УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Засгийн газар шинээр байгуулагдсантай холбоотойгоор зарим байнгын хорооны бүрэлдэхүүнийг өөрчиллөө.
Ингэхдээ УИХ дахь МАН-ын бүлгээс ирүүлсэн саналыг үндэслэн УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Ц.Цогзолмаа, Д.Цогтбаатар нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос, УИХ-ын гишүүн Б.Батзоригийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээс тус, тус чөлөөлөхөөр заасан байв.
Энэ асуудалтай холбогдуулж УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр тайлбар хийсэн юм.
Тэрбээр “УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг хассан нь буруу юм. Манай байнгын хороо ихэнх тохиолдолд хаалттай хуралддаг. Гадаад харилцаатай холбоотой асуудлууд хэлэлцэгддэг. Ийм байхад салбар хариуцсан сайдыг хассан нь байж боломгүй зүйл” гэв.
УИХ-ын дарга М.Энхболд “Засгийн газрын гишүүдийг нэг л байнгын хороонд харьяалуулдаг. Энэ дагуу бүлэг дээр саналыг нь аваад оруулж ирсэн асуудал. Одоо өөрчлөх аргагүй” гэж тайлбар хийснээр дээрх гишүүдийг нэр дурдсан байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөллөө.
Харин тэдний орыг залгуулж, өмнөх Засгийн газрын гишүүдийг дээрх байнгын хорооны гишүүнээр томиллоо.
Г.ДАРЬ