Монголын Төмөр замчдын нэгдсэн холбоодын явуулж буй үйл ажиллагааг эсэргүүцэн тус холбоонд харьяалалтай таван холбоо нэрээ татаж байгаагаа өнөөдөр /2017.10.26/ зарлалаа.
Төмөр замчдын нэгдсэн холбоод нь долоон хэсэг мэргэжлийн холбоодоос бүрддэг ба 2015 онд байгуулагджээ. Гэтэл сүүлийн нэг жилийн хугацаанд огт хуралдаагүй гэв. Мөн тус холбооны удирдлагууд бусад гишүүдтэйгээ зөвлөлдөлгүйгээр шийдвэр гаргадаг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийт холбоодын нэрийг барьж, ташаа мэдээлэл хүргэж байгаа зэргээс үүдэж, нэр бүхий таван холбоо ийнхүү нэгдсэн холбооноос гарахаар шийджээ.
Төмөр замчдын нэгдсэн холбооноос гарснаа зарласан холбоод
- Москвагийн төмөр замын их сургууль төгсөгчдийн холбоо
- Монголын зүтгүүрийн инженер, мэргэжилтний холбоо
- Монголын төмөр замын тээвэр зохион байгуулалтын инженерүүдийн холбоо
- Монголын Вагоны мэргэжилтнүүдийн холбоо
- Төмөр замын эрчим хүч, усны инженерүүдийн холбоо
Монголын Вагоны мэргэжилтнүүдийн холбооны тэргүүн Л.Болд энэ талаар “Холбоод болгон өөрийн ажлын онцлогтой үйл ажиллагаа явуулдаг. Нэгдсэн холбоо нь бидэнтэй ажил мэргэжлийн талаар уулзаж дорвитой бодлого боловсруулахын оронд бидэнтэй хуралдаж шийдээгүй асуудлуудаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа тарааж, төмөр замын үйл ажиллагааны талаар олон нийтэд буруу ойлголт төрүүлж байна. Иймээс тус холбоонд нэгдсэн энэхүү таван холбоо гарч, тус тусынхаа үйл ажиллагааг явуулахаар болж байна. Төмөр замын нэгдсэн холбооноос гаргасан мэдэгдэл бидэнд огт хамаагүй” гэлээ.
Төмөр замчдын нэгдсэн холбоод нь төмөр замчдын эрх ашиг, цаашдын хөгжилд анхаарлаа хандуулалгүй, хэт улстөржсөн үйл ажиллагаа явуулж байгаад дээрх холбоодын тэргүүнүүд гомдолтой байгаагаа хэлж байсан юм.
Мөн нэгдсэн холбоо байгуулагдсанаас хойш төмөр зам огт хөгжөөгүй талаар хэлж байлаа.
Монголын зүтгүүрийн инженер, мэргэжилтний холбооны тэргүүн П.Энхмөнх хэлэхдээ “Сүүлийн үед нэгдсэн холбоо нь шантааж хийж, албан тушаал хөөдөг хэдэн хүний амбицын байгууллага болчихоод байна. Гишүүд рүүгээ чиглэсэн үйл ажиллагаа явуулахгүй байгаа учраас манай холбоо гарч байна. Бид өнөөдөр 21 дүгээр зууны технологийг хэрэглэх ёстой. Гэтэл манай зүтгүүр гэхэд л дандаа орос технологитой. Агаар бохирдуулдаг, эвдрэл гэмтэл их гардаг гээд хоцрогдчихсон. Монголын MNS 6039:2009 гэсэн стандарт байдаг. Энэ стандартын дагуу тендер зарладаг болов ч хоцрогдсон технологи авч ирээд өгчихдөг. Шинэчлэгдэх шаардлагатай” гэсэн юм.
Дээрх таван холбоо нь Төмөр замчдын нэгдсэн холбоодоос гарах хүсэлтээ албан ёсоор өнөөдөр хүргүүлэх юм байна.
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ