Александр “XBOCT” Дашкевич бол электрон спортод амьдралаа зориулсан тоглогчдын нэг. Украйны Natus Vincere баг уналтад орсны дараа зодог тайлаад байсан тэрбээр эргэн дасгалжуулагчийн үүргээр багтаа нэгдсэн билээ. Нэг хэсэг чимээгүй байсан түүнтэй хийсэн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
-Сайн уу, ямаршуухан байна даа. Дасгалжуулагчийн байрлал хэр санагдаж байна?
-Нэг жилийн хугацаанд хэд хэдэн багт тоглоод ямар нэг амжилт үзүүлээгүй. Эргээд өөрийн итгэдэг мэргэжлийн багтаа ирсэндээ баяртай байгаа. Миний амьдралд хэрэгтэй байсан зүйл. Яагаад гэвэл чи ямар нэг зорилгогүй амьдрах юм бол доош унасаар л байх болно. Тэгэхээр эргээд Na’Vi-д ирсэндээ үнэхээр баяртай байна.
-Дасгалжуулагч хийж байгаадаа сэтгэл хангалуун байгаа юм байна. Гэхдээ заримдаа тоглохыг хүсдэг үү?
-Би аль хэдийн гурван удаа “The International” тэмцээнд ороод үзчихсэн амжилттай. Гэхдээ мэдээж тоглохыг хүсэлгүй яах вэ. Ирээдүйд юу болохыг мэдэх аргагүй. Яг одоо бол дасгалжуулагч хийж байгаа минь хангалттай. Манай баг ялахад би ч ялгаагүй баярладаг.
-Багийнхан чинь хожигдоход чамд ямар санагддаг вэ?
-Би үнэхээр эмоцитой тоглогч байсан. Хожигдсоны дараа өөртөө болон багийнхандаа хэдэн өдөр урам хугардаг байлаа. Харин дасгалжуулагч болсноос хойш манай багийнхан хожигдоход би сэтгэлийн хөдөлгөөн гаргахаа больсон. Бидний давтах ёсгүй, тоглогчдын харж чадаагүй алдааг би харж чадахаас гадна зөвлөгөө өгч харилцан ярилцдаг.
-Шинэ залуу тоглогч Crystallize-ийг хэрхэн дасгалжуулдаг вэ?
-Түүнийг багтаа авсан нь би биш. Гэхдээ түүнтэй уулзахад, тоглож байгааг нь үзэхэд тоглолтын арга барилыг нь би мэдэрдэг. Carry байрлалд тоглож байгаа бол хэтэрхий байлдах гээд байх хэрэггүй. Би юу гэх гээд байна вэ гэхээр сүүлийн үед ихэнх хүмүүс их довтолж тоглодог болсон. Гэхдээ хамгийн гол нь зөв газраа зөв цагтаа л байх хэрэгтэй.
Тэр надтай уулзаад миний бүх тоглолтын бичлэгийг үзсэнээ хэлсэн. Тэгэхээр Crystallize намайг сайн мэднэ. Иймээс би түүнд ердөө хэдхэн нүүдэл, хөдөлгөөнийг нь зааж өгөхөд л болчихдог. Ажиллахад илүү хялбар гэсэн үг.
-Яаж яваад буцаад багтаа ирэв? Өөрөө орохыг хүссэн үү, хэн нэгэн урьсан уу?
-Эхэндээ би дасгалжуулагч болохыг огт хүсээгүй. Тэгтэл багийн маань удирдлага надтай ирж уулзаж олон зүйлийн талаар ярьсан. Бид хэд хэдэн удаа уулзахад би түүнд үгүй гэж хэлсээр л байсан. Эцэст нь оролдоод үзье гэж шийдсэн юм.
-Ярилцлагынхаа төгсгөлд “Dueling Fates patch”-аас ямар шинэчлэлт хүсэж байгаагаа хэлж өгөөч?
-Надад хамаагүй. Шинэчлэлтүүдээс үл хамааран дотад дурласаар ирсэн. Би хэзээ ч шинэчлэлтийн талаар гоншигонож байгаагүй. Одоогийн байдлаар аль нэг баатар нэгнээсээ илүү хүчтэй зүйл харагдахгүй байна. Гэхдээ хожихыг хүсвэл Necro, Venomancer, Lich гээд “The International”-ийн шилдэг үзүүлэлттэй баатруудыг сонгох хэрэгтэй байх.
Биднийг үргэлж дагаж, урам өгч байдаг хөгжөөн дэмжигч нартаа маш их баярлалаа.