Халаа сэлгээний "халдлага" эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.25-нд нийтлэгдсэн

Халаа сэлгээний "халдлага" эхэлжээ

Орон нутгийн сонгуулийн нэр дэвшигчдийн сурталчилгаа өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна.

-“News” агентлаг долоо хоног бүрийн пүрэв гаригт уншигчдадаа хүргэдэг “Яам агентлагаар сонин юутай вэ” булан дараах сэдвийг хөндөж байна-

Өмнөх Засгийн газар огцорч, шинэ Засгийн газар байгуулагдсан тул яам, агентлагийн ажилчид бүхэлдээ халаа сэлгээний дунд ‘хавчуулагдсан’ байдалтай байна. Хэдийгээр өнөөдрийн байдлаар хийсэн хөдөлгөөн ил болоогүй байгаа ч ажлаа өгөх, авах нь тодорхой хүмүүс хэдийнэ бужигнаж эхэлсэн гэх.

Энэ жил ажлаас халагдсан иргэдийн нөхөн төлбөрт 8,8 тэрбум төгрөг олгохоор 2017 оны төсвийн тодотголд суулгасан нь УИХ-ын сонгуулийн дараа чамгүй халаа сэлгээ явагдсаныг харуулах үзүүлэлт.

“Хүний эрх, шударга ёс, хөгжлийн төв”-өөс гаргасан мэдээллээр бол 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш төрийн албаны нийт 22235 иргэн халаа сэлгээнд өртөж, 14 мянган албан хаагч ажлаасаа халагдсан байна. Ингэхдээ  аймаг бүрт дунджаар 350-700 гаруй албан хаагч ажлаасаа гарсан бол нийслэлд төрийн захиргааны төв байгууллага болон яамдуудаас 10 мянга гаруй албан хаагч эрхэлж байсан ажлаа хүлээлгэн өгчээ. 2016 оноос хойш энэ хэмжээний төрийн албан хаагчийг ажлаас халж, шинээр 2000 ажлын байр бий болгосон гэж тус төвийнхөн хэвлэлд мэдээлсэн юм. 

Харин “Тогтвортой ажлын байр” Төрийн бус байгууллагаас өгч буй мэдээллээр бол халаа сэлгээнд Хөдөлмөрийн болон Төрийн албаны тухай болон бусад хууль тогтоомжийн дагуу тавигдах шаардлага, шалгуурыг ханган мэргэшсэн, ажлын дадлага туршлагатай 25-55 насны төрийн албан хаагчид өртсөн гэжээ.

Сонгууль болгоны дараа Ардчилсан намын хүн, Ардын намын хүн гэх гадуурхал төрийн байгууллагад өрнөдгийг бид нэгэнт харсаар дасчээ. Тэр намын хүн, энэ намын хүн гэдэг шалтгаанаар ажлаас халагдсан мянга мянган иргэдийн төлөөлөл жагсаал цуглаан хийж, өлсгөлөн зарлаж байсан тохиолдол ч бий. Энэ оны гуравдугаар сард Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын тамгын газарт нягтлан бодогчоор 28 жил ажилласан эмэгтэй ажлаас халагдсан гэх шалтгаанаар өөрийгөө шатааж, амиа хорлосон харамсалтай тохиолдол гарсан.

Энэ мэтчилэн хүний хөдөлмөрлөх эрхэд халдаж, төрийн тогтвортой байдлыг алдагдуулсан хэлмэгдүүлэлтээ эцэслээч хэмээн ажлаасаа халагдсан 22 мянган иргэний өмнөөс шаардмаар байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж