“Дэлхийн мисс-2017” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Ц.Энхжингийн аавтай ярилцлаа. Мисс Ц.Энхжингийн аав уулын спортын олон улсын хэмжээний мастер, уулчин хүн ажээ. Ингээд мисс охиных нь талаар яриа өрнүүлснээ хүргэе.
-Дэлхийн гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн мисс-2017” тэмцээнд охин нь эх орноо төлөөлөн оролцож байна. Мисс Ц.Энхжин багадаа ямар хүүхэд байв?
-Миний охин хүүхэд байхын л урлагийн авьяастай, өөртөө итгэлтэй охин байсан. “Тавдугаар цэцэрлэгийн мисс Цэвээндашийн Энхжин” гээд л гараа даллаад алхдаг байлаа. Охин минь гоё даашинз, өсгийтэй гутал өмсөх дуртай. Айлд очихдоо хүртэл өсгийтэй гутлаа авч яваад л бүжиглэнэ. Багаасаа өмсөх хувцсандаа ач холбогдол өгнө. Хүний бодол гэгч их хүчтэй байдаг юм болов уу. Ц.Энхжингийн маань гуравхан настай байхдаа мөрөөдөж байсан мөрөөдөл нь өнөөдөр биелж байна.
Одоо ч өмнөө тавьсан зорилготой, төлөвлөгөөтэй ажилладаг. Сургуульд, их сургуульд суралцаж байхдаа нийгмийн идэвхтэй, манлайлагч оюутан байсан. Шилмэл загвар агентлагт суралцаж, “Хаврын гоёл-2010” наадмын шилдэг загвар өмсөгч болсон. Дараагаар нь олон улсын миссийн тэмцээнүүдэд амжилттай оролцож, дэд миссээр шалгарч байсан юм.
-Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Манайх хүү, охин хоёртой. Ц.Энхжин маань айлын бага охин л доо.
-Таныг уулчин хүн гэж сонслоо. Охин нь аавтайгаа хамт ууланд авирдаг уу?
-Охин маань аавыгаа ууланд явахад хамтдаа аялах дуртай. Спорт, урлагт их сонирхолтой. Ууланд гарахдаа байгальдаа сүү өргөж, бясалгал их хийдэг. Бас их бурханлаг охин шүү. Усанд сэлэх, ууланд алхах, гүйх дуртай.
-Мисс Ц.Энхжин загвар өмсдөг ч дизайны чиглэлээр боловсрол эзэмшсэн юм билээ?
-Миний охины суралцаж байсан их сургуулиудаас багшаар ажиллах ажлын санал тавьж байсан. Гэвч охин маань эх орондоо ихийг хийж бүтээх хүсэлдээ хөтлөгдөж, монгол хэв маяг шингэсэн интерьер дизайныг хөгжүүлэх зорилгыг тавьсан. Охин маань оюутан байхдаа л интерьер дизайны “Eden” компаниа байгуулж, хэдэн хүнийг цалинжуулаад ажиллаж байна. Жаахан охин гэхэд өөртөө ахадсан том ажлыг амжуулж яваад үнэхээр бахархахгүй байхын аргагүй. Тийм учраас “Дэлхий мисс”-ийн тэмцээндээ амжилттай оролцоно гэж найдаж байна.
-“Дэлхийн мисс”-ийн тэмцээний финалын шатанд үндэснийхээ бүжгийг гоцолно гэсэн. Охиноороо их бахархсан байх?
-Дэлхийн гоо сайхны олимпод шалгарсанд баярлаж байгаа ч маш том хариуцлага л даа. Охин минь “Дэлхийн мисс ”-ийн тэмцээнд өдөр, шөнөгүй бэлдсэн. Энэ богинохон хугацаанд шантралгүйгээр их уйгагүй тэмцээндээ бэлдэж байгааг хараад бахархсан. “Гоо сайхан ертөнцийг аварна” гэдэг шүү дээ. Энэ том тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй нь өөрөө маш том амжилт. Миний охин өөрөөсөө шалтгаалах бүхий л зүйлсийг маш сайн хийж байгаа. Саяхан охин маань “Мультимедиа” төрөлд нэгдүгээр байранд явж байсан бол араас нь Мексик улсын мисс хүч түрэн орж ирлээ. Ц.Энхжин энэ жил “Миний нэр Монгол” уриатайгаар оролцож байгаа. Охинтой хүн бүр охиныг маань дэмжээсэй гэж уриалж байна.
А.Сүрэн
Гэрэл зургийг Н.Батмөнх