2018 оны төсвийг хэзээ өргөн барих вэ?

Хуучирсан мэдээ: 2017.10.25-нд нийтлэгдсэн

2018 оны төсвийг хэзээ өргөн барих вэ?

УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх энэ үгийг хоёронтоо хэлжээ.

Төсвийн тухай хуульд зааснаар жил бүрийн төсвийн төслийг намрын чуулганаар хэлэлцэн, арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах заалттай.

Ж.Эрдэнэбатын Засгийн газар хуулийн хугацаанд 2018 оны төсвийн төсөл, төсвийн хүрээний мэдэгдлийг өргөн барьсан. Гэвч өнгөрсөн хавраас хойш МАН доторх улс төрийн халуурал дээд цэгтээ хүрч, өөрсдийгөө унагаж, шинэ Засгийн газар бүрдүүлсэн нь жилийн хамгийн чухал ажил төсөв батлах явцыг хойш нь татсан.

Саяхан шинээр бүрдсэн Засгийн газрыг хийх ажил, төлөх өр гээд чухал хариуцлагыг үүрэх үүрэг хүлээж байгаа.

Хариуцлагыг даахын тулд салбарын сайд нар нь мэргэжлийн хэмжээнд ажиллахаас өөр сонголт одоо 65-ын бүлэгт байхгүй. Уг нь Шинэ Засгийн газар бүрдэхээс өмнө 2017 оны төсөвт тодотгол хийх байсан. Гэвч Засгийн газар нь танхимын сайд нараа томилоогүй байж тодотгол батлах гэлээ хэмээн сөрөг хүчин завсарлага авсаар өдийг хүрсэн юм.

УИХ-аар 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцсэний дараа 2018 оны төсвийн төслийг үргэлжлүүлж хэлэлцэх болов уу гэсэн таамаг байна. Учир нь Засгийн газрын өчигдрийн хуралдаанд Сангийн сайдын боловсруулсан 2018 оны төсвийн төслийг хэлэлцсэн. Өнөөдөр ч мөн хуралдаан үргэжилнэ.

2018 оны төсвийг батлахдаа төрийн албан хаагчдын цалинг нэмэх эсэхийг шийдэхийн тулд ОУВС-тай тохиролцоно. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хувьд ойрын өдрүүдэд ОУВС-ийн төлөөлөлтэй хэд хэдэн удаа уулзалт хийсэн. ОУВС-ийн болон УИХ-ын зарим гишүүдээс төсөвт ачаалал өгөхгүйгээр төсвийн нэмэлт орлогыг эргэж харах, төсвийн зарим тэвчиж болох зардлыг бууруулах зэргээр цалин нэмэх асуудлыг судлах ёстой гэсэн зарчмын саналыг илэрхийлжээ.

Шинэ Засгийн газрын зүгээс 2018 оны төсвийн тодотголд төрийн албан хаагчдын цалинг 30 хүртэлх хувиар нэмэх тухай ярьж байгаа бололтой. Засгийн газар өнөөдөр 2018 оны төсөвийн төсөл болон холбогдох төслүүдийг хэлэлцэнэ. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар маргааштаа багтан 2018 оны төсвийг УИХ-д өргөн мэдүүлэхээр зорьж байгаа гэх. 2017 оны төсвийн тодотголд үр ашиггүй том мөнгөн дүн суулгасан учраас тодотголыг багагүй танасан гэдгийг Сангийн сайд онцсныг дашрамд сануулъя.

Ш.ЧИМЭГ  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж