Хууль зүйн байнгын хороо хуралдлаа | News.MN

Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2017.10.27-нд нийтлэгдсэн

Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

Манай бизнесийнхний овсгоотой гэдэг нь...

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2017.10.27) хуралдаж, Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр тогтлоо. Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улсын Их Хурлын шийдвэрт тавьсан хоригийн талаар бүлэг зайлшгүй хэлэлцэх шаардлагатай гэсэн үндэслэлээр тав хоногийн завсарлага авч буйгаа мэдэгдэв. Харин Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьсан бол Улсын Их Хурал түүнийг чуулганы үеэр 14 хоногийн дотор, чуулганы чөлөөт цагт хориг тавьсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж тогтоол батална” хэмээн заасан байдгийг Байнгын хорооны дарга дурдаад “Засгийн газраас ирэх оны төсвийн тухай хуулийг өргөн мэдүүлэх, түүнийг Улсын Их Хурал хуулийн хугацаанд хэлэлцэх ёстой энэ үед Засгийн газрын танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах шаардлага бий, Сангийн сайдгүй байж болохгүй. Үүний хор уршиг нь Монгол Улсад тусна. Тиймээс Улсын Их Хурал дахь АН-ын бүлэгт тус асуудлыг хэлэлцэх нэг цагийн завсарлага өглөө” гэв.

Ийнхүү Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14 цаг 51 минутад 61.1 хувийн ирцтэйгээр үргэлжилж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн талаарх хэлэлцүүлгийг хийлээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хоригийн талаар хуралдаанд танилцуулсан юм. Монгол Улс дэд бүтэц, уул уурхайн салбар дахь ашиг сонирхол, авлигаар холбогдсон гучин гэр бүлийн хяналт дарангуйлалд бүрэн автаж, аливаа төсөл, хөтөлбөр тэдэнд ашиггүй бол гацдаг, гацаадаг бөгөөд Монголчуудын хүртэх ёстой ашгийг зөвхөн тэд л хүртдэг хэн бүхэнд ил болсон тогтолцоотой болоод удаж байгаа хэмээн танилцуулгад дурдлаа.

Эдгээр гучин гэр бүлийн төлөөлөл болсон Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар томилсон Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн хэсэгчлэн хориг тавьж байгаа гэв. Мөн Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар томилогдсон даруйдаа төрийн албан хаагчдад 300.000 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгох байдлаар тавин таван тэрбум төгрөг тараах санал гаргаж байгаа нь хориг тавих өөр нэг үндэслэл болсон хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулав.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд тодруулга хийсний дараа Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дээрх хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-27 202.131.243.162

Хориг тавих эрхийг буруутгаагүй, тавьсан хориг нь Монголын улс төрийн түүхэнд анх удаа тодорхой хууль эрх зүйн үндэслэлгүй, батлагдаагүй асуудал дээр хориг тавина гэсэн заналхийлсэн зүйлийг жанхуу бичсэн байсан. Жанхуугийн тавьсан хориг нь эрх зүйн үр дагаврыг үүсгэж байгаа гэдгийг жанхууд сайн ойлгуулж өгөөч ээ. Хориг тавихдаа бусад хуулийн уялдаа холбоо, үр дагаврыг сайтар тооцож гаргадаг гэдгийг амьдралдаа бүтэн ном уншиж үзээгүй жанхуу яаж ойлгох вэ дээ !!!

Avatar

Хуулийн үндэслэлгүй хориг байна. 2017-10-27 43.242.243.234

Тодорхой үндэслэл алга
Ерөнхийлөгчийн хоригт тодорхой үндэслэл алга. ГУЧИН ГЭР БҮЛИЙН НЭГ гэсэн нь үндэслэл болж чадахгүй. Хууль зөрчсөн зүйл байвал үндэслэл болгож тодорхой заах хэрэгтэй.Хэрэв үгүй бол Хүрэлбаатарын хэлээд байгаа арилжааны банкнаас өндөр хүүтэй зээл авахаа больё, гишүүдийн нэр дээр мөнгө авдгаа больё, ирэх онд бүх хүүхдийг цэцэрлэгт хамуулдаг болно, гурван ээлжтэй сургуульгүй болно гэх мэт нэлээд нааштай саналуудыг улс төрийн зорилгоор далдуур эсэргүүцэж байгаа гэж ойлгогдоно.Анх Хүрэлбаатарыг томилогдох үед Оюутолгойн гэрээтэй холбох гээд тэр нь худлаа болж таарсан. 300000 төгрөгийн тараалт буруу нь буруу. МАН сайн ажиллачихвал ирэх сонгуульд АН лөөлөө болно гэж бодоод Хүрэлбаатарыг З.Энхболдын үгэнд ороод Баттулга эсэргүүцээд байгаа юм байна гэж л хөндлөнгийн хүмүүст ойлгогдоно доо.Яг нарийндаа ярих юм бол энэ ЗГ-т жирийн иргэдээс хүлээлт үүсгэж байгаа хоёр сайдын нэг нь Хүрэлбаатар, нөгөө нь хэтрүүлчихгүй бол Нямдорж зарим нэг гажуудлыг засах байх.Хүрэлбаатарыг яагаад эсэргүүцээд байгаагийн учир яваандаа тайлагдана биз.ТА-ны хааат бус шинжээч Ш.Раднаа 2017.10.27

Avatar

100 хоногийн өмнөх миний дүгнэлт ийм байжээ 2017-10-27 43.242.243.234

Эвдрэлийн эхийг тавьлаа даа
Маш муу томилгоо болжээ Өнөө л нам доторх фракцийн гай Ерөнхийлөгч УИХ ЗГ-тай зөвшилцөхөд хэцүү дээ МАН-ынхан нь Баттулга гэхээсээ илүү З Энхболдоос нь цэрвээд дөлөөд ажил хамтарч хийхэд хэцүүхэн байдал үүснэ дээ Хамтраад ажлаа урагшлуулах гэхээсээ илүү бөөн хэрүүл маргаан болох нөхцөл бүрджээ ТА-ны хараат бус шинжээч Ш Раднаа 2017 7 11
Чадвартай, зөв хүнээ зөвлөхөөр томилоосой
Аливаа албан тушаалыг хашихад тавигдах шаардлагууд гэж бий л дээ Мэдлэг чадвар ёс зүй бусадтай харилцах ур чадвар гээд тоочоод байвал олон юм бий Манайд үүнийг харгалзахгүй өөрт нь үнэнч сонгуульд өөрийг нь дэмжсэн хүнийг томилоод байдаг нь гаж үзэгдэл юм шүү дээ Жишээ нь З Энхболдыг Тамгын газрын даргаараа томилсон нь шагнал маягийн юм болохоос ажилд тус болох магадлал тун бага даа Ямар хорлонтой юм санаачлаа бол гэж хардаад З Энхболдтой ойр дотно харьцаж ажил ярих хүн олдохгүй дээ Одоо зөвлөхүүдээ хүний нүүр лүү бүтэн хараад чин сэтгэлээсээ ярилцах чадвартай жаахан ч болов нэр хүндтэй хүмүүсийг томилоосой доо Хүний нөөцийн шинжээч Ш РАДНАА 2017 7 16

Avatar

зочин 2017-10-27 202.131.236.246

30 гэр бүлээ зарлаач ээ. Мэдэж байгаа юм шиг байнаа даа. Гацдаг гацаадаг гэнэ шүү

Avatar

Зочин 2017-10-27 202.131.243.162

Жанхуу баттулга хүрлээг огцруулах ажилд ханцуй шамлан орсон явна. Жанхуу хан-уул дүүргийн бизнес эрхлэгч нартай уулзалт хийсэн. Энэ уулзалтын гол зорилго бол сангийн сайдын 55 тэрбум төгрөг тараах асуудлыг нийгэмд хамгийн муу муухай зүйл мэт тархийг нь гөлийтөл угаах. Хоногийн 100 мянгаар жагсах жагсаалд оролцох иргэдийг олноор цуглуулах. Өөр юу ч байхгүй. Жанхуу бид хоёр хэзээ ч хөнгөн болоод хүнд аж үйлдвэрийн салбарыг дэмжиж хөл дээр нь босгож ирж чадахгүй. Зүгээр нэг хэдэн өөрийнх нь [Хориотой Үг] долоох нөхөрт ганц хоёр тэрбум төгрөгийн зээлийг бол өгнө, бусад мөнгийг нь яг төмөр зам шиг офшор руугаа л хийнэ. Монгол улс аль 96 онд Дэлхий худалдааны байгууллагад элссэн тул хятад болоод аль нэг 3 дагч улсад хэт өндөр татвар тогтоох хууль эрх зүйн боломж байхгүй. Трамп хүчирхэг АНУ-г байгуулна гэж гарч ирсэн, Мексик болоод бусад улсыг АНУ-н зах зээлээс шахах бодлогыг хэрэгжүүлээд явж байгаа нөхцөлд тусгайлан Монголд зориулж, тэгээд путины уяны нохой жанхуугийн хүсэлтээр Монголын оёмол бүтээгдэхүүнийг АНУ руу татваргүй оруулна гэж хэзээ ч байхгүй….

Avatar

Зочин 2017-10-27 202.55.180.182

Энхболдоо чи наад 30 бүлээ хувааж идэж байгаа гэдгийг хэлж байгаа бол шударга шүүхээрээ аваачаад шүүлгээд ял өгөөч. Шүүх засаглалын толгойд сууж байгаа Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга хаиуцлагатай байх ёстой шүү. Маргааш гэхэд энэ хэлсэнээ батлахгүй бол өөрөө [Хориотой Үг] ороорой Бүгдээрээ шударга байя. Үнэн худал нь мэдэгдэхгүй юм ярьж байхаар үйл хөдлөлөөрөө нотлооч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж