Ажлын хэсэг Хүний эрхийн үндэсний комисст ажиллав

Хуучирсан мэдээ: 2017.10.27-нд нийтлэгдсэн

Ажлын хэсэг Хүний эрхийн үндэсний комисст ажиллав

Монгол Улс хэмээх тусгаар тогтносон бүрэн эрхт улсыг харийн газар төлөөлж суугаа элчин, консулууд эх орондоо ирэхгүй хэмээн зугтаж байгаа тухай хачирхалтай мэдээлэл чих дэлсэх болсоор удав.

Улсын Их Хурлаар “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаархи 16 дахь илтгэл”-ийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал дүгнэлт гаргах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулсан бөгөөд уг Ажлын хэсэг өнөөдөр (2017.10.27) Хүний эрхийн үндэсний комисст ажиллав.

Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Ж.Батзандан, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Д.Цогтбаатар нар Хүний эрхийн үндэсний комисст очиход тус комиссын дарга Ж.Бямбадорж эхлээд ажил байдлаа танилцуулж, мэдээлэл хийлээ. Мэдээлэлдээ, төсөв хүрэлцдэггүй, төсвийн 80 хувийг ажилтнуудын цалин, байрны зардалд зарцуулдаг. Үйл ажиллагааны зардлыг гаднын донор байгууллагууд голчлон санхүүжүүлдэг гэв. Төсөв хүрэлцдэггүй, хүн хүчний хангалтгүй байдал нь үйл ажиллагаагаа явуулахад, хуулийн хэрэгжилтийг хангахад бэрхшээлтэй байдгийг онцлон тэмдэглэлээ.

Танилцуулга, мэдээлэл сонссоны дараа УИХ-ын гишүүд санал хэлж, харилцан санал бодлоо солилцов.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь хүний эрх, хүүхдийн эрх зөрчигддөг байдлыг таслан зогсооход наад зах нь Ерөнхий боловсролын сургуулийн эмч, нийгмийн ажилтныг ажлаа хариуцлагатай хийдэг болгох, эрүүл мэнд, боловсролын салбарыг эмэгтэй хүмүүс тэргүүлж буй энэ цаг хугацааг ашиглан идэвхтэй, шуурхай ажиллаж, хүлээгдэж буй шаардлагатай шийдвэрүүдийг гаргах нь чухал гэсэн саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хүний эрхийн үндэсний комисс сар бүр хамтарсан хурал хийж, тулгамдсан асуудал байвал хэлэлцэх, хүний эрхийг хамгаалахтай холбоотой хуулиудыг хэрэгжүүлэхэд дагалдах дүрэм журмыг батлах, шаардлагатай төсвийг бүрдүүлэх асуудлыг УИХ анхааралдаа авч, яаралтай шийдвэрлэж байх саналыг гаргалаа.

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж болон тус комиссын гишүүн П.Оюунчимэг нар МҮОНТ нь хүний эрхийн чиглэлээр нийтлэл нэвтрүүлэг гаргадаггүйд шүүмжлэлтэй хандаж, хамгийн гол энэ сувгаар хүний эрхийн боловсролтой холбоотой мэдээлэл тогтмол түгээдэг байхад дэмжлэг үзүүлэхийг УИХ-ын гишүүдээс хүсэв. Мөн комиссын дарга Ж.Бямбадорж “Үе үеийн парламентад эмэгтэй гишүүд хүний эрхийн асуудлаар түлхүү дуугардаг. Хамгийн олон эмэгтэй гишүүн сонгогдсон энэ удаагийн парламентын үед дэвшил гарна гэж найдаж байна” хэмээв

Төгсгөлд нь Хүний эрхийн үндэсний комиссыг үйл ажиллагаагаа явуулахад нь бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллах болно хэмээн УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж