Мөн 1999 оноос батлан хэрэгжүүлсэн Усны үндэсний хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, дунд болон урт хугацаанд баримтлах усны бодлогыг тодорхойлох ажлын хэсгийг 2008 оны сүүлээр байгуулан ажиллуулж шинэчлэн боловсруулсан “Ус” үндэсний хөтөлбөрийг УИХ-аар, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааний төлөвлөгөөг ЗГ-аар хэлэлцүүлэн батлуулаад байна. Ингэснээр усны салбарт 2015, 2021 онуудад тавих зорилт, төрөөс баримтлах бодлогоо тодорхойлсон. Үүнийгээ Та бүхний гар дээр өнөөдөр эмхэтгэн тавьж байна.
Монгол улсын эдийн засгийн хөгжлийн үндсэн суурь нөхцлүүдийн нэг болох ус хангамжийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, хэн энэ асуудлыг хариуцан гүйцэтгэх, ямар хугацаанд биелүүлсэн байх талаар энэхүү хөтөлбөр төлөвлөгөөнд тодорхой туссан бөгөөд үүнийг Та бид хэрэгжүүлэх ажилдаа шуурхай орох шаардлага байна. Усны жил болгон зарлах эхний үндэслэл энэ байна.
Нөгөөтэйгүүр уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө Монгол орны усны нөөцийг асар хурдтай хомсдуулж, ган цөлжилт болон байгалийн бусад гамшгийн давтамж ойртон Та бид хэрхэн амьжиргаагаа залгуулах вэ гэдэг асуултад дор дороо хариулах шаардлага тулгарч байгаагаас гадна нийт улс орны хувьд усны аюулгүй байдлаа хэрхэн хангах вэ гэдэг асуудал онцгой чухал асуудал боллоо.
Энэ чиглэлээр өнгөрсөн 2 жил гаруй хугацаанд бид тодорхой алхам хийсэн. Тухайлбал, “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд ашигт малтмал эрэх хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг хэрэгжүүлэх, голын эхүүд, говь тал хээрийн цэнгэг усны ордуудыг улсын тусгай хамгаалалтад авах, хот суурины хүн амын ус хангамжийн эх үүсвэрүүдийн тэжээгдлийн мужийг тодорхойлж орон нутгийн хамгаалалтад авах, эрүүл ахуй, хамгаалалтын дэглэмийг мөрдүүлэх зэрэг ажлыг эхлүүлэн хийж байгаа боловч явц, хурд нь удаан, үр дүн хангалтгүй байна. иймээс энэ чиглэлээр 2011 онд дорвитой алхам хийх шаардлагатай байна. Усны жил болгон зарлах хоёр дахь үндэслэл энэ байна.
Төрөөс усны талаар тавьж буй зорилт, баримтлах бодлогыг хэрэгжүүлэх төв, орон нутгийн байгууллагын бүтэц тогтолцоо, эрхзүйн орчин, чадавхи, салбар хоорондын ажлын уялдаа үнэхээр чамлалттай байгаа ба эдгээрийг боловсронгуй болгох, чадавхижуулах асуудал болоод байна. Гурав дахь үндэслэл энэ.
Эдгээр тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, усны салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргах зорилт тавин энэ оныг Усны жил болгон зарлаж байна. Энэ жилд хийгдэх ажлын төлөвлөгөө, түүнийг удирдан зохион байгуулах ажлын хэсгийг сайдын тушаал гаргаж баталсан байгаа. Усны жилийн хүрээнд БОАЖ-ын салбарт тавьж байгаа гол зорилт нь цэнгэг усны нөөцийг хамгаалалтад авах ажлыг эрчимжүүлэх, усны салбарын эрхзүйн орчин, бүтэц тогтолцоог боловсронгуй болгох, ус ашигласны төлбөр хураамж, усны үнэ үнэлэмжийг дээшлүүлэх, орон нутгийн чадавхийг бэхжүүлэх, гадаргын усны хуримтлалыг бий болгож үр ашигтай ашиглах төслүүдийг хэрэгжүүлж эхлэх зэрэг томоохон ажлуудыг хийхээр төлөвлөж байна.
Нөгөө талаас тухайн салбартаа ус ашиглалтын харилцааг зохицуулдаг ХХААХҮЯ-наас усалгаатай газар тариаланг хөгжүүлэх, бэлчээрийн ус хангамжийн асуудлыг шийдвэрлэх, ЗТБХБЯ-аас хот суурины хүн амын ус хангамжийн асуудлыг шийдвэрлэх, бохир усыг цэвэршүүлэх, ус хангамжийн дэд бүтцийг экологи, эдийн засгийн хувьд үр ашигтай төлөвлөж байгуулах, улс орны дэд бүтцийн хөгжлийн төлөвлөлтийг хийхдээ ус хангамжийн шийдлийг нь эн тэргүүнд тодорхойлж байх, ЭБЭХЯ-аас усны эрчим хүчийг ашиглах, эрчим хүчний үйлдвэрлэлд усыг үр ашигтай ашиглах, ЭМЯ-ны хувьд хүн амын эрүүл ахуй шаардлага хангасан нөхцөлд амьдрах боломжийг бий болгох, уснаас үүдэлтэй өвчлөлийг бууруулах, боловсролын салбараас хийж байгаа бага, дунд болон дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт орсон байгаль хамгаалал, тэр дундаа усны нөөцийн ашиглалт хамгаалалтын талаархи сургалтын агуулгыг сайжруулах чиглэлээр хийгдэж байгаа бүхий л ажлуудаа харилцан уялдаатай хийж илүү үр дүнд хүрэх шаардлагатай байна. Энэ талаар миний бие Усны үндэсний хорооны даргын хувиар идэвхтэй ажиллах болно” гэсэн байна.