Дэлхийд алдартай урлагийн сургууль болох ‘Репиний академи’-ийг Монголын хуруу дарам цөөн авьяастнууд төгсөж, уран зургийн гайхамшгийг мэдрүүлж, үе үеийн уран бүтээлчдэд үнэтэй сургамжаа өгсөөр байна. Дэлхийд алдартай ‘Репиний академи’-ийн 260 жилийн ойн тохиож байгаа бөгөөд хүн болгонд төгсдөггүй тэрхүү сургуулийг дүүргэсэн Монгорлын уран бүтээлчид ‘220k residence’-ийн үзэсгэлэнгийн танхимд уран бүтээлээ дэлгэлээ. Ингээд ‘Репиний академи’-ийн төгсөгч, доктор, профессор, зураач Ц.Эрдэнэцогтой ярилцлаа.
-Юуны өмнө танд болон ‘Репиний академи’-ийг төгссөн уран бүтээлчдэд баяр хүргэе?
-Баярлалаа. Уран бүтээлчдэдээ баяр хүргэе.
-Их олон зураач оролцсон, сайхан үзэсгэлэн гарч байгаа юм байна. Та үзэсгэлэнд ямар уран бүтээлээр оролцож байна вэ. Төгсөгчид хамтарсан бүтээл гаргаж байв уу?
-‘Эрх чөлөөний хөшөө’, ‘Амстердам’, ‘Нүүдлийн замд’, ‘Хавар айсуй’ гээд дөрвөн бүтээл энэ үзэсгэлэнд бий. Репиний академийг төгсөгч бид сургуулийнхаа ойн хүрээнд үзэсгэлэнгээ гаргаж байгаадаа баяртай байна. Бид 10 жилийн өмнө 250 жилийн ойгоор хамтарч гаргаж байлаа.
-Репиний академийг төгсөгчдийн уран бүтээл арай л өөр байдаг гэх юм билээ. Энэ миний үг биш л дээ. Уран бүтээлчид, зураачдын үг шүү. Хичнээн зураач энэ сургуулийг дүүргээд, хичнээн нь энэ үзэсгэлэнд орж байгаа бэ?
-Репиний академийг 65 зураач төгссөн юм. Миний бүртгэснээр 20-иод зураачийн 50 гаруй бүтээл энэ үзэсгэлэнд байгаа. Уран зургаас гадна, уран баримал бас бий.Та харсан байх. Арай өөр байдаг гэдгийг бид дүгнэхгүй л дээ. Олон түмэн маань тэгж дүгнэж байгаа бол сайхан юм аа, баяртай байна.
-Дэлхийд алдартай Репиний академийг төгссөн хүний хувьд та сургуулийнхаа талаар ярьж өгөөч. Дэлхийн хэмжээний том академи шүү дээ?
-Репиний академи 260 жилийн өмнө ‘Хааны урлагийн академи’ нэртэйгээр байгуулагдсан. Дэлхийн алдартай зураач, уран бүтээлчид төгссөн байдаг юм. 1946 онд Манай улсаас анх Л.Гаваа гэх хүн анх энэ сургуулийг зорьсон байдаг юм. Ингэснээр манай Монгол улсад дээд боловсролтой зураач бэлтгэх агараа нь болсон түүхтэй. 1953 онд Л.Гаваа зураач төгсөж ирсэн.
Тэрнээс хойш энэ академийг 2000 он хүртэл 65 орчим хүн төгсөөд байна. Сүүлийн 17 жил манайх хүнээ сургасангүй. Энэ сургуульд зураачаар бус урлаг судлалын чиглэлээр нэг Монгол хүн суралцаж байна гэсэн. Үндсэндээ манай Репиний академи чинь уран зураг, уран баримал, зураасан зураг, урлаг судлалын чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг сургууль.
Репиний академи маань дэлхийд нэлээд алдартай, дэлхийн уран зураг, баримлын шилдгүүд сурч төгсдөг бас багшилдаг. Урлагийн академик боловсролыг олгодгоороо их алдартай, нэр хүндтэй.
-Сүүлийн 17 жил манай улсаас зураач суралцаагүй гэхээр шалгуур өндөр гэсэн үг үү. Эсвэл өөр учир шалтгаан байна уу?
-Олон шалтаг, шалтгаан бий л байх. Хамгийн гол нь төлбөрийн асуудал байгаа юм. Академик боловсрол олгодог учир их өндөр төлбөртэй. Бидний хувьд хуучин ЗХУ-ын үед үнэ төлбөргүй, улсын тэтгэлгээр сураад ирсэн. Одоо жилийн төлбөр нь 13-15 мянган ам.доллар юм гэж дуулсан. Энэ төлбөр бол зөвхөн хаалгыг нь татах тоо шүү дээ.
-Биднийг суралцаж байх үед манай улсад Улсын багшийн дээд сургуулийн дэргэд дээд мэргэжлийн зураач бэлтгэх нэг анги л байсан юм. Ерөнхий боловсролын сургууль төгссөн хүн энэ академийг зорих боломжгүй, зураач болсон дээд боловсролыг эзэмшсэн хүн Репиний сургуульд суралцах эрх олгодог байлаа. Сургуулийн дэргэдэх ангид сургууль төгсөх дэлхийд алдартай Репинийг төгсөх хоёр асар их ялгаатай. Маш их зүйлийг сурсан. Санктпетрбург хуучны Ленинград хот бол дэлхийн урлагийн том хот. Урлагийн институт дотор боловсрол олно гэдэг үнэхээр өөр шүү.
-Та бүхэн их азтай бас Монголын уран зураг, соёлын салбарт их зүйл хийсэн хүмүүс. Та академийнхаа талаар товч ярилаа. Сэтгэлд үлдсэн сайхан дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Том сургууль, хот гэдэг утгаараа музейн сан хөмрөгт дэлхийн агуу их бүтээлүүдийг өөрийн нүдээр үзсэн, алдартай багш нараар хичээл заалгаж, шавь нь болно гэдэг тэр чигээрээ олдошгүй сайхан боломж. Шаардлага, нарийн дэгтэй өглөө 08 цагаас 18 цаг хүртэл хичээлтэй. Яг цагтаа эхэлнэ. Энэ хугацаандаа уран зургийн хичээл, урлагийн түүх гээд байнга хөдөлмөрлөж, суралцаж байдаг. Том зааланд хичээл орно, том талбайд зургаа зурна. Маш их хариуцлагыг шаарддаг, зургаан жил суралцаж төгсдөг гээд хувь хүнээс их хариуцлага, ухамсар шаарддаг байлаа. Онол заагаад зогсохгүй орчин, сурах нөхцөл үнэхээр өөр байдаг. Зураач хүний уран бүтээл туурвих арга, ухааныг олж мэдэрсэн дээ. Намайг сурч байх үед Монголоос зургаа, долоон хүн сурч байлаа. Жилдээ нэг хүн суралцуулдаг сургуульд бид тээр жил бид хувь тавилангаар олуулаа сурсан. 1982-1989 он юм.
-Тэгэхээр одоо таны төгссөн Репиний академийн 260, Монголын Урчуудын эвлэлийн 75 жилийн ой давхацсан жил болж байна. Энэ хүрээнд төгсөгчид, зураачдын зүгээс үзэсгэлэн гаргалаа. Үүний дараагаар ойн хүрээнд юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Энэ төгсөгчдийн хамтарсан үзэсгэлэнд уран зураач, зураасан зураг зураачид, уран барималчид оролцсон. Тэгээд энэ уран бүтээлчид нийлж цомог, номоо гаргана. Мөн Дэлхийн уран зургийн академик холбоонд Итали, Франц гээд дөрөвхөн улс байдаг гэсэн. Энэ холбоодын нэгдсэн хурал удахгүй болно. Хуралд биднийг төлөөлж, хэдэн нөхөд маань очиж, оролцох, Репиний академийг холбох гүүр болохоор төлөвлөсөн. Саяхан энэ академийн гадаад харилцааны декан ирсэн. Түүнтэй ярилцаад хуралд бид үзэсгэлэн гаргах гээд төлөвлөсөн ажлууд олон байна. Урчуудын эвлэлийн 75 жилийн ой XII сарын 16-нд болно. Энэ хүрээнд бас хийхээр төлөвлөсөн зүйл их байна даа.
-Та бүхэнд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Монголын уран бүтээлчид дэлхийн тавцанд гарч, монгол хүний ур ухаан шингэсэн бүтээл олны нүдийг хужирлаж, түмэн олныг соён гэгээрүүлэх болтугай.
Ийнхүү ‘И.Е.Репиний академийг төгсөгчдийн хамтарсан үзэсгэлэн’ олон нийтийн анхаарлыг гойд татаж байна. Бидний ярилцсан Доктор, профессор, уран зураач Ц.Эрдэнэцог гуайн хувьд одоо МУБИС-ийн дүрслэх урлагийн танхимын эрхлэгчээр ажилладаг. Тэрээр ‘Уран бүтээлч хүн бүр өөрийн улсынхаа санд дорвитой бүтээл хийхийг хүсдэг, би ч тийм бүтээл туурвихыг хүсдэг’ гэж хэлсэн нь зөвхөн уран бүтээлчдэд биш монгол хүн бүхэнд дайсан үг мэт санагдлаа.
‘И.Е.Репиний академийг төгсөгчдийн хамтарсан үзэсгэлэн’-гийн уран бүтээлээс сонирхоно уу.