Удирдагч болох зам амаргүй. XXI зууны дэлхийн удирдагчдын дотор уулын агуйд хоноглож, тариалангийн талбайд бөхөлзөн ажиллаж байсан нь олонгүй.
50 жилийн тэртээ Хятад улс Соёлын хувьсгалын давалгаанд хөл толгойгоо алдаж, зах замбараагүй болсон тэр үед Ши Жиньпин 15-хан настай залуу хархүү байв. Амьдралыг үзэх үзэл нь хараахан бүрэлдэж тогтоогүй хотын хүү алс хязгаарт цөлөгдөж, уул ус, хадан хавцал бүхий хөдөөгийн амьдралд борогшихын хэрээр тэндхийн ядуу зүдүү иргэдийн зовлон гачлант байдлыг өөрчлөх ёстойг ухаарсан гэдэг.
Тэр цагаас хойш хагас зуун өнгөрөхөд Ши Жиньпин улсынхаа удирдагчаар улиран сонгогдоод байна. Хятадын Коммунист намын их хурлаас түүнийг ирэх таван жилд их гүрний удирдагчаар тохоон томилсон юм.
Ши Жиньпин 1953 оны зургадугаар сард төржээ. Хятадын түүхэн удирдагч Мао Зедуны байгуулсан Бүгд Найрамдах Хятад Ард Улс тэр үед “дөрөвхөн настай балчир” байсан юм.
15 нас хүртлээ Ши хорвоогийн өнгө будаг дэндүү ялгаатай болохыг ойлгосон байв. Тэр уг нь Хятадын ханхүү нарын нэг байсан. Түүнээс 10 наснаас өмнөх амьдралыг нь товчхондоо ингэж тодорхойлсон нь бий.
Эцэг Ши Жуншинь Коммунист намын удирдах албанд зүтгэж явсан, Ден Сьяопиний ойрын туслах төдийгүй Хятадын ерөнхий сайдын алба ч хашиж явжээ. Хятадад эдийн засгийн тусгай бүс бий болгох дүр зургийг анхлан гаргасан баатар байв. Нийслэл Бээжин хотын тансаг сууцанд амьдарч, үе тэнгийнхэн дотроо “даргын хүүхэд” гээд додигор нэгэн байжээ.
Гэвч Соёлын хувьсгалын хөлд Ши Жуншинь намын дотоод цэвэрлэгээнд өртөж, эд хөрөнгө, эрх ямба тэргүүтнээ хураалгаад зогсохгүй баривчлагдаж, шоронд хоригджээ. Гэр бүлийнхэн нь мөнхийн дарамтад. Энэ хооронд Ши Жиньпиний эгч нь амиа егүүтгэв. Түүнийг 13 нас хүрэх үед оюутан сурагчдын багш нарыгаа зодож нүдэх, зарим үед амийг нь хөнөөсөн хэрэг ч гарч, улам бүр гаарах болсон тул Бээжин хотын сургуулиудыг хааснаар Ши сургууль завсарджээ.
Өмгөөлж хамгаалах эцэг эх, найз нөхөдгүй хоцорсон Ши Улаан хамгаалагчдын зодуур нүдүүрийг хангалттай амсжээ. Заналхийлэл, сүрдүүлэг, шийтгэл дунд өнгөрсөн тэр үеийн тухай Ши нэлээд хожуу сэтгүүлчид ам нээсэн байдаг.
“Би 14-тэй л байсан юм. Улаан хамгаалагчид надаас “Чи үйлдсэн гэмт хэргийнхээ төлөө ямар шийтгэл амсахаа мэдэж байна уу” гэж. “Цаазлуулах ял мөн үү” гэж асуухад минь “Зуун удаа буудуулах ял мөн” гэж билээ. Харин би дотроо нэг удаа буудуулах, зуун удаа буудуулахын ялгаа юун” гэж бодсон юм”…
Шигийн үеийнхэн сургууль соёлгүй хоцорч, амьдралыг зөвхөн өөрийн бодлоор, сэтгэлийн тэнхээгээр, бодлын хүчээр давсан тухайгаа дурссан нь цөөнгүй. Ши харин бусдыг толгой гудайлгахыг шаардах бус, харин үзэл бодлыг нь сонсохын чухлыг тэндээс суралцсан гэдэг.
Мао Зедун 1968 онд хөдөөгийн иргэдийн хүнд хүчир хөдөлмөрт сурган хүмүүжүүлэх нэрийдлээр хотын 30 сая хүүхэд, залуусыг хөдөөд томилох тушаал гаргасан юм. СШ Шаньси мужийн Лянжиахө хотод хуваарилагджээ.
Уулын агуйд шөнийг өнгөрүүлж, өдрийн уртад тариан талбайд бохисхийх завгүй ажиллаж байсан өдрүүд түүнийг шулуун шударга, дайчин зоригтой, өнөөдрийн Ши Жиньпин ямар байгаа тэр л байр сууринд хүргэх гол хөшүүрэг нь болсон тухай өөрөө дурссан байдаг.
“Би зүрх сэтгэлээ Лянжиахөд үлдээсэн. Лянжиахө л намайг хүн болгосон. Анх 15 настайдаа тэнд очоод бухимдаж, учраа олохгүй цөхөрдөг байлаа. 22-тойдоо буцах үед миний амьдралын зорилго хэдийн тодорхой, бат бөх сууж, би өөрөө итгэл үнэмшил дүүрэн нэгэн болсон байсан”
гэж ярьсан нь бий.
Хятадын 1960-аад оны тосгоны амьдрал амаргүй байжээ. Тог цахилгаан, унаа тээвэр, механик багаж хэрэгсэл гэхээр юм үгүй. Залуухан Ши тэнд л нүцгэн гараараа өтөг бууц зөөж, суваг шуудуу ухаж, зам барьж байв.
Харанхуй агуйд гурван нөхдийн хамт бясаа, жоомонд баригдсан нааран дээр шөнийг туулна. Тэдний нэг нь болох Лю Хоушен 2015 онд хэвлэлд ярилцлага өгөхдөө “Тэр үед бид будааны агшаамал, хэдэн ургамал ногоо, жигнэсэн мантуугаар л ходоодоо борлуулдаг байлаа. Өлссөн цагт хоолой давж л байвал юу ч хамаагүй байдаг” гэж ярьжээ.
Шөнийн цагаар Ши орондоо ороод тосон дэнгийн гэрэлд ном уншина. Түүнийг номын хорхойтон, бас тамхийг угсруулан татдаг байсан тухай Лю овогт дурсжээ. Бас тэр тоглоом наргиан, хүүхэн шуухнаас хол нэгэн байсан аж.
18 нас хүрээд Ши улс төрийн замналаа эхлүүлжээ. Тэр Коммунист залуучуудын нэгдлийн гишүүн болж, 21 настайдаа Коммунист намд элссэн байна.
Мао Зедун нас барсны Ши Жуншинь суллагдах үед хүү нь хэдийн намын гишүүн болсон байжээ. Удалгүй Хятадын засгийн газрын гишүүн болсон байна.
Засгийн газарт хашсан анхны алба нь тухайн үеийн Батлан хамгаалахын сайд Ген Бьяогийн хувийн нарийн бичгийн гэсэн албан тушаал байв.
Шат дараагаар тушаал дэвшиж, 2002 тэр Ши Жиньпин Коммунист намын Жөзянь мужийн намын нарийн бичгийн даргын албанд томилогджээ.
Улмаар 2007 онд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүнээр сонгогдож, түүнээс хойш таван жилийн дараа /2012 оны арваннэгдүгээр сард/ 90 сая гишүүнтэй дэлхий дээрх хамгийн том улс төрийн байгууллага болох ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болов. Дөрвөн сарын дараа тэр ХЯТАДЫН ДАРГА болсон юм…
С.ЦЭЛМЭГ