300 мянган төгрөг бэлнээр олгох нь зөв үү?

Хуучирсан мэдээ: 2017.10.27-нд нийтлэгдсэн

300 мянган төгрөг бэлнээр олгох нь зөв үү?

УИХ-ын Өргөдөл, гомдлын байнгын хороо анхны хуралдаанаа хийлээ. Ингэхдээ байнгын хорооны чиг үүрэг ямар байх талаар голлон ярилцсан юм.

Төрийн албан хаагчдад нэг удаагийн нөхөн олговор болгож, 300 мянган төгрөг олгох шийдвэрийг УИХ-аас 2017 оны төсвийн тодотголыг батлах хүрээнд гаргаад байна. Нөхөн олговорт зориулж улсын  төсвөөс 55.4 тэрбум төгрөг зарцуулах юм. Энэхүү нэг удаагийн тэтгэлэг иргэдийн амьдралд болоод эдийн засагт ямар нөлөө үзүүлж болох талаар эдийн засагчдын саналыг хүргэж байна.


Эрээний наймааг дэмжсэн шийдвэр боллоо

Монгол бизнесийн ахлах сургуулийн захирал, доктор Н.Дашзэвэг

-Том зургаар харвал шударга бус арга хэмжээ. Монголд 1,2 сая хүн ажиллаж байхад хоёр зуун мянган төрийн албан хаагчдад тэтгэмж олгохоор  шийдсэн нь шударга биш. Цаана нь байгаа нэг сая хүн яах вэ, хувийн хэвшлийн ажилтнууд хэрхэх вэ гэдгийг бодолцох ёстой. Ер нь цалин нэмэх нь гарцаагүй. Сүүлийн 5-6 жилд бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, төгрөгийн ханш эрчимтэй уналаа.  Ядуурлын функци ч 8-9 хувь нэмэгдчихээд байхад цалин нэмэх нь зөв. Гэвч бэлэн мөнгө тарааснаар эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхгүй. 200 мянган хүний хэрэглээнд ороод, Эрээнээс ирж буй наймааг дэмжээд л алга болох биз. Үндэсний үйлдвэрлэлд ч сайнаар тусахгүй үр нөлөө багатай, мөнгө цацсан шийдвэр гэж харагдаж байна.


Нэг удаа ам хаасан хэрэг

МУИС-ийн багш, доктор  Л.Оюун

-Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн тэтгэлэг олгож байгаа нь нэг удаагийн ам хаасан хэрэг болж байна. Энэ мөнгийг олгосноор арилжааны банкны зээлүүд төлөгдөх байх, инфляцид багахан хэмжээний нөлөө гарах болов уу. Гэхдээ шалихгүй. Уг нь бол цалин нэмэхээр борлуулалтыг урамшуулж, үйлдвэрлэл сэргэх зэргээр сайн үр дагавар авчирдаг. Ганц удаагийн мөнгө тараалт үйлдвэрлэлд нөлөө үзүүлэхгүй. Борлуулалт ч 1-2 хоногтоо л идэвхжих байх. Тиймээс бэлэн мөнгө тараах нь ямар ч эерэг нөлөөгүй. Ер нь бол багш нарын цалинг шаталсан байдлаар нэмэгдүүлэх ёстой. Социализмын үеийнх шиг тэгшитгэсэн байдлаар бус ур чадварт нь тохирсон цалинг олгодог болох нь шударга хэрэг.


Хагас сарын хэрэглээг хангах төдий л зүйл

Монголын эдийн засгийн форум ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Лакшми:

-Бэлэн мөнгө тараах нь инфляцид заавал нөлөөлдөг. Инфляци дагаж үнэ өсөх нь тодорхой. Цөөн тооны төрийн  албан хаагчдад тэтгэлэг олгоод эхлэхээр бусад салбарынхан барьцах, дагалдаж цалин нэмэхийг шаардах магадлал өндөртэй. Нөгөөтэйгүүр 300 мянган төгрөг гэдэг тухайн хүнийхээ амьдралыг шийдэх хэмжээний их мөнгө биш. Зөв зарцууллаа гэхэд хагас сарын хэрэглээг хангах төдий л зүйл.

Массаар нь харвал 55.4 тэрбум төгрөг гэдэг бага мөнгө биш. Гурван ээлжээр хичээллэдэг хэчнээн сургууль байгаа билээ. Цэцэрлэг хүрэлцээгүйгээс хүүхдүүд  гэртээ цоожлогдон үлддэг тухай, түүнээс үүдсэн сөрөг үр дагаврын талаарх мэдээлэл хэвлэлээр олонтаа цацагддаг. Тиймээс нийгмийн чиглэлд тэр мөнгийг зарцуулж болох байсан.


Бүтээмж шаардахгүйгээр мөнгө тараах нь буруу

Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал  Ж.Үнэнбат

-Урсгал зардал 55.4 тэрбум төгрөгөөр  нэмэгдэнэ гэсэн үг. Аливаа зарлага эдийн засагт үр өгөөжтэй байх учиртай. Гэтэл хөдөлмөрийн бүтээмж шаардахгүйгээр мөнгө тараана гэдэг зохистой үйлдэл биш. Аль ч талаараа эдийн засагт сөрөг нөлөөтэй. Инфляцид  бол хүчтэй нөлөө үзүүлэхгүй байх гэж харж байна.  Төрийн байгууллагын ажилтнуудын хувьд бүтээмжид тохируулан цалинг өсгөх ёстой гэдэгтэй санал нэгддэг. Бүтээмжид хамааралгүйгээр мөнгө тараахыг болих хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж