Хар алтыг үнэгүйдүүлэх сонирхол төрийнх үү, эсвэл

Хуучирсан мэдээ: 2017.10.26-нд нийтлэгдсэн

Хар алтыг үнэгүйдүүлэх сонирхол төрийнх үү, эсвэл

Зарим шатахуун түгээх станцууд өнөөдөр ДТ, АИ-92, АИ-95 шатахуунаа худалдаанд гаргасангүй.

Дан ганц уул уурхайгаас хамааралтай байсан Монголын эдийн засаг солонгорох, уул уурхайн бус бүтээгдэхүүн экспортод гаргах том аянд нэгдээд цөөнгүй жилийг үдэж буй. Гэвч эдийн засгийг хамгийн гол хөдөлгөгч хүч нь өнөөдрийг хүртэл уул уурхайн бүтээгдэхүүн байсаар. Сүүлийн хэдэн жил дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ буурч, хэрэгцээ багассан нь Монголын эдийн засагт ч томоохон нөлөө үзүүлсэн.

Хар алтны зах зээл сэргэж, дэлхийн хамгийн том хэрэглэгч болох БНХАУ-ын гангийн үйлдвэрийн гол бүтээгдэхүүн болох коксжих нүүрс өмнийн говьд бий. Хэдийгээр хар алтны зах зээл сэргэж буй, дээшилж буй сум Монгол Улсыг тойроод өнгөрөх вий гэсэн болгоомжлол төрийн, хувийн аж ахуй нэгжүүдийн аль алинд бий болжээ. Учир нь хамгийн том экспортлогч орон болох БНХАУ-д нийлүүлэх нүүрсний хэмжээ буурснаас экспортын гол боомт болох Гашуун сухайт чиглэлд урт дараалал үүсч, Тавантолгойг тойрсон компаниуд нүүрсээ квотоор гаргахдаа тулжээ. Өөрөөр хэлбэл, 45, 40, 15 гэх энэ квот зөвхөн “Тавантолгой”, “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи-ресус” зэрэг томоохон уурхайнуудад хамааралтай. Гашуун сухайт боомтоор өдөрт 1300 машин гардаг байсан бол өнөөдөр дунджаар 500 орчим нүүрс тээвэрлэгч машин хил нэвтэрч байна. Гашуун сухайт, Цагаан хадны боомтод урт дараалал ямар байгаа талаар бид өмнөх сурвалжилгадаа дурдаж байсан билээ. Тиймээс энэ удаад бид нүүрсээ хэд хүргэх боломжтой, яагаад “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрс уурхайн аман дээрээс 72 ам.доллараар зарагдаж, хил давангуутаа 120 ам.доллараар байгаа талаар бодит байдлыг хөндөхийг зорив.

БНХАУ-ын талаас “Тавантолгой” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-иадаас түүхий нүүрс хямд үнээр худалдаж аваад, хил давангуут өөрсдийн баяжуулах үйлдвэрт боловсруулж, эндээс авсан үнээ нэг, хоёр дахин нугалж худалдаалдаг гэдгийг сонсоод хамгийн түрүүнд бид өөрсдийн боломжоо ашиглан баяжуулах үйлдвэрүүдээ барих нь чухал юм гэсэн бодол төрж байсныг нуух юун. Гэвч говьд ус гэх том асуудал бий. Усны асуудлыг шийдвэрлэж болох олон судалгаа, төслүүд байдаг ч өнөөдрийг хүртэл бодит амьдрал дээр хэрэгжүүлсэн нь ховор. Говьд ус өөрөө том асуудал гэж бодовч усны асуудлаа орчин үеийн техник, технологийн дэвшил ашиглаж буй компани төрийн болон орон нутгийн компанитай зэргэлдээ оршиж байгааг нь хараад асуудлын зангилааг зөв тайлах нь чухал мэт санагдаж байлаа. 

Төр нэг тонн нүүрсээ 72 ам.доллараар худалдаалж байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК хэмээх энэ их айлын хувьцааг Монгол Улсын иргэн бүр эзэмшдэг учраас энэ компанийн хувь заяа олон хүнд хамааралтай. Давуу тал нь зүүн, баруун цанхын уурхайн аман дээрээс гаалийн хяналтаа хийгээд коксжих нүүрс олборлож, өмнөд хөршид шууд нийлүүлэгддэг. Тодотгоод хэлэхэд, төрийн өмчид энэ компани долоон жил үйл ажиллагаа явуулж буй ч жил бүр ашиггүй ажилладаг. Мөн хамгийн их шүүмжлэл дагуулдаг нь. Уурхайн ам дээрээс нэг тонн нүүрсийг 72 ам.доллараа худалдаалж, БНХАУ-ын зах зээлд шууд нийлүүлэгддэг. Төрийн өмчит компани нүүрс тээвэрлэх квотын хамгийн өндөр буюу 45 хувийг нь эзэмшинэ. 

Бидний нэрлэж заншсан жижиг “Тавантолгой” бол 40 гаруй жил үйл ажиллагаа явуулж буй ууган компаниудын нэг. Угтаа бол ууган, анхдагч энэ Тавантолгой өнөөдрийг хүртэл Өмнөговь аймгийн иргэд 51 хувийг нь эзэмшдэг, орон нутгийн өмчит компани. Харин үлдсэн хувийг Монголын аж ахуй нэгж, иргэд эзэмшдэг. Цагтаа “мандаж”, жилд 6,2 сая тонн нүүрс тээвэрлэж байсан энэ компани өнөөдөр хил нэвтрэх квотын 15 хувийг “эзэмшиж” буй. Хэдийгээр нүүрс тээвэрлэх квот цаасан буусан тамгагүй ч уул, уурхайн эрхлэгчдийн холбоо болон компаниуд зөвшилцөж квот тогтоосон гэдгийг албаныхан хэлж байлаа. “Тавантолгой” ХХК 2017 онд дөрвөн сая тонн нүүрс тээвэрлэхээр төлөвлөжээ. Гэвч өнгөрсөн зургадугаар сараас хойш БНХАУ-ын талын таталт буурснаас одоогоор 3,2 сая тонн нүүрс дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлээд байгаа аж. Тэгвэл 2016 онд 35,9 сая тонн нүүрс олборлосноос 33,8 сая тонныг борлуулж, 25,8 сая тонныг экспортолжээ. Харин нүүрсээ хамгийн хямдаар буюу уурхайн ам дээрээс 60 ам.доллар, Гашуун сухайт боомтоос 72 ам.доллараар худалдаалж, нэг тонн тутамд 17 ам.доллар татвар төлж буй. 2019 оноос нүүрсээ баяжуулж, зах зээлийн үнээр борлуулах сонирхол байгаа ч говьд усны асуудал хамгийн хүндээр тулгардаг гэдгийг “Тавантолгой” ХХК-ийн эдийн засагч Ч.Төрмандах онцолж байсан юм. Хэрэв баяжуулах үйлдвэр барьж чадвал нүүрсээ өндөр үнээр борлуулах боломжтой. Гэвч говьд ч усны асуудлыг байгаль, экологид ээлтэй орчин үеийн технологи ашиглах нь ч бас чухал гэдгийг орон нутгийн өмчит компанийн хувьд хамгийн сайн ойлгодог гэх. Эхний ээлжид нүүрсний зах зээл сэргэж байгаа энэ үеийг ашиглаж хоёр дахин багассан борлуулалтаа нэмэгдүүлэх компанийн хувьд хамгийн тулгамдаж байгаа асуудал болжээ. 

Баяжуулсан нүүрсИЙГ 110 ам.доллараар худалдаж байна

Нийгмийн хариуцлага, бүтээн байгуулалт, цахилгаан станц, ус цэвэршүүлэх байгууламж, ногоон төгөл, орон нутагтай хамтран сургууль, цэцэрлэг, зам тавьсан гээд “Энержи-ресус” ХХК-ийг “магтах” шалтаг олон таарав. Гэвч бид урт хугацаандаа эсвэл байнга ашиглахгүй хар алтны нөөцөө ашиглан дэлхийн түүхий эдийн зах зээлд том харж, хүн ч үзэх ёстой. Дэлхий нийтээрээ байгаль, экологид хор хөнөөл багатай, агаар бохирдуулагч нүүрснээс татгалзаж, боловсруулсан, ашигласан хүрэх боломжтой цаг хугацаандаа бид борлуулах боломж бүрдүүлэх бас ашиглах ёстой. “Энержи-ресус” ХХК нүүрсээ хэрхэн олборлож, баяжуулж 110 ам.доллараар худалдаалж буй. Ингэхдээ коксжих нүүрс, эрчим хүчний нүүрс гэсэн хоёр төрлийн нүүрс экспортод гаргаж буй. “Ухаа худаг” дахь уурхайн Баяжуулах үйлдвэрийн ахлах инженер Н.Тэмүүжин “Нэг цагт нэг үйлдвэр 1000 тонн нүүрс угааж байна. Тээвэрлэлт багассан учраас үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахгүй байгаа. Өмнө нь өдөрт 1000 машин гаргаж байсан бол одоо 200 орчим машин тээвэрлэлт хийж байна. Говийн нөхцөл усыг зөв зохистой ашиглахын тулд бид угаасан усыг цэвэршүүлээд дахин ашигладаг. Хамгийн гол нь үйлдвэрийн тоног төхөөрөмж автоматаар ажилладаг” гэдгийг онцолсон. Түүний хэлсэн говийн нөхцөлд усаа цэвэршүүлэн, дахин ашиглаж байгаа гэх энэ үг чихэнд чимэгтэй байсныг нуух юун. Төр, хувийн, гадаадын хөрөнгө оруулалттай эсэх нь огт хамаагүй. Зөвхөн Монголын бүх ард түмний өмчийг худалдаж, худалдаалж байгаа бол нийгмийн хариуцлага, байгаль орчинд ээлттэй дэвшилтэт технологиудыг ашиглах нь зөв ч байж болох. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж