2018 онд мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2017.10.26-нд нийтлэгдсэн

2018 онд мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг дэмжлээ

“Кэмпинский” зочид буудалд яг одоо Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яам болон холбогдох албан тушаалтнууд АНУ-д болж буй ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүлээж байна.

УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж буй. Мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авч байна. Тухайлбал, 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:

-“Сүүлийн үед зээлийн хүү бууруулах талаар арилжааны банк, Монголбанк, Засгийн газар зарим арга хэмжээг авч байгаа. Энэ бүхнийг нэгтгэж, хууль эрх зүйн зохицуулалт оруулж ирэх ёстой байна. Зээлийн хүү бууруулахын тулд Монголбанк, арилжааны банкны хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа. Чанаргүй зээл маш их байгаа учраас энэ асуудыг яаравчлах хэрэгтэй. Түүнээс гадна 12 хувьтай бодлогын хүүтэй байхад гаднаас хөнгөлөлттэй зээл оруулж ирэх, хөрөнгө оруулалт татахад хүндрэлтэй байна. Зэсийн үнэ өсөхөд эдийн засагт өөрчлөлт орж байна гэж байгаа боловч бусад салбарт байдал маш хүнд байгаа. Тиймээс бодлогын хүү, зээлийн хүүг бууруулах асуудлыг яаралтай шийдвэрлэж, ярих хэрэгтэй байна. Хүү дагаад инфляци найман хувьтай байна гэж Мөнгөний бодлогод тусгасан. Одоо инфляци зургаан хувь байгаа. Энэ хэвээр нь хадгалаад явсан нь дээр биш үү” гэсэн асуулт тавив.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан: 

-“Монгобанкны зүгээс инфляцийг өөрсдөө зориудаар нэмэх бодлого баримтлаагүй. Эдийн засгийн өсөлтийг дагаж, инфляци хөөрөгдсөнөөр иргэдийн амьдралд нөлөөлнө. Өнгөрсөн жил Мөнгөний бодлогод инфляцийг найман хувь гэж тооцсон учраас энэ хэвээр хадгалах нь зөв гэж үзсэн. Одоо байгаа 6,6 хувийн инфляци эрэлт, нийлүүлэлтийн хүчин зүйлээс шалтгаалан найм орчим хувьд хүрэх байх гэж бодож байна. Бид үүнээс цааш өсгөхгүй байх бодлого баримтална. 

уих-ын гишүүн б.энх-амгалан:

-“Засгийн газар, Монгол Улсын өр нэмэгдсээр байна. Гэтэл Хөгжлийн банкны бондын төлбөр төлөх, БНХАУ-ын ардын банктай хийх своп хэлэлцээ байгаа гэсэн. Энэ асуудал дээр ямар бодлогын арга хэмжээ авсан бэ. Банкны системд 935,2 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээл, 1,9 их наяд төгрөгийн эрсдэлтэй зээл байна гэж байна. Банкуудын чанаргүй, эрсдэлтэй зээлүүдэд ямар бодлого баримталж ажиллаж байна вэ. Ирэх онд төлөх өрүүд нэмэгдсэн шалтгаан юу байв. Өмнө нь санхүүгийн сахилга алдсан, төсвийн үр ашиггүй зардал гаргасан хүмүүст ямар хариуцлага тооцох гэж байна вэ?” гэж асуув.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан:

-“Монгол Улс, Засгийн газар, Монголбанкны өртэй холбоотой маш том судалгаатай материал бий. Энэ бүхэн нууцын зэрэглэлтэй. Банкуудын муу зээл нэмэгдэж байгаатай холбогдуулан активын чанарын үнэлгээ хийж байгаа. Энэ үнэлгээг хийж дуусгаад, дүгнэлт гаргана. Түүний дараа бид ямар үр дүн гарахаас хамаарч банкны салбарыг эрүүлжүүлэх арга хэмжээ авна. Гэхдээ Засгийн газар, УИХ-тай хамтран холбогдох шийдвэр гаргуулна” гэлээ. 

Үүний дараа УИХ-ын гишүүд саналаа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-“Мөнгөний бодлогыг бид өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд эдийн засагтайгаа уялдсан байх ёстой, Монголын валютын ханшны бодлогыг тухайн үед нь зохицуулна гэсэн ганцхан заалттай явж ирлээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Төв банкны ерөнхийлөгч байсан хүн валютын ханшаа 70 хувь нэмэгдүүлж, бүх юмны үнэ өсгөсөн. Үүнд хэн ч хариуцлага хүлээдэггүй. Бусад улс оронд УИХ-ын төсөв шинжилдэг байгууллага байдаг. Энэ байгууллагыг УИХ-ын дэргэд байгуулах нь зүйтэй гэж бодож байна” гэсэн саналаа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

-“Мөнгөний бодлогод эдийн засгийг дэмжих чиглэлийн бодлого гэх зүйл алга. Хүүгийн бодлого, валютын ханшийг тогтворжуулах дээр тодорхой арга хэмжээ аваагүй байна. Банкуудад активын үнэлгээ хийж байгаа. Шалгалтын дүнд активын үнэлгээг давах банкууд байхгүй байх гэж таамаглаж байна. Хэрэв өөрийн хөрөнгө нь активын үнэлгээнд хүрэхгүй бол яах вэ гэдгийг бодолцох ёстой гэж бодож байна” гэсэн саналаа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-“2018 оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг дэмжиж байгаа. Хадгаламжид байгаа нийт хөрөнгийн 95 хувь нь цөөхөн хүний мэдэлд байгаа гэж сонссон. УИХ-д Төв банкны цогц хууль орж ирж байгаа бол хадгаламжийн хүүг бууруулах асуудлыг бодолцох хэрэгтэй. Монгол Улс хадгаламжийн хүү өндөртэй орнуудын тэргүүнд явдаг. Хадгаламжийн хүү бууруулахад дагаад зээлийн хүү буурдаг учраас энэ тал дээр шуурхай арга хэмжээ авч ажиллаарай” гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-“Монгол Улсын санхүү, эдийн засгийн байдал амаргүй цаг үеийг бид туулж байна. Засгийн газраас 800 орчим сая ам.долларын бонд босгож, мөнгө оруулж ирж байна. Үүний ихэнхээр Чингис бондын эхний төлбөрийг төлнө. Бид чөтгөрийн тойрог буюу зээлийг зээлээр дарах тойргоос гарч чадахгүй байна. Яг одоогийн байдлаар жилдээ нэг тэрбум төгрөгийн алдагдалтай, өр төлсөөр яваа. Одоо үлдэж байгаа парламент мөнгөний бодлого, төсөвт зоримог алхам хийхгүй бол олсон мөнгөө зээлийн хүүнд төлсөөр байх тийм л дүр зураг харагдаж байна” гэсэн санал гаргалаа. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-“Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж байгаа, эдийн засгийн суурь үзүүлэлт өмнөх жилүүдтэй харьцуулахад нааштай үзүүлэлт гарч байгаа энэ тохиолдолд эдийн засгийн үр өгөөжийг наашлуулах, ажлын байр нэмэгдүүлэх бодлого баримталмаар байна” гэсэн санал илэрхийллээ. 

УИХ-ын гишүүд үг хэлсний дараа Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн хэлэлцэх эсэхийг чуулганд оролцсон гишүүдийн 77,2 хувь нь дэмжсэн юм. 

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж