Н.Борхүүхэн: Би одоо ч бүтээлээр нь амьдардаг

Хуучирсан мэдээ: 2017.10.27-нд нийтлэгдсэн

Н.Борхүүхэн: Би одоо ч бүтээлээр нь амьдардаг

АНУ-ын электрон барааны Belkin компани шинээр цэнэглэгчийн холболт буюу “Lightning connector” зохион бүтээж байгаа талаараа өчигдөр мэдээлжээ.

Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, яруу найрагч О.Дашбалбарын 60 жилийн ой энэ жил тохиож буй. Тэрээр хэдийгээр 42-хон насандаа хорвоог орхисон боловч уран бүтээлээрээ ард түмнийхээ дунд мөнхрөн үлдсэн нэгэн билээ. Түүний үр хүүхдүүд, хайрт гэргий нь өнөөдөр /2017.10.27/ Монголын уран зургийн галерейд аавынхаа уран бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулж байна. 

Уран бүтээлийн үзэсгэлэнгийн үеэр О.Дашбалбар агсны 60 жилийн ойд зориулан аавынхаа шүлгүүдээс сорчлон “Миний захианууд”, “Оюун санааны яруу найраг”, “Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ”, “Бурхны мэлмий”, “Гол ус намуухан урсана” зэрэг таван боть номын баярыг хийж, уншигчдын хүртээл болголоо.

О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэн

Яруу найрагч О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэн “Ханийн маань уран бүтээлийн үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн бүх хүмүүст баярлалаа. Би ханийнхаа уран бүтээлээр нь одоо ч амьдарч байна. Би уран бүтээл бүрийнх нь анхны сонсогч байлаа. Хэдий хань минь 42-хон насалсан ч гурван хүүхдийн маань халамжтай аав байлаа. Хамтдаа бид амьдралын бүхий л нугачааг туулж гарсан’ гэж өгүүлсэн юм. 

Үзэсгэлэнгийн үеэр О.Дашбалбар агсны хүү Д.Гангабаатартай цөөн хором ярилцлаа.

Яруу найрагч О.Дашбалбар агсны хүү Д.Гангабаатар

Д.Гангабаатар: Аав маань надад зориулж 10 орчим шүлэг бичсэн

-Аавынхаа уран бүтээлүүдээс сорчлон таван боть номыг хэвлүүлжээ. Эдгээр номоос “Миний захианууд” ном анхаарал татлаа?

-Энэ жил аавын маань 60 жилийн ой тохиож байгаа. Жилийн эхнээс л хойш бэлтгэсэн таван боть номын баярыг өнөөдөр бас хийж байна. Мөн аав маань амьд ахуй цагтаа 20 гаруй уран зургийн бүтээл туурвисан байдаг. Энэ удаагийн үзэсгэлэнд гэр бүлд нь байгаа уран зургуудыг сонирхууллаа. Бас аавын шүлгүүдээс монгол уран бичлэгээр бичсэн үзэсгэлэнг гурван хоногийн турш олны хүртээл болгож байна. 

Бид шинээр аавынхаа “Миний захианууд” номыг хэвлүүлсэн. Энэ номонд аавын залуу насандаа гадаадад суралцаж байхдаа гэр бүл, ойр дотны найз нөхөддөө зориулан бичиж байсан захиануудыг нэгтгэн хэвлүүлснээрээ онцлог юм. Мөн энэ жил аавын шилмэл шүлгийн түүвэр ном болох “Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ” номыг гаргалаа. 

-Гэрэл зургийн үзэсгэлэнд танай гэр бүлийн хуучны зургууд тавигджээ.  Их сонирхол татаж байна, цомгийн талаар сонирхуулбал? 

-Гэрэл зургийн үзэсгэлэнд манай гэрт байсан хуучны гэрэл зургуудаас дэлгэсэн. Зарим нь Сүхбаатар аймаг дахь аавын нэрэмжит музейд хадгалагдаж буй гэрэл зургууд байгаа. Эдгээр зургуудаас хамгийн сонирхолтой нь аавын маань эмээгийн зураг анх удаа олны хүртээл болж байна. Аав маань багадаа эмээ дээрээ өссөн, эмээдээ их хайртай хүүхэд байсан. Тийм учраас авга эмээгийнхээ зургийг олж, үзэсгэлэнд тавьсандаа баяртай байгаа.

-Аав тань хүүдээ зориулан “Тэнгэр шиг бай” шүлгийг бичсэн. Энэ мөчид тэр сайхан дурсамжаасаа хуваалцаач? 

-Аав маань надад зориулж бичсэн 10 орчим шүлэг бий. Тэр дундаа хүмүүс хамгийн сайн мэддэг шүлэг бол “Үр хүүхдүүддээ хэлэх үг” буюу “Тэнгэр шиг бай” шүлэг. Намайг тухайн үед Энэтхэгт сурч байхад аав маань надад зориулж бичиж, хэвлүүлж байсан гэдэг. Сүүлд ээж, ааваасаа хол хүүдээ захиа болгон бичиж байсан. Аав маань 1980-аад оноос хойш 10 орчим ном хэвлүүлсэн байдаг. Цаашдаа аавынхаа ард түмний сэтгэлд хүрсэн ном бүтээлүүдийг уншигчдын хүртээл болгох болно.

О.Дашбалбар агсны таван боть номын баяр

А.СҮРЭН 

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж