гишүүдийн чадавх бэхжүүлэх сургалтын модуль, хөтөлбөр, арга зүй боловсруулж, сургалт зохион байгуулах тухай” А/25 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд ажиллаж байгаа бүх гишүүдийг сургалтанд хамруулсан байна.
Цаашид “Хамтрасан баг”-ийн үйл ажиллагааг улам идэвхжүүлэх, иргэдийг гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд тухайн багийг мэргэжлийн удирдлагаар тогтмол хангах үүрэгтэй “Хамтарсан баг”-ийн ахлагч болох сум, хорооны Засаг даргын манлайлал, төсөв, санхүүгийн таатай орчинг бүрдүүлэх төрийн оновчтой шийдвэртэй хослон хэрэгжвээс энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажил бодит үр дүнд хүрнэ гэж үзэж байна.
Эх сурвалж: ЦЕГ