Ж.Ганбаатар: Төрийн албыг цомхон болгоё

Хуучирсан мэдээ: 2017.10.27-нд нийтлэгдсэн

Ж.Ганбаатар: Төрийн албыг цомхон болгоё

Ж.Ганбаатар: Төрийн албыг цомхон болгоё

УИХ-ын чуулганаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж  байна. Энэ хуулийн төсөлтэй холбоотой цөөхөн гишүүн асуулт тавив. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Билэгт Монгол төрийг хүндэлдэг хүн төрийн албанд сонгогдох ёстой. Одоо бол газрын дарга нар хэтэрхий хүнд сурталтай байна хэмээн шүүмжлэв.

Мөн УИХ-ын гишүүн Н.Учрал ‘Төрийн албаны хуулийг системээр нь өөрчлөх хэрэгтэй. Ингэж чадахгүй бол ямар өөрчлөлт болох юм бэ. Төрийн албаны хяналтын зөвлөлд олон нийтийг оролцуулмаар байна. Төсвийн захиран зарцуулалтад  ‘F’ авсан даргыг шууд ажлаас нь халах хэрэгтэй. Ийм зохицуулалт оруулахгүй бол шүүхэдсэн хүмүүс боллоо’ гэв.   

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Төрийн албанд ажиллаж байгаа 240 мянган хүний цалинг бизнес эрхлэгчид өгч байгаа.  Монгол Улсын нийт ажилчдын 20 хувь нь төрийн албанд ажиллаж байна. Манайхтай ижил түвшний улс оронд 10 хувьтай байдаг. Тиймээс төрийн албан хаагчийг нийт ажилчдын 12 хувь болгох санал оруулж байна. Төрийн үйлчилгээг багасгахгүй байж болно, Төрийн захиргаа, Төрийн тусгай албыг багасгах санал гаргаж байна.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Төрийн алба нүсэр бүтэцтэй гэдэгт санал нэг байна. Гэхдээ төрийн албан хаагчийн тоо бол харьцангуй ойлголт. Бид шууд 12 хувь гэж хуульд тусгаж болохгүй. Ер нь төрийн албыг цомхон болгох шаардлагатай. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Энэ хууль батлагдаж гарснаар төрийн алба цомхон болох ёстой. Төрийн албан хаагчийн дөрвөн хүн тутмын нэг нь төрийн албанд тэнцэхгүй байна. Иймд дүгнэлт гарсан тул төрийн албыг багасгах боломжтой. Сингапур улсын хөгжсөн нууц нь тус улсын төрийн албанд хамгийн чадвартай хүмүүс ажилладагтай холбоотой.

Энэ жил ажлаас халагдсан 23 мянган төрийн албан хаагчид тэтгэмж олгохоор байна. Энэ мэт халаа сэлгээний нөхөн төлбөрийг төр төлсөөр байх уу. Хэрэв тухайн газрын дарга хууль бус томилгоо хийсэн бол хариуцлагын тогтолцоог суулгаж өгөх хэрэгтэй.  

Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлэв. Өмнө нь Байнгын хороодоор уг хуулийн төслийг хэлэлцэх үед нийт 88 зарчмын зөрүүтэй санал гарчээ. Ингээд өнөөдрийн чуулганы хуралдаанаар Байнгын хорооноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналыг хурааж байна.

Сануулахад, Төрийн албаны тухай хуулийг анх 1994 онд баталсан бөгөөд 1995 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлжээ. Ингээд 2002 онд уг хуулийг шинэчлэн найруулж, 2008 онд хэд хэдэн зарчмын шинжтэй томоохон нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. 

Энэ удаагийн шинэчилсэн төсөлд  төрийн албан хаагчид шатлан дэвших боломж олгосон, мэргэшсэн, тогтвортой, шударга, ил тод, хариуцлагатай,  улс төрөөс хараат бус төрийн алба болгоход чиглэжээ. 

 

Т.НОМИН
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж