Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сун-ыг өчигдөр /2017.10.26/ хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Элчин сайд У Сун Гадаад харилцааны сайдаар томилогдож, үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан сайд Д.Цогтбаатарт баяр хүргэж, БНСУ-ын Гадаад хэргийн сайд хатагтай Кан Ген Хва-гийн баярын мэндчилгээг гардуулав.
Сайд Д.Цогтбаатар Монгол Улсын “гуравдагч хөрш”, нийтлэг үнэт зүйлс бүхий түнш орон БНСУ-тай иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг тэмдэглээд Гадаад харилцааны сайдын хувиар энэхүү харилцаанд ач холбогдол өгч ажиллахаа онцлов. Элчин сайд У Сун уулзалтын үеэр хөрөнгө оруулалт, иргэдийн солилцоог нэмэгдүүлэх талаар талууд хамтран ажиллахын чухлыг тэмдэглээд, Монгол Улс Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах чиглэлээр дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Түүнчлэн талууд бүс нутаг дахь харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцов.
Эх сурвалж: ГХЯ