Монголын үндэсний олимпийн хороо /МОХ/-ноос тодруулж буй ‘Сарын шилдэг тамирчин’ шалгаруулалтын дүн гарч, есдүгээр сарын ялагчаар Уругвай улсын нийслэл Монтевидео хотноо болсон шатрын өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 14 хүртэлх насны эрэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн Дамбасүрэнгийн Батсүрэн шилдгээр шалгарлаа.
ФИДЕ мастер Д.Батсүрэн 53 орны 400 гаруй тамирчин оролцсон өсвөрийн ДАШТ-д түрүүлсэн Монгол улсын түүхэн дэх анхны эрэгтэй шатарчин болсон юм.
1974 оноос эхтэй энэхүү тэмцээнд домогт шатарчид болох Г.Каспаров, В.Крамник, Ю.Полгар нар түрүүлж, агуу карьерынхаа эхлэлийг тавьж байсан түүхтэй. Сонирхуулахад, Монголын эмэгтэй шатарчдаас тус тэмцээнд Д.Номин-Эрдэнэ, Д.Мөнхзул нар 10 болон 8 насны ангилалд түрүүлж байсан юм.
Шалгаруулалтын дэд байрт 3×3 сагсан бөмбөгийн оюутны дэлхийн аваргаар тодорсон баг орсон бол 3-р байрт өнгөрсөн сарын шилдэг тамирчин, чөлөөт бөхийн армийн дэлхийн аварга болсон П.Орхон нэрлэгджээ.
‘Сарын шилдэг тамирчин’ шалгаруулах олон нийтийн санал асуулгад нийт 1500 гаруй хөгжөөн дэмжигч оролцсон бөгөөд спортын чиглэлээр дагнан ажиллаж буй сэтгүүлчдийн саналтай нэгтгэн, дүнг гаргасан.
Сарын шилдэг тамирчинд шагнал гардуулах үйл ажиллагаа МҮОХ-ны байранд болсон бөгөөд улсын их хурлын гишүүн Д.Дамба-Очир, Шатрын холбооны дэд ерөнхийлөгч Б.Наранбаатар нар оролцлоо. Шагналыг МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган гардуулан өглөө.
Есдүгээр сарын шилдэг тамирчны шагналыг “ТВ Коктейл” продакшны продюсер Э.Цолмонбаяр ивээн тэтгэжээ.
Б.ЭНХ