Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо энэ жил ганзага дүүрэн байна. БНХАУ-ын Шиамень хотод болсон 3×3 сагсан бөмбөгийн дэлхийн оюутны лигт манай улсын баг алтан медаль хүртсэн. Энэхүү мэдээ хуучирч амжаагүй байхад Монголын эрэгтэй шигшээ баг дахин сайхан мэдээлэл дуулгасан нь 2017 оны зургаадугаар сард Филиппин Улсын Манила хотод болох Дэлхийн аваргад оролцох 20 улсын нэгээр шалгарч, анх удаагаа оролцох эрх авсан онцгой үйл явдал байлаа. Гудамжинд гурав гурваараа тоглодог хүүхэд залуус мэргэжлийн тамирчид болох боломжтойг манай баг тамирчдын томоохон амжилтуудаас харж болохоор байна.
Тэмцээнд оролцох эрх авсан баг тамирчид энэ амралтын өдрүүдэд болох 3x3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.
Азийн аваргад оролцох багуудын шилдэг таван тамирчны дунд Монголын тамирчин Э.Дөлгөөн багтжээ. Гадаадын вэб сайтуудад түүний гарын хурдан шаламгай хөдөлгөөн, үс засалтыг онцлон бичсэн байдаг.
Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа нь сагсан бөмбөг сонирхогч олон залууст тухайн тоглолтын торгон агшныг ойроос харах боломжийг олгоно. Энэ удаагийн тэмцээнд Австрали, Шинэ Зеланд зэрэг орнууд оролцоно.
3×3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав:
–Тэмцээний бэлтгэл ажил бүрэн хангагдаж дуусав уу ?
-Тийм ээ, дуусалгүй яахав. Тэмцээн маргааш эхэлнэ. Багийн спортын төрлөөр манай улсад зохиогдож байгаа томоохон тэмцээнүүдийн нэг. 2013 онд Азийн аваргын анхны тэмцээн болж байлаа. Азийн аварга шалгаруулах тэмцээнд 15 орны 27 баг оролцохоор ирээд байна. 3×3 төрөл нь олимпийн төрлийн спорт болсон. Тиймээс Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 3x3 төрлийг хөгжүүлэх чиглэлээр улс орнуудад тэмцээн зохион байгуулах эрх олгож байна. Үүний жишгээр Азийн аварга шалгаруулах тэмцээнийг манай улс гардан зохион байгуулж байгаа юм.
-Бэлтгэл ажлын явцад хүндрэлтэй зүйл юу гарч байв?
-Тэмцээний зохион байгуулалтад гурван сарын өмнөөс эхэлж бэлтгэсэн. Мэдээж анхны удаа болохоор туршлагагүйтэх зүйл гарч байсан. Гэхдээ тэмцээний стандартыг хянахаар Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 14 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж, хамтран ажиллаж байна. Тэдний өгсөн гарын авлага, заавар стандартын дагуу техник хэрэгсэл, талбайн бүх ажлыг зохион байгуулалтыг хийж гүйцэтгэлээ.
Азийн аварга шалгаруулах тэмцээн маргааш буюу аравдугаар сарын 27-ны өдөр эхэлж, 29-нийг дуустал Crocus event hall-д үргэлжилнэ. Тэмцээнийг 180 оронд шууд дамжуулах бөгөөд Олон улсын сагсан бөмбөгийн холбооны youtube сувгаар шууд дамжуулах юм.
Олон улсын сагсан бөмбөгийн холбооны Олон нийттэй харилцах хэвлэл мэдээллийн менежер Annie Оshea:
-Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол улсад зохион байгуулагдах гэж байна. Энэ жил Монголын хоёр ч баг дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд амжилттай оролцлоо. Энэ эрч хүчээ алдахгүй явбал 2020 оны Токиогийн олимпод оролцох нөөц боломж байна. Монголын баг тамирчид болон тэмцээн зохион байгуулж байгаа хүмүүстээ амжилт хүсье. Маргааш болох тэмцээнийг тэсэн ядан хүлээж байна.
ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ