Долоо хоногийн онцлох ярилцлага

Хуучирсан мэдээ: 2017.10.27-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох ярилцлага

Барилгын улирал ерөнхийдөө дуусчихлаа. Гэхдээ ажил нь дуусах тийшээ хандаж байсан намар цагаар, сүүлийн нэг, хоёрхон сарын дотор их зүйл болсон гэсэн дүгнэлт тавиулаад өвөлтэй золгов.

Ц.Нямдорж: Бүлэглэлийн гол хүн нь Б.Хурц

 

ТЕГ-ын дарга Б.Хурц өнөөдөр Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой холбоотой мэдээлэл хийж, түүнийг “С.Зоригийн хэрэг дээр шалгах ажиллагаа явуулсан ажлын хэсгийг өнгөрсөн 19 жилийн хугацаанд 10 удаа тараасан. Дөрвийг нь Ц.Нямдорж сайдаар ажиллаж байхдаа тараасан, ‘Эрдэнэт’ үйлдвэрт шахааны бизнестэй. Сайдаар ажиллах бүртээ Тагнуулын байгууллагаар оролдож, “Эрдэнэт” үйлдвэрт 42 сая ам.долларын шахаа хийж байсан. УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг,  Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжав нарын хэргийг хааж” байсан гэхчлэн мэдээлэл хийсэн юм.

Энэ мэдээллийн хариуд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Тэрбээр,

-Б.Хурц хэвлэлийн хурал хийсэн гэж сонссон. Зул бөхөхийнхөө өмнө бадамлаж асдаг. Тэр л болж байгаа болов уу. Би УИХ-д байр сууриа хэлсэн. Намд үйлчилдэг хууль хяналтынхныг илчилнэ гэж. Тэр бүлэглэлийн гол зохион байгуулагч нь Б.Хурц л даа. Өөрийгөө солигдохоо мэдчихээд тэгж байна. Энэ асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Нэг цагийн дотор амжиж энэ асуудлыг шийднэ. Надад хэлж амжаагүй үг байгаа. ‘Эрдэнэт’-ийн 49 хувийг ийш тийш болгох ажиллагаанд Б.Хурц оролцсон шүү. Д.Эрдэнэбилэг гэдэг хүний хуурай дүү. Ийм оролцоотой, ийм учиртай юм. ‘Эрдэнэт’-ийн асуудлаар шийдвэр гаргахаас урьтаж тэд нар ийм мэдээлэл хийж байгаа юм байна л даа. 

Үүний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө

-Таныг “Эрдэнэт” үйлдвэрт 42 сая ам.долларын шахаа хийсэн гэж мэдэгдлээ. Хүү Н.Анхбаярынхаа талаар мэдээлэл өгөөч?

-Миний хүү Н.Анхбаярын тухай мэдээлэл гарч байсныг олон нийт мэдэж байгаа. Харин тэр нөгөө Анхбаяр нь бол миний багшийн хүүхэд. Намайг тагнахын тулд тэр Анхбаяр дээр ТЕГ ажиллагаа хийсэн. Намайг бүтэн жил тагнасан. Би хууль, хяналтын байгууллага толгой дээр гараад байна гэж хэлээд байгаа чинь энэ шүү дээ. Би Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг байхад Б.Хурцыг дагуулж ороод, хууль бус тагнуул хийж байна гэдгийг нь хэлж байсан. Тагнуулын байгууллага гадаад тагнуул, сөрөх тагнуул гэсэн хоёрхон эрхтэй газар. Гэтэл өнөөдөр гадаадын тусгай хүч шалгадаг, улсын аюулгүй байдлыг хамгаалдаг дарга нь ажлаа өгөхийн өмнө улстөржсөн мэдэгдэл хийж байгааг юу гэж ойлгох уу.

дэлгэрэнгүй


 

Улс төр улам зэрлэгшиж байгаа нь үнэн

 

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй үүсээд буй улс төрийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.


-65 суудалтай МАН Ерөнхий сайдаа сөрөг хүчний дэмжлэгтэйгээр арай гэж томилсон. Энэ явдал улс төрд өмнө болж байгаагүй сонин, содон үзэгдэл болох шиг санагдсан. Энэ талаар таны бодол?

-Урьд өмнө ийм түүх байгаагүй байх аа, би лав санахгүй байна. Тохиолдлоор ч юм уу, МАН 2016 оны сонгуулиар 65 суудал авсан. 65 суудалтай олонхын галзуурал уу, “хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо” гэсэн эрх мэдлийн хэт их шунал уу, ямартай ч маш богино хугацаанд Засгийн газраа унагаж чадлаа.

Засгийн газар нь УИХ-д 34 гишүүнтэй байхдаа АН-ын байгуулсан Н.Алтанхуягийн Засгийн газраас хамаагүй богино хугацаанд ажиллалаа. Засгаа унагаад зогсохгүй байгуулахдаа хүртэл үл ойлголцлын хана босгочихоод, Ерөнхий сайдаа томилохдоо УИХ руу оруулж ирж сөрөг хүчнээрээ хагалуулж байна. Цөөнх дэмжиж байж Ерөнхий сайд томилогдлоо шүү дээ.

У.Хүрэлсүх өөрөө УИХ-ын гадна байгаа учраас Ерөнхий сайдын суудал эрсдэлтэй хэвээрээ. Ерөнхий сайд болох нь нэг л удаагийн санал хураалт. Гэтэл цаашдаа Засгийн газрынхаа бодлогыг авч явахын тулд олон санал хураалт болно. Байнга цөөнхийг царайчилж, цөөнхөд дулдуйдаж эрх барина гэж байхгүй. Эрх барина гэдэг олонхын асуудал болохоос биш цөөнхийн асуудал биш, олонхын өмнөөс цөөнх үүрэг хүлээхгүй.

-65-ын бүлэг нь өмнөх Засгийн газрыг дэмжсэн, У.Хүрэлсүхийг дэмжсэн хоёр хэсэгт хуваагдчихаад хоорондоо үзэлцээд байдаг. Үүнээс болоод Ерөнхий сайд нь Засгийн танхимаа бүрдүүлж чадахгүйд хүрэх вий гэж санаа зовж байна?

-Энэ бол ганц У.Хүрэлсүхийн биш үе үеийн Ерөнхий сайд нарын бүгдийнх нь зовлон. Учир нь, Засгийн газарт кабинетын зарчим байхгүй, УИХ доторх бүлэглэл, фракц, намуудын төлөөллийн байгууллага болоод хувирчихсан. Тийм учраас Засгийн газар огцрох, дараачийн Засгийн газрыг байгуулах тэр зайнд хамгийн их хор найруулдаг, хамгийн их ууж идэхийн дон шүглэсэн хэсэг нь амь ордог.

дэлгэрэнгүй


 

‘АТГ-ын асуудлыг шийдэхгүй бол авлига зогсохгүй’

 

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасангаас 60 тэрбум наймаалцсаныг гэрчилсэн Г.Доржзодовын хэргийн талаар тодрууллаа. 


-Та ажлаа аваад сар гаруй хугацаа өнгөрсөн байна. Ямар ажил дээр төвлөрч ажиллаж байна вэ?

-Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл нь авлигын асуудлыг хэрхэн илчлэх вэ, илчилсэн авлигыг хэдий хугацаанд зогсоож чадаж байна, дахин авлига авах нөхцөл бүрэлдэхээр байна уу, үгүй юу гэдгийг хянадаг. Авлигыг илчлэхийн тулд улсын төсвөөс хөрөнгө мөнгө баталж, АТГ-т 172 хүн ажиллаж байна. Энэ хүмүүст Олон нийтийн зөвлөл хөндлөнгөөс хяналт тавина. Бид ажлаа аваад 22 хонолоо. Энэ хугацаанд нийт 40 гомдол ирсний наймаас бусдад нь судалгаа хийж, гомдлыг нь нягтлаад, дамжуулах газар руу нь өгсөн. 

Бид анхны хэвлэлийн бага хурлаараа төмөр зам болон Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайдын эрх ашгийн асуудлыг, Хөвсгөл аймагт хууль бус давхар томилгоо явуулж буй зэргийг дэлгэн тавьсан. Үүнээс хойш төмөр замын асуудлыг Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Мөрдөн шалгах хэлтэс анхааралдаа авч, хэрэг үүсгэн шалгаад эхэлсэн. Бас Зорчигч тээврийн нэгтгэлийн Г.Төмөрбаатар даргын Хөвсгөл аймгийн асуудлыг шалгаж эхэлсэн. Мөн Авлигатай тэмцэх газраас өмнө нь гарсан хууль бус үйлдлийг таслан зогсоох ёстой шийдвэрүүд өнөөдрийг хүртэл нэр төдий байсаар байна. Тийм учраас Авлигатай тэмцэх газраас өмнөх шийдвэрийнхээ хэрэгжилтийг шуурхайлахыг шаардсан. Авлигатай тэмцэх газрын асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол авлигын асуудал зогсоно гэж байхгүй шүү дээ. Бид ажлынхаа цагийн 60 хувьд иргэдийн гомдол, өргөдлийг хүлээн авч байгаа. Тун удахгүй бид ээлжит хэвлэлийн бага хурлаа хийх болно. 

-Олон нийтийн зөвлөлөөс эхний хэвлэлийн хурлаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Гэвч Авлигатай тэмцэх газрын хэвлэл мэдээллийн албанаас таны мэдээллийг үгүйсгэсэн ярилцлага хэвлэлд өгсөн байсан?

-Монгол Улсын Авлигын эсрэг хуульд 2012 оны нэгдүгээр сарын 19-ны өдөр шинээр нэг нэмэлт заалт орсон. Үүнд 32.1.3 зүйлд  “Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл нь тус газрын гүйцэтгэх алба, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтаас бусад албаны ажилд хяналт тавина” гэж заасан байдаг. Ер нь мэргэжлийн хяналтын газар гэж хэлэхээс “Мэргэжлийн шалгалтын газар” гэж хэлдэггүй биз дээ. “Хянана” гэдэг  чинь харж, үзэж, шалгаж, мэдээлэл авахыг хэлнэ. Гэхдээ бид шалгалт хийгээгүй шүү дээ. Энэ бол өөр асуудал. Бид зөвхөн хянаж байгаа. Жишээлбэл, Авлигатай тэмцэх газрын 2017 оны батлагдсан төсөв хэд вэ, зарцуулалт нь ямар байна, аудитын тайланг хянах гэх мэт асуудлыг хянана. Саяхан биднийг эхний хэвлэлийн бага хурал хийхэд Авлигатай тэмцэх газрын хэвлэл мэдээллийн албанаас Олон нийтийн зөвлөлийг үгүйсгэсэн, дургүйцсэн хандлагаар хэвлэлд ярилцлага өгсөн байсан.

дэлгэрэнгүй


 

Г.Өсөхбаяр: Хавцлын гүнд гол хүчийг төвлөрүүлсэн

 

Завхан аймгийн Отгон сумын нутаг, Отгонтэнгэр хайрханд авирахаар яваад амь эрсэдсэн уулчдыг эрэн хайхаар ослын газарт ажиллаж, аврах ажиллагаанд оролцсон уулчид, аврагчид өчигдөр орой /2017.10.25/ Улаанбаатарт ирлээ. Эрэлд оролцсон уулчдын нэг, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяртай уулзаж, ярилцлаа. 


-Уулчид та бүхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Сонирхол, мэргэжил нэгт нөхдөө эрэн хайх ажилд олон уулчид оролцож, эрсдэлтэй нөхцөлд шуурхай ажиллалаа. Мэдээж болсон явдлын талаар ярих хүнд байгаа таны сэтгэл санааны байдлыг бид маш сайн ойлгож байна. Гэхдээ ослын газарт ажилласан хүмүүс бол сэрэмжлүүлэг болгох, бодит мэдээллийг хүргэх гол эх сурвалжууд учир танд хандаж байгаа юм. Үүнийг та зөвөөр ойлгоорой.

-Харамсаж байна. Ярих байтугай бодоход ч хөндүүр, хэцүү байна. Монгол Улс нэг дор 17 иргэнээ алдлаа. Монголын аялагч, уулчид олон сайхан анд нөхдөө алдлаа. Амьд байгаасай, олчих юмсан гэсэн хүсэлтэй Отгонтэнгэр хайрханд очсон. Харамсалтай нь, газар дээр нь очиход ойлгомжтой болсон байсан. Онгоцноос уулын байдлыг хараад байдал бишгүйтэж, уулчдад хүнд зүйл тохиолдсоныг ерөнхийдөө гадарласан. Мэдээж хүн л юм хойно эцсийн найдвар тасартал хүлээж, эрлийн ажиллагааг үргэлжлүүллээ. Ослын газарт бол үнэхээр хүн харахад хэцүү, нүд халтирам байсан.

-Цаг агаарын нөхцөл байдал ямар байв?

Эрэн хайх ажлыг өндөр зохион байгуулалтайгаар шуурхай явуулж, хүйтрэхээс өмнө амжиж дуусгалаа. Бидэнд хугацаа маш богино байсан. Осол болсны дараах 2-3 хоногт тэнгэр, цаг агаар тогтуун байсан. Өнөөдөр /2017.10.25/ оройноос тэнгэр муухайрч, долоо хоног цасан шуурга тавьж, хүйтэрнэ гэсэн мэдээллийг өгсөн.

дэлгэрэнгүй


 

‘Ц.Нямдоржийн хайч хэнд үйлчлэхийг харъя’

 

Өмгөөлөгч О.Алтангэрэлтэй уулзаж ярилцлаа. Энэхүү ярилцлагыг Ц.Нямдорж, Б.Хурц нарын дуулианаас өмнө авсан болно.


-Хуульчдын холбооны Их хурал болох гээд танай салбарынхан санал гомдол ихтэй л байх шиг?

-Хуульчдын холбооны ээлжит Их хурал болох гэж байгаа. Хурлын төлөөлөгчид сонгогдсон. Энэ Бямба гаригт хурлаа хийж, холбооныхоо ерөнхийлөгчийг сонгоно доо.

-Хурлын төлөөлөгчдөө шударгаар сонгож чадсан уу. УИХ-ын сонгууль шиг будилаан, булхайтай болоод өнгөрсөн юм биш үү?

-Хурлын төлөөлөгч сонгосон үйл явцтай холбоотой шүүмжлэлүүд гарч байна. Хуулиараа хурлын төлөөлөгчид нэрээ дэвшүүлсэн хүмүүст бүх хуульч цахимаар санал өгч, хамгийн олон санал авсан нь их хурлынхаа төлөөлөгч болдог. Түрүүчийн хурлууд дээр гараагүй үзэгдэл энэ удаад ажиглагдсан тал бий. Үнэхээр улс төрийн сонгууль шиг хэсэг бүлгээрээ багцлагдах, бусдын кодыг авч хэсэг бүлэг хүмүүст санал өгүүлэх асуудал гарсныг нуухгүй ээ.

-Хуульчид өөрсдөө хууль бус зүйл хийхээр хуулийг хэн сахиулах вэ дээ?

-Хэсэг бүлгээрээ багцлагдаж болохгүй гэж хуулиар хориглоогүй л дээ. Гэвч, энэ бол хуульчийн ёс зүйд нийцэхгүй. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхлээд дөрвөн жил гаруй болж байна, үр дүнгээ ч өгсөн. Харин цаашид боловсронгуй болгоод явах асуудлын нэг нь энэ болж байх шиг байна. Хуралд хуульчид хүссэнээрээ оролцдог болох, ерөнхийлөгчийг цахимаар сонгодог болох гэх мэт өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй болжээ гэж бодож байна.

дэлгэрэнгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж