Г.Тэмүүлэн: Цаашид бэлэнчлэх сэтгэлгээ төрүүлмээргүй байна

Хуучирсан мэдээ: 2017.10.26-нд нийтлэгдсэн

Г.Тэмүүлэн: Цаашид бэлэнчлэх сэтгэлгээ төрүүлмээргүй байна

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэн конгресс болон сенатын сонгууль давхар явагдаж байна.

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн гуравдахь хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: 

“Улсын төсөвт давсан орлогоос 192 мянган төрийн албан хаагчид буцалтгүй тусламж олгохоор болсон. Буцалтгүй тусламж гэдэг нэр томьёог Засгийн газар анхаарах ёстой. Цаашид бид бэлэн мөнгө тарааж, бэлэнчлэх сэтгэлээ төрүүлэхгүй байх, ажлын байр нэмэгдүүлэх, үйлдвэрлэл нэмэгдүүлэх нь чухал. Тэжээвэр сэтгэлгээг халж, сонгууль дөхөх бүрт буцалтгүй тусламж нэрээр төсвийн мөнгө үрэн таран хийх вий гэдэг болгоомжлол байна. Түүнээс гадна жижиг, дунд үйлдвэрлэлийг татварын бодлогоор дэмжих шаардлагатай. Ингэж байж бид импортоор авч буй барааг багасгах, инфляци тогтвортой байх боломж бүрдэнэ. Төсөв алдагдалтай байхад бид буцалтгүй мөнгөн төлбөр хэлбэрээр олгож байгаа нь буруу. Төрийн албан хаагчдын нийгмийн асуудал, цалинг нэмэх хэлбэрээр зохицуулалт хийж болох биш үү” гэсэн асуулт, тодруулга авсан юм.

Үүнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Өнгөрсөн дөрөв, таван жилийн хугацаанд төр бүгдийг авч, хувийн хэвшил хийх боломжтой зүйлийн урдуур дайрч ирсэн. Тэр нь үр дүнд хүрээгүй. Хувийн хэвшлийг дэмжих арга замаа зөв олох хэрэгтэй. Одоо улсын төсөв 2,7 тэрбум төгрөгийн алдагдалтай явж байгаа. Ийм алдагдалтай санд нэмж мөнгө төсөвлөхгүй л гэж байгаа юм. Төрийн албан хаагчдад буцалтгүй тусламж өгөхөөс өөр арга байхгүй” гэсэн тайлбарыг өгсөн юм. 

УИХ-ын чуулганы хуралдаанаар одоо Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж