Цацрагтай ажиллагчдад сургалт зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2017.10.27-нд нийтлэгдсэн

Цацрагтай ажиллагчдад сургалт зохион байгуулав

Цацрагтай ажиллагчдад сургалт зохион байгуулав

“Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сарын аяны хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Монголын шүдний мэргэжилтний холбоо хамтран нийслэлийн хэмжээнд рентген аппарат ашиглан үйл ажиллагаа явуулж буй шүдний эмнэлгүүдэд “Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах нь” сэдэвт сургалтыг 2017 оны 10 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн лекцийн танхимд зохион байгууллаа.

Энэхүү сургалт нь цацрагтай ажиллагчдын болон рентген зураг авхуулж буй иргэдийн эрүүл мэндийг хэрхэн хамгаалах асуудлыг давхар хөндсөнөөрөө ач холбогдолтой байв.

МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Та бүхэн өөрсдийн эрүүл мэндээ хамгаалах үүднээс аюулгүй ажиллагааг цаг ямагт сахин мөрдөж ажиллах шаардлагатай байна. Түүнчлэн үйлчлүүлэхээр ирж буй иргэдэд цацрагийн хор уршгийг ойлгуулан таниулж аюулгүй байдлыг нь хангахад анхааран ажиллахыг зөвлөх байна. Саяхны нэг жишээ дурдахад нэгэн гэр бүлийн 4 хүн рентген зураг авхуулах өрөөнд сельфидээд зогсож байгаа зураг сошиалаар явсан. Нэг томоохон эмнэлэг 7 сар орчимтой жирэмсэн эмэгтэйг рентген дээр ажиллуулж байсан жишээ ч бий. Өнөөдөр мэдэгдэхгүй ч ирээдүйд илэрдэг хор уршгийг нь тооцож энэ чиглэлийн эмчилгээ үйлчилгээний аюулгүй байдлыг ханган ажиллаж өөрсдийгөө болон иргэдээ хамгаалъя. Мэргэжлийн хяналтын байгууллага явж очоод торгохоо урдаа тавих бус зөвлөн туслаад, урьдчилан сэргийлээд, соён гэгээрүүлээд, хамтран ажиллаад байхад үр дүн гарахгүй байгаа байгууллагад хуулийн хариуцлага тооцдог тогтолцоог хэрэгжүүлэн ажиллаж байна. Бидэнтэй хамтран ажилласан Та бүхэнд баярлалаа” гэсэн юм.

Сургалтад 109 шүдний эмнэлгийн 176 цацрагтай ажиллагчид хамрагдаж, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын олон улсын болон үндэсний хууль, тогтоомж, дүрэм, журам, цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны чиглэлээр мэдлэг чадвараа дээшлүүлж, 2 кредиттэй гэрчилгээ гардан авлаа.

Тус сургалтад Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, НМХГ-ын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газар, хэлтсийн улсын байцаагчид болон Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Шастины нэрэмжит Улсын 3-р эмнэлэг, АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн холбогдох албан хаагчид Цөмийн энергийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, дүрэм журам, стандартууд, цацрагийн тухай үндсэн ойлголт, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал, цацрагийн аюулгүй ажиллагаа, цацрагийн биологи үйлчлэл зэрэг хичээл заалаа.

Цацрагийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал, хууль эрх зүйн мэдлэг дээшилж, байгууллагын хууль, дүрэм журмын сахин мөрдөлт, дотоод хяналт сайжирч, хамгаалалт, аюулгүй байдал хангагдаж, цацрагийн болзошгүй осол, зөрчлөөс урьдчилан сэргийлж, аюулгүй ажиллагааны соёл хэвшигдэх чухал ач холбогдолтой сургалт болж өндөрлөлөө.

Эх сурвалж: МХЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж