Ази, Номхон далайн парламентын 19 дүгээр чуулган маргааш эдийн засаг, худалдааны асуудлаар үргэлжлэх аж. Хуралдааныг УИХ-ын дэд дарга Г.Батхүү удирдах бөгөөд энэ үеэр Канад, Чили, Япон, ОХУ, БНСУ, Австрали, Камбоджийн төлөөлөгчид илтгэл тавих юм байна. Тухайлбал, Чили улсаас хүрэлцэн ирсэн төлөөлөгч “Дэлхийн санхүүгийн хямралын үзүүлэх нөлөөг сааруулах болон хөгжил цэцэглэлтэд хүрэхэд чиглэсэн эдийн засгийн түншлэлийг хөгжүүлэх нь” сэдвээр, Япон улсын төлөөлөгч “Эдийн засаг, худалдааны асуудлууд”, Мексик улсын төлөөлөгч “Олон улсын санхүүгийн хямрал ба Ази Номхон далайн бүс нутгийн худалдаа, эдийн засагт үзүүлж буй түүний нөлөө”, ОХУ-аас хүрэлцэн ирсэн төлөөлөгч “Ази номхон далайн бүс нутаг дахь эдийн засгийн хамтын ажиллагаа болон интеграцчлал” зэдэг сэдвүүдээр тус бүр илтгэл тавьж, тулгамдсан асуудлуудаа ярилцана.
Дашрамд сануулахад, Ази, Номхон далайн парламентын чуулган нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, нийгэм, эдийн засгийн нэн тулгамдсан асуудлуудыг тунгаан хэлэлцэж, үнэтэй санал санаачлага гарган тэдгээртээ улс орнуудын анхаарлыг хандуулж, ажиллаж ирсэн баялаг түүхтэй юм байна.