Стандартчилал хэмжил зүйн газрын хуулийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2017.10.26-нд нийтлэгдсэн

Стандартчилал хэмжил зүйн газрын хуулийг дэмжлээ

Ажлынхаа эхэнд Ерөнхий сайд аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй танилцав.

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулсан юм. Мөн хуулийн төслийн үзэл баримтлалын талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо санал дүгнэлт гаргасныг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир танилцууллаа. 

Үүний дараа УИХ-ын гишүү Л.Энх-Амгалан “Маш чухал хууль. Сүүлийн жилүүдэд энэ хуулийн сураг гарсан ч УИХ-д өргөн баригдахгүй байсныг би гайхдаг. Бизнесийн салбарынханд хатуухан хэлэхэд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчилал, хэмжил зүйн газар гэсэн хоёр том дарамт байдаг. Монгол Улсын хөгжлийг дандаа хойш нь татдаг зүйл бол стандарт, хэмжил зүйн тогтолцоо. Харин нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохлох вий гэсэн болгоомжлол байна. Олон улсад мөрдөгддөг стандарт бий болж чадах уу” гэсэн асуулт тавьж, Стандартчилал хэмжилзүйн газрын дарга н.Гантөмөр “Хуулийг гурван жилийн хугацаанд боловсруулсан. Монгол Улсын хууль эрх зүйн орчныг олон улсын жишигт ойртуулах зорилгоор Европын холбооны төслийн багтай хамтран судалгаа хийсэн. Дэлхийн 159 орны загварыг судалж, оруулж ирсэн хууль. Стандартын байгууллага ISO стандартаар үнэлдэг. Монгол Улсын стандартын байгууллага анх удаа анхны үнэлгээгээ хийлгэсэн. Энэ хуулийг хэрэгжүүлснээр эрх зүйн орчин олон улсын жишигт хүрнэ. Хамгийн чухал нь Монгол Улсад мөрдөгдөж буй 6149 стандартаас 50 хувийг нь сонгон хэрэглэхээр болж байгаа юм. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Би бол хувьдаа Стандарт, хэмжил зүйн газрыг зах зээлийн нийгэм дэх хамгийн муу стандарттай байгууллага гэж боддог. Монголчууд улсдаа эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл байхгүй байна. Өөрсдийгөө өөрчилж байж, зах зээлийн нийгэмд зохицож ажиллах шаардлага гарна. Нийслэлд байгаа гэр хорооллын гудамж талбайн эмх цэгц, барилга орон сууц гээд бүх зүйл стандартын дагуу байх ёстой. Гэтэл өнөөдөр Монголд эсрэгээрээ байна. Хууль шинэчлэгдсэнээр нийгэм, эдийн засагт хэр эерэг өөрчлөлт гарах вэ” гэсэн асуулт тавив.

Үүнд Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга н.Гантөмөр “Стандарт бол нийгмийн бүх харилцааг зохицуулдаг. Шинэ хууль батлагдсан тохиолдолд дэлхийн түвшинд нийцсэн стандартыг сонгон хэрэглэх боломж бүрдэнэ гэж хариулав.

УИХ-ын гишүүд үг хэлж дууссаны дараа санал хурааж, Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэдгийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 81,5 хувь дэмжиж, санал дэмжигдсэн юм. Тиймээс хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. 

Монгол Улсын нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж