Дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Сумъяа Абу Дабигийн “Их дуулга”-аас аваргын алтан медаль хүртлээ. Тэрбээр аваргын төлөө олимпийн аварга, Бразилын жүдоч Рафаэла Сильватай барилдаж, нэмэлт цаг вазари үнэлгээгээр ялсан юм.
Д.Сумъяа Риогийн олимпийн шигшээд Сильватай барилдаж, ялагдал хүлээснээр мөнгөн медаль хүртэж байсан билээ. Олимпиос хойш ийнхүү жил гаруй хугацааны дараа дахин таарч өрсөлдөгчөө буулган авлаа. Тэд өмнө нь зургаан удаа таарч барилдахад манай бөх дөрөвт нь ялж байжээ.
Д.Сумъяа “Их дуулга”-ын дэвжээнд 57 кг-ын жингийн А хэсэгт барилдаж, эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Канадын Криста Дегучиг вазари үнэлгээгээр, дараа нь Польшийн Анна Боровскаг мөн вазаригаар ялж, хэсгийн аварга болсон. Хагас шигшээд тэрбээр ОХУ-ын жүдоч Анастасия Конкинатай таарч, вазари үнэлгээгээр учраагаа буулган авснаар аваргын төлөө барилдах эрхтэй болсон юм.
Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны “Их дуулга”-ын ээлжит тэмцээн Арабын нэгдсэн Эмиратын Абу Дабид өнөөдөр эхэлсэн юм. Тэмцээний эхний өдөр хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, 57 кг-ын жинд аваргууд тодорсон. Монголын жүдочдоос өнөөдөр Д.Сумъяагаас гадна 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, ОУХМ Г.Хэрлэн нар хүч сорилоо.
Шинэ мэдээлэл дуулгахад, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Олимпийн мөнгө, Дэлхиийн аваргын алт, хүрэл, багийн Дэлхийн аваргын мөнгөн медальт Доржсүрэнгийн Сумъяад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээх зарлигт гарын үсэг зуржээ. Д.Сумъяа 2015 онд Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн амжилтаараа Гавьяат тамирчин цол хүртсэн бол ОЛИМП-ийн мөнгө, ДЭЛХИЙН АВАРГА-ын алтан медаль хүртсэн амжилтыг нь үнэлж, ийн шагнахаар шийдвэрлэжээ.
Халуун баяр хүргэе.
Д.Төмөрхүлэг эхний тойрогт Азербайжаны Илкин Бабазадаг торгуулиар, дараа нь Францын Валид Хьярыг вазари үнэлгээгээр ялсан ч хэсгийн аваргын төлөөх барилдаанд IJF-ийн нэр дээр барилдаж буй Израилийн жүдоч Тал Фликерт ялагдсан. Ингээд торгуулийн барилдаанд зодоглож, Мороккогийн бөх Имад Бассоуг цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Харамсалтай нь, шийдвэрлэх барилдаанд ОХУ-ын тамирчинд цэвэр ялагдсанаар шагналт тавдугаар байрт шалгарсан.
Мөн тус жинд зодоглосон ОУХМ Г.Хэрлэнгийн хувьд эхний тойрогт Германы Себастьян Сайдлыг ялсан ч удаах тойрогт ОХУ-ын жүдоч Абдула Абдулжалиловт ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
Абу Дабигийн “Их дуулга”-д дэлхийн 47 орны 277 тамирчин оролцож байна. Монголын багийн хувьд эрэгтэй тав, эмэгтэй нэг тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм.
Маргааш /2017.10.27/ эрэгтэй 73 ба 81 кг, эмэгтэй 63, 70 кг-ын жингийн барилдаан болно. Монголын тамирчдаас 73 кг-д ОУХМ Г.Одбаяр, 81 кг-д ОУХМ О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн нар барилдана.
С.ЦЭЛМЭГ