“Тамхи үйлдвэрлэгчид монголчуудыг хайрлахгүй”

Хуучирсан мэдээ: 2017.10.28-нд нийтлэгдсэн

“Тамхи үйлдвэрлэгчид монголчуудыг хайрлахгүй”

Зенани Мандела Соуэто хотод болсон тоглолтоос буцаж явсан бөгөөд түүний сууж явсан автомашин замын хаалт мөргөснөөс болж осолдсон юм.

ОХУ-ын Иргэний танхимын гишүүн Дмитрий Носов Монголд ирж, Тамхины хяналтын тухай хуулийг боловсронгуй болгох, тамхины хэрэглээг бууруулах чиглэлд  зөвлөгөө өгсөн төдийгүй өчигдөр (2017.10.27) Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзсан юм.  Дмитрий Носов ОХУ-ын Төрийн Думын гишүүн байхдаа 40 орчим хууль санаачилж батлуулсны дийлэнх нь эрүүл мэндийн чиглэлийн, тэр дундаа архи, тамхи, хар тамхины эсрэг хуулийг санаачлан батлуулсан байна. Тэрбээр ОХУ-ын Гавьяат тамирчин, 2004 оны Афиний олимпийн наадмын хүрэл медальт, жүдо бөхийн тамирчин хүн юм. Мөн “Антидилер” нэртэй төрийн бус байгууллага байгуулан хар тамхины хэрэглээг бууруулах чиглэлд хүчин зүтгэж буй нийгмийн зүтгэлтэн юм. Ингээд Дмитрий Носовын  яриаг  хүргэе.

“Барууны орныхны түгээсэн балаг-хар тамхи”

-ОХУ-д Иргэдийг тамхины утааны хор хөнөөлөөс болон тамхины хэрэглээний үр дагавраас хамгаалах тухай хуулийг 2013 онд баталсан. Энэхүү хууль нь ДЭМБ-ын Тамхины хяналтын тухай суурь конвенцийг тусгаснаараа онцлог хууль болсон. Хуулийг санаачлан боловсруулахдаа бид бусад улс орны  сайн туршлагуудыг судалсан.  Хууль баталсны үр дүн богино хугацаанд  харагдаж байгаад баяртай байдаг.  Хууль батлагдахаас өмнө 2009 онд ДЭМБ-аас ОХУ-ын насанд хүрсэн хүмүүсийн 39.4 хувь нь тамхи татдаг болохыг тогтоосон байдаг. Тэгвэл хууль батлагдсанаас гурван жилийн дараа буюу 2016 онд явуулсан судалгаагаар тамхи татагчдын хувь 30.9 болж буурсан. Энэ нь нийт хүн амын дунд хэрэглээ 8.5 хувиар буурсан төдийгүй тамхи татдаг хүмүүстээ хамаатуулж хэмжвэл 21.5 хувиар буурсан гэсэн үг юм.
Монгол Улс Тамхины хяналтын тухай хуультай байгаа нь сайн хэрэг. Гэвч уг хуульд дутуу тусгасан, хэрэглээг бууруулахад чиглэсэн зүйл заалт дулимаг байгаа нь анзаарагдлаа. Миний ажигласнаар Монголын үйлчилгээний байгууллагууд бүгд “Тамхины өрөө”-тэй байж болохыг хуульдаа тусгасан нь маш буруу. Энэ чинь тамхи татдаггүй хүмүүсийг давхар хордуулах аюултай. Манай улсад жилд 8-10 мянган хүн дам тамхидалтаас болж амь насаа алддаг байсан. Үүнийг цаашид бодолцох ёстой.

Дэлхий нийтийн хэмжээнд тамхи үйлдвэрлэлээр тэргүүлдэг улс орнууд бол АНУ, Англи, Япон. Манай улсад худалдаалж буй тамхины 92 хувийг дээрх  гурван оронд үйлдвэрлэсэн тамхи  эзэлдэг. Тэдгээр орны төлөөлөгчид улс орнуудад тархан суурьшиж, тамхины борлуулалт хэрэглээг улам нэмэгдүүлэхэд анхаарч байдаг нь харамсалтай. Монголд л гэхэд  Америкийн худалдааны танхим байгуулагдсан байна. Тэд энд тамхи үйлдвэрлэгчдийнхээ сонирхол, эрх ашгийг хамгаална уу гэхээс тэдэнд жирийн монгол хүний эрүүл мэнд, аз жаргалын асуудал огт хамаагүй.

 

-Тамхины хэрэглээг бууруулахад чиглэсэн хамгийн үр дүнтэй арга юу вэ?
-Тамхины онцгой албан татварыг нэмэх нь хамгийн үр дүнтэй арга байдаг. Энэ тухай би Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзахдаа хэлсэн. Тамхины ОАТ-аас төвлөрүүлсэн мөнгөөрөө тулгамдсан асуудлаа шийдэж болно. Монгол Улсад нэн түрүүнд хог шатаах, боловсруулах үйлдвэр байгуулах шаардлагатай санагдлаа. Монголчууд эрүүл, эрч хүчтэй, амьдралын зөв хэв маягтай аж төрөх боломж бий.  Бид ч тийм хөрштэй байхыг хүсч байна.

-Хар тамхины аюул хөнөөл улам бүр газар авсаар байна гэдэгтэй та санал нийлэх үү. ОХУ-д байдал ямар байна вэ?

-1991 онд ОХУ-д 50 мянган хүн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг байсан бол одоо энэ тоо долоон саяд хүрээд байна. Богинохон хугацаанд 140 дахин нэмэгдсэн гэсэн үг. Барууны улс орныхон манай улсад нэвтрүүлсэн хар мөр бол хар тамхи гэж би хувьдаа хардаг. Байгалийн баялаг, эрдэс түүхий эдийг олборлоод зогсохгүй хар мөр татуулдаг энэ мэт аюулаас Монголын ард түмэн ч болгоомжлох ёстой. Үндэсний эрх ашиг гэдэг бол бүхнээс дээгүүр байх ёстой.

“ТамхиНЫ ДАЛД  сурталчИЛГАА ГАЗАР АВЧ БАЙНА”

ОХУ-ын Иргэний танхимын гишүүн Дмитрий Носовтой хамт Монголд ирж, тамхины хэрэглээг бууруулах, тамхины хяналтын хуулийг боловсронгуй болгоход чиглэсэн зөвлөгөө санамж өгсөн хүн бол Виктор Зыков. Тэрбээр ОХУ-ын ЭМЯ-ны Урьдчилан сэргийлэх анагаах ухааны ЭШХ-ийн секторын эрхлэгч юм. Тэрбээр хэлэхдээ:

-Манай улсад Иргэдийг тамхины утааны хор хөнөөлөөс болон тамхины хэрэглээний үр дагавраас хамгаалах тухай хууль батлагдсанаар тамхи татагчдын тоо 21.5 хувиар буурсан. Мөн өсвөр насандаа тамхи татаж буй хүүхдүүдийн тоо хоёр дахин багассан. 2004 оны статистикийг 2015 онтой харьцуулахад 13-15 насны хүүхдүүд дунд тамхи татаж буй хүүхдийн тоо хоёр дахин буурсан гэсэн үг. Энэ бол зөвхөн хууль батлагдаад гарсан үр дүн гэж ойлгож болохгүй. Суурь цогц арга хэмжээг авч явуулсны нөлөө юм. Тамхины хэрэглээг бууруулахын тулд хамгийн түрүүнд анхаарах зүйл бол реклам, сурталчилгаа. Тамхины тухай сурталчилгааг бүрмөсөн хориглох хэрэгтэй. Мөн гоёмсон хайрцагтай тамхиар хүмүүсийн, тэр дундаа хүүхэд, өсвөр үеийнхний, эмэгтэйчүүдийг татах бодлогыг тамхи үйлдвэрлэгчид барьж байдаг. Эрээн алаг цэцэгс, сонирхол татахуйц зургаар чимэглэн гаргах нь тамхи үйлдвэрлэгчдийн хэрэглээгээ нэмэгдүүлэх гэсэн маркетинг шүү дээ. Охид, эмэгтэйчүүдийг татахын тулд нарийн, чамин тамхи үйлдвэрлэж байна. Бүсгүй хүн гоолиг, тансаг  байхыг чухалчилдаг. Тэр хүсэлд нь тохируулж нарийн тамхи гаргаж байх жишээтэй. Тиймээс ДЭМБ-аас “Ижил, энгийн хайрцаг”  гэсэн стандартыг дэлхий нийтийн хэмжээнд нэвтрүүлэхийг уриалж байгаа.

Мөн тамхийг ил тавьж худалдан борлуулахыг болиулах хэрэгтэй. Манай улсад тамхийг ил тавьж зардаггүй, зориулалтын газарт  хаалттай тавиурт тамхиа борлуулдаг болсон.  Ил тавин зарж буй тамхи байнга нүдэнд өртсөнөөр тамхи татах нь ердийн, байдаг л зүйл мэт сэтгэгдлийг төрүүлэх болно. Хүнийг үхэлд хүргэдэг бүтээгдэхүүнийг сурталчлах, ил задгай байршуулах нь зохисгүй.

Дэлхий дээр тамхинаас хамааралтай өвчний улмаас жил тутам 400 мянган хүн нас бардаг гэсэн тоо бий. Тэдгээр 400 мянган хэрэглэгчээ нөхөхийн тулд тамхи үйлдвэрлэгчид янз бүрийн сурталчилгаа, реклам, мессежийг дэлхий нийтээр цацаж байгааг мартаж болохгүй. Залуучуудын даган дуурайдаг урлаг, соёлын одуудыг сурталчилгаанд ашиглах нь түгээмэл байдаг. Тамхины хэрэглээг хумих бас нэг чухал арга бол үйлдвэрлэгчид, имдортлогчдын татварыг нэмэх юм. Тамхи өдөр тутам, зайлшгүй хэрэглэх хүнс биш учраас үнэтэй байх ёстой гэлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж