Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн мэдээлэл хийлээ.
2018 оны төсвийн төсөлд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санд 72,5 тэрбум төгрөг хуваарилахаар суулгасан билээ. Энэ нь Төсвийн байнгын хорооны хурлаар шүүмжлэл дагуулсан. Тэгвэл дээрх асуудалтай холбогдуулж Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр олон улсын санхүүгийн зах зээл дээрээс босгож буй 650 сая ам.долларын бондын талаар тэрбээр онцлов.
Б.Чойжилсүрэн:
“Засгийн газар 650 сая ам.долларын бонд босгохоор ажиллаж байсан. Энэ бол манай Засгийн газрын гаргасан хамгийн сүүлчийн бонд. Би гэрээ хэлэлцээрийг нь эхлүүлж, гарын үсэг зурсан. Бондын хөрөнгөөр өмнө нь гаргасан бондын өрийг дарна гэж ойлгож болно. “Чингис” бонд нэг жилийн 4,125 хувийн хүүтэй байсан. Шинээр гаргаж буй бонд 5,625 хувийн хүүтэй байгаа ч эдийн засагт үүсээд буй нөхцөл байдлыг дүгнээд үзэх юм бол амжилттай босгосон бонд гэж хэлж болно. Бонд босгох ажил Засгийн газар огцорсонтой холбоотой түр саатсан ч шинэ Засгийн газрын тэргүүнд танилцуулаад, аравдугаар сарын 16-наас ажлаа үргэлжлүүлсэн” гэв.
Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Жижиг дунд үйлдвэрийг дэмжих санд 72,5 тэрбум төгрөг хуваарилахаар суулгасан байна. Энэ ямар учиртай юм бэ?
-Төсвийн орлого давсан учраас нэн тэргүүний тулгамдсан асуудлын санхүүжилтийг шийдвэрлэхээр болсон. Төсвийн тодотголд 498,6 тэрбум төгрөгөөр зарлага нэмэгдүүлэх дотор 72,5 тэрбум төгрөг ЖДҮ-ийг дэмжих санд суулгасан. Төсвийн орлого давсан гээд төсвийн алдагдлаа шууд бууруулах нь буруу. Тиймээс алдагдлыг аажмаар бууруулах бодлого барьж байгаа. Одоо бол Засгийн газар өндөр хүүтэй бонд авахгүй байгаа. Нэн хөнгөлөлттэй эх үүсвэрүүдээр төсвийн алдагдлыг бууруулж эхэлсэн.
-Та бүхний гаргахаар ажиллаж байсан бондыг шинэ Засгийн газар хэрхэн дүгнэж байна вэ?
–Бид өөрсдийгөө сайн ажил хийсэн гэж магтахгүй. Гэхдээ олон түмэн үнэлгээ өгнө биз. Одоогоос 18 сарын өмнө бондын хүү 10,9 хувьтай байсан. Ийм өндөр хүүг бид 5,6 болж буурууллаа. 2012 онд эдийн засгийн өсөлт өндөр байсан тул 4,1 хувийн хүүтэй байсан. Ийм бондыг 5,6 хувийн хүүтэй бондоор сольж байгаа нь үнэн. Гэхдээ энэ бол одоогийн эдийн засгийн нөхцөл байдалд авч байгаа хамгийн бага хүүтэй бонд юм.
-Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг өгөх асуудлыг бид ярьж байна. Энэ нь зөв үү?
-Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг өгөх асуудлыг бид өмнө нь ярьж байсан. Нэг удаагийн ийм зүйл байж болно. Гэхдээ шүүмжлэл гардаг. Одоо эдийн засгийн өсөлт гарсан боловч ард иргэдийн амьдралд сайнаар нөлөөлөх болоогүй байна. Тэгэхээр дахиад хагас жил болж байж эдийн засгийн өсөлт нөлөөлнө. Тиймээс эдийн засагт гарч эхэлсэн энэхүү өсөлтийг орлогогүй байгаа иргэдээ санхүүжүүлэхэд анхаарч хуваарилахаар болсон. Тухайлбал ЖДҮ-ийг дэмжих санд 72,5 тэрбум төгрөг суулгах гэх мэт.
-ЖДҮ-ийг дэмжих сангийн 72,5 тэрбум төгрөг дээр яагаад гишүүдийн нэр ороод ирчихсэн юм бэ?
-Нотолгоо хэрэгтэй. Бид төсвөөс давсан орлогоос нэн тулгамдсан санхүүжилтийг хийхээр төлөвлөсөн. Ингээд 72,5 тэрбум төгрөг үлдэхээр нь ЖДҮ-ийг дэмжих санд тавихаар болсон. Гишүүдтэй холбоотой гэж байгаа бол Ардын намын гишүүн 65 байна. Ардчилсан намыг оролцуулаад 76 байна. Энэ бол нотолгоогүй зүйл юм.
-Байнгын хороогоор бондын асуудлыг мөнгө угаах хэрэгсэл гэж шүүмжилж байна. Үүнд та тайлбар өгөхгүй юу?
-Хүн бүр хардах эрхтэй. Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд мөнгө угаах боломж байхгүй.