Өр дарах хувилбараа өөрчлөх дөрвөн жил

Хуучирсан мэдээ: 2017.10.27-нд нийтлэгдсэн

Өр дарах хувилбараа өөрчлөх дөрвөн жил

РС тоглоом сонирхогчдын дунд “Элит” тоглоомыг зохион бүтээснээрээ алдартай Английн компьютер програмист Дэвид Брэбен ээлжит видео тоглоом бүтээх нэгэн шинэ ажилдаа орсон гэнэ.

Өрийг өрөөр төлдөг гинжин хэлхээ хэзээ дуусах вэ

Монголд мөнгө өгөх хөрөнгө оруулагчдын сонирхол ийн өндөр байснаас бондын хэмжээ өсөж, хүү буурсан байна. Эртний хаадын итгэлийн бэлгэдэл “Гэрэгэ”-ээр нэрлэсэн шинэ бонд эдүгээ цагт Монголд итгэх хөрөнгө оруулагчдын найдварыг илтгэж буй. Хөрөнгө оруулагчдын сонирхол Монголын хүсэлтээс өндөр байгаа нь Монголд итгэж, манай эдийн засгийг өөдрөгөөр төсөөлөгчдийн тоо төдий чинээ дээгүүр байна гэсэн үг. Нөгөө талд, эрсдэлтэй, ирээдүй нь бүүдгэр зах зээлд хөрөнгө оруулагчид мөнгө цутгахгүй нь лавтай. Тэгэхээр ирэх жилүүдэд Монголын эдийн засагт эерэг дүр зураг голлох төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, гадаадын хөрөнгө оруулагчдын хандлагаас дотоодын нөхцөл байдлаа тольдож болох юм. Шинэ бондыг даган шинэ асуулт урган гарлаа. Уг нь Монгол Улс ирэх оноос эргэн төлөлт нь эхлэх “Чингис”, “Димсам” бондын үндсэн болон хүүгийн төлбөр болох 660 орчим сая ам.долларыг төлөхийн тулд дахин зээл авч байгаа.

Гэтэл шинэ бондын хэмжээ нь 800 сая ам.доллар буюу эргэн төлөлтөөс 150 орчим сая ам.доллараар илүү санхүүжилтийг гадаад зах зээлээс татах нь тодорхой боллоо. Үүнийг төгрөгт шилжүүлбэл ойролцоогоор 400 орчим тэрбум төгрөгтэй тэнцэх энэ их мөнгийг Засгийн газар юунд зарцуулах вэ. Одоогоос хэд хоногийн өмнө шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилох үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газар хувийн хэвшлийн санхүүжилтийн эх үүсвэрийг булааж, дотоодод үнэт цаас гаргахгүй гэж мэдэгдсэн. Тиймээс дотоодоос санхүүжилт босгохгүй гэдгээ амласан шинэ Засгийн газар гадаадаас мөнгө босгож буй нь энэ аж. Өөрөөр хэлбэл, Засгийн газар ирэх онд эргэн төлөлтөө хийгээд үлдсэн 400 орчим тэрбум төгрөгийг төсөвт шилжүүлэхээр төлөвлөснийг албаны эх сурвалж мэдээллээ.

Гэхдээ гадаадаас эх үүсвэр татсан нь хүүгийн хувьд харьцангуй бага боловч ханшийн савлагаанд өртөх эрсдэлтэйг мартаж болохгүй. Дээрээс нь ингэж их эрсдэл хүлээж байж босгосон мөнгөө өчигдрийн Засгийн газрын шийдвэр шиг нөхөн олголт, тэтгэвэр, тэтгэмж нэрийдлээр тараачихвал бонд босгож, бадар барьсны гавьяа гарах уу. Хэдийгээр харьцангуй хямд үүсвэр татаж байгаа ч Монгол Улс сүүлийн өрийн эргэн төлөлтүүдээ бүгдийг нь өрөөр санхүүжүүлсээр өдий хүрлээ. Өөрөөр хэлбэл, бид хугацааг нь сунгахаас өөрөөр өр, төлбөрөө өөрчилж байгаа юм алга. Хойд хормойгоороо урдахаа нөхөх энэ арга Монголын ирээдүйг өрөнд хүлэхээс өөр үр дүн дагуулахгүй.

Энэ байдлаар бол Монгол Улс хамгийн ойрын буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 6-нд эргэн төлөх 500 сая ам.доллараа дахиад л зээл авч, төлбөрөө хийх нь. Ингээд л өрийн хэлхээ ирэх жилүүдэд ч хөвөрч өгөх нь. Тэгвэл энэ чөтгөрийн тойрог хэдий хүртэл үргэлжлэх бол. Энэ хэлхээ үргэлжилсээр байвал Монгол Улс өөрийн гинжнээс өндийхгүй. Тиймээс хямд эх үүсвэр татлаа хэмээн тайвшрах бус ирэх жилүүдэд Монголын Засгийн газрын үүдийг тогших шинэ эргэн төлөлтийн эх үүсвэрээс ч бодолцох үе нь одоо. Эс бөгөөс дөрвөн жилийн дараа хурааж, хуримтлуулсан хөрөнгөгүй Монгол Улс хадаг бариад, дахин хөрөнгө оруулагчдын үүдийг сахина. Иймд үүнээс өмнө мөнгө олох, ам.доллар даллах арга хэрэгслийг эрэлхийлэх нь чухал байна.

Дээрээс нь олон улсад өртэй атлаа мөнгөтэй хүн шиг үрэн таран хийдэг, үрэлгэн зангаа гээхгүй бол санхүүжилт салхинд хийсээд үгүй болдгийг өнгөрсөн жилүүдийн түүх хангалттай бидэнд харуулсан. Үнэндээ өрийг нь дарах гэж буй 660 сая ам.долларыг гадаадаас зээл авалгүй, дотоодын нөөц бололцоогоо ашиглан, төлөх боломж өнгөрсөн жилүүдэд Монгол Улсад байсан гэдгийг эдийн засагчид хэлдэг. Гэвч энэ боломжоо ашиглаж чадаагүйгээс ийм байдалд хүрчихээд байгаа. Ойрын жилүүдэд Монголын эдийн засагт өсөлтийн цонх үе тохиох нь тодорхой байгаа. Эдийн засгийн зүтгүүр болсон түүхий эдийн ханш тогтвортой, экспортын орлого нааштай байх төлөвтэй. Дээрээс нь олон улсын түншүүдээс үлэмж хэмжээний мөнгөний урсгал орж ирэхээр байна. Хэрэв энэ санхүүгийн урсгалыг богино хугацаанд өгөөж өгдөг, бодит салбарт оруулж чадвал өр, төлбөрөө барагдуулах боломж бий. Иймд эргэн төлөлт хийх хувилбараа ирэх дөрвөн жилийн хугацаанд өөрчилж, өрийг өрөөр бус өрийг өөрийн хөрөнгөөс барагдуулдаг арга барилд шилжих цаг болжээ. Учир нь өрийн тоолуур зогсоогүй, гүйсээр буй.

Эх сурвалж: ‘ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ’ СОНИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж