"Ц.Нямдоржийн хайч хэнд үйлчлэхийг харъя"

Хуучирсан мэдээ: 2017.10.25-нд нийтлэгдсэн

"Ц.Нямдоржийн хайч хэнд үйлчлэхийг харъя"

"Ц.Нямдоржийн хайч хэнд үйлчлэхийг харъя"

Өмгөөлөгч О.Алтангэрэлтэй уулзаж ярилцлаа. Энэхүү ярилцлагыг Ц.Нямдорж, Б.Хурц нарын дуулианаас өмнө авсан болно.


-Хуульчдын холбооны Их хурал болох гээд танай салбарынхан санал гомдол ихтэй л байх шиг?

-Хуульчдын холбооны ээлжит Их хурал болох гэж байгаа. Хурлын төлөөлөгчид сонгогдсон. Энэ Бямба гаригт хурлаа хийж, холбооныхоо ерөнхийлөгчийг сонгоно доо.

-Хурлын төлөөлөгчдөө шударгаар сонгож чадсан уу. УИХ-ын сонгууль шиг будилаан, булхайтай болоод өнгөрсөн юм биш үү?

-Хурлын төлөөлөгч сонгосон үйл явцтай холбоотой шүүмжлэлүүд гарч байна. Хуулиараа хурлын төлөөлөгчид нэрээ дэвшүүлсэн хүмүүст бүх хуульч цахимаар санал өгч, хамгийн олон санал авсан нь их хурлынхаа төлөөлөгч болдог. Түрүүчийн хурлууд дээр гараагүй үзэгдэл энэ удаад ажиглагдсан тал бий. Үнэхээр улс төрийн сонгууль шиг хэсэг бүлгээрээ багцлагдах, бусдын кодыг авч хэсэг бүлэг хүмүүст санал өгүүлэх асуудал гарсныг нуухгүй ээ.

-Хуульчид өөрсдөө хууль бус зүйл хийхээр хуулийг хэн сахиулах вэ дээ?

Хэсэг бүлгээрээ багцлагдаж болохгүй гэж хуулиар хориглоогүй л дээ. Гэвч, энэ бол хуульчийн ёс зүйд нийцэхгүй. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхлээд дөрвөн жил гаруй болж байна, үр дүнгээ ч өгсөн. Харин цаашид боловсронгуй болгоод явах асуудлын нэг нь энэ болж байх шиг байна. Хуралд хуульчид хүссэнээрээ оролцдог болох, ерөнхийлөгчийг цахимаар сонгодог болох гэх мэт өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй болжээ гэж бодож байна.

-Салбарын хэрүүл хэн нэгэн ерөнхийлөгч болсноор намжих биз. Харин сүүлийн үед цаазаар авах ялыг сэргээх тухай асуудал нийгмийг талцуулах боллоо. Төрийн тэргүүний зүгээс цаазаар авах ялыг сэргээх ажлын хэсэг хүртэл байгуулчихлаа. Ер нь цаазаар авах ялыг сэргээх нь зөв үү, буруу юу. Та юу гэж бодож байна?

-Цаазаар авах ялын тухай асуудлыг Ерөнхийлөгч ажлын хэсэг гарган, судалж байгаа гэж ойлгосон. Тэгэхээр тухайн ажлын хэсгийн дүгнэлтээр шийдвэрлэгдэх биз ээ.  Би хувьдаа Монгол Улс цаазаар авах ялыг халсан нь зөв гэж боддог.

-Энэ асуудлаар иргэд зөв, буруу гэж талцах болсон. Цаазаар авах ялыг халсан нь зөв гэж бодож байгаа таны тайлбарыг сонсьё?

Өнгөц харахад нэг жигшүүрт этгээдийг хороох эсэх талаарх асуудал мэт боловч цаад агуулгаараа хүний эрхийн цогц зүйл байдаг. Энгийнээр тайлбарлая, миний хувьд хэд, хэдэн шалтгаанаар цаазаар авах ялыг халсан нь зөв гэж үздэг. Хамгийн эхэнд би гэм буруугүйд нь огт эргэлздэггүй байсан, ядуугаас өөр буруугүй нэгэн залуу хилсээр цаазлуулахыг харсан өмгөөлөгч хүн. Манай ахмад, туршлагатай өмгөөлөгчдийн ажиллаж байсан хэрэг л дээ. Энэ хэргийн талаар би өмнө нь өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан олонд хүргэж байсан. Нөгөө талаар олон улсын эрх зүйн хувьд Монгол Улс цаазаар авах ялыг эргэж сэргээх бараг л боломжгүй болсон. Хэдийгээр үндэсний хууль тогтоомжоо хэрхэн батлах нь бидний хүсэл зоригийн асуудал мэт боловч 1969 оны Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенциор бид  үүрэг хүлээсэн. Тэгэхээр нэгэнт хүний эрхийн талаар олон улсын өмнө хүлээсэн үүргээсээ дотоодын хууль тогтоомжийг эш татаж ухарч болохгүй.

-Хүний төлөө хууль баталдгаас, хуулийн төлөө хүн амьдардаггүй гэдэг. Ерөнхийлөгч Х.Баттулга цаазаар авах ялыг сэргээлээ гэхэд үр дагавар юу байх бол?

Олон улсын харилцаа, олон улсын гэрээ Монгол Улсын хувьд маш чухал асуудал. Унаач хүүхдийн асуудал жил бүр л яригддаг. Энэ чиглэлээр судалгаа хийсэн хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг нэг удаа “Унаач хүүхдийн эрхийн талаарх судалгааны дараа гадны нэг улсаас манайд үзүүлэх тусламж зогсоход хүрч, салбарын сайд нь чи баавгайн талд байна уу, манай талд байна уу гэж утсаар асуусан” тухай ярьж байсан юм. Тэгэхлээр бид хүний эрхийн асуудалд тун мэдрэмжтэй хандахгүй бол эргээд эдийн засаг, нийгмийн амьдралдаа ч сөрөг нөлөөлөл дагуулна гэсэн үг.

-Бага насны хүүхдээ хүчиндүүлсэн, ойр дотны хүнээ хэн нэгэнд хөнөөлгөсөн хэнд ч бол “Гэмт хэрэгтэн гишгэх газаргүй” болох ёстой  гэсэн гомдол байж таараа шүү дээ?

-Бага насны хүүхдийг хүчиндсэн, жишгүүрт хэрэг хийсэн хүмүүсийг татвар төлөгчдийн мөнгөөр тэжээх нь буруу гэж нэг хэсэг нь үздэг л дээ. Мэдээж, гэмт хэрэгтнүүдийг хатуу шийтгээсэй гэж хүсдэггүй хэн байх вэ. Гэхдээ ганцхан удаа буудах уу, олон арван жил цээрлүүлэх үү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 405 дугаар анги гэж бий. Монголчууд гяндан гэж ярьдаг. Тэнд насаараа хоригдох ялтай хүмүүс ганцаарчлан хоригддог. Хянагчаас өөр хүний царай харахгүй, нийгмээс бүрэн тусгаарлагдаж, олон жил болно гэдэг ямар хатуу шийтгэл гэж бодно. Ар гэрийнхэнтэй нь ч уулзуулахгүй, бүтэн жилд гурван цаг хүртэлх хугацаагаар ганцхан удаа уулзах эрхтэй ч угаас тэдэн дээр хэн ч ирдэггүй. Дийлэнх нь хэдэн жилийн дараа амиа хорлодог, үгүйдээ л хорлох оролдлого хийдэг, маш их шаналж зовдгийг би ажлын шугамаар нүдээр харж явсан хүн. Тэгэхээр аль нь жинхэнэ цээрлэл вэ гэдэг харьцангуй ойлголт.

-Хуулийн салбарт шинэ сайд томилогдлоо. Ц.Нямдорж сайд тав дахь удаагаа танай салбарыг толгойлохоор болсон. Хуулийн салбарын завхралыг арилгана л гэж амлаж байна лээ?

-Ц.Нямдорж гуай манай ахмад туршлагатай хуульч л даа. Найдаж байгаа зүйл маань гэвэл Ц.Нямдорж сайд хяналтгүй, замбараагүй, дураараа хийдэг болсон гүйцэтгэх ажиллагааг цэгцлэх байх. Хуулийн сайд дээрээ хүртэл гүйцэтгэх ажил явуулаад, улстөрчид нь байх л ёстой зүйл мэт хүлээж авдаг, эсвэл Шадар сайд дээрээ гүйцэтгэх ажил хийсэн дуулиан дэгдээд, өнөөх Шадар сайд нь Ерөнхий сайд болсон ээдрээтэй энэ үед гүйцэтгэх ажиллагааг цэгцлээд, хуулийнхныг байранд нь тавиад өгвөл сайн л байна. Харин тэр “Эрдэнэт”, Төрийн банкны асуудлыг шалгана, хуулийн хайч энэ тэр гэдэгт бол эргэлзсэн шүү. Гэхдээ Ц.Нямдорж сайдын хуулийн хайч хэнд ямар зорилготой үйлчлэхийг харъя.

-Яагаад?

-“Эрдэнэт”-ийн асуудал бол ганцхан тэр 49 хувийн асуудал биш. Үеийн үед энэ үйлдвэрийг тойрч гарсан булхай луйврын асуудал. Жишээ нь, “Эрдэнэт” баталгаа гаргаж, ‘Жаст’-ын Ш.Батхүү гэгч нөхөрт зээл авч өгсөн, эцэст нь тэр зээлийнх нь олон арван сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэр төлөхөөр болж байна. Ш.Батхүү, “Эрдэнэт”-ийн ерөнхий захирал байсан Ч.Ганзориг,  Ерөнхий сайд С.Баяр нар ямар ч шийтгэл хүлээлгүй, өнөөдөр бидний дунд явж л байна. Гэтэл гурван адууны хэргээр, гар утас хулгайлсан үйлдлээр олон зуун залуус гэмт хэрэгтэн болоод шоронд сууж байна. Өнөөх хуулийн хайч нь тэгээд хаана байна, шударга ёс нь тэгээд аль нь вэ? Тэдэнд хариуцлага хүлээлгээд, байх ёстой газар руу нь явуулбал тэр хуулийн хайчаа шударгаар хөдөлгөж байна гэж Ц.Нямдоржид итгэе. Гэхдээ “Эрдэнэт”-ийг улс хүчээр аваад, улстөрчид бүх булхай луйвраа далдалж, “Стандарт” банкны өр мэтийг сэм цувуулж төлөөд дуусах байх л даа. Дээрээс нь одоогийн эзэмшигч “Монголын зэс” корпорацийнханд арбитраар өртэй болоод, тэрийгээ улс төлөхөд хүрнэ. Монголын улстөрчдийн гаргасан шийдвэр улсад хэдэн зуун сая ам.долларын хохирол авчирлаа ч хэн, хэзээ хариуцлага хүлээдэг байлаа.

-Өмнөд Африкийн ‘Стандарт’ банкнаас мөнгө зээлэхдээ хуурамчаар гарын үсэг бүрдүүлсэн гэж ‘Жаст’-ын Ш.Батхүү мэдэгдэж байсан?

-Ш.Батхүү өөрөө хэвлэлээр тэгж ярилцлага өгч байхыг харж байсан. Гэхдээ дэлхийд алдартай ‘Стандарт’ банк Ш.Батхүүгийн хуурамч гарын үсэгт хууртаад их хэмжээний доллараа өгөөд явуулах уу. Хэрэв хуурамч гарын үсэг бүрдүүлээд зээл авдаг бол захын нэг банк санхүүгийн байгууллагыг луйвардаад зээл авчих луйварчид Монголд олон байгаа шүү дээ. Өмнөд Африкийн ‘Стандарт’ банкнаас их хэмжээний доллар ‘Эрдэнэт’-ийн гадаад дансанд шилжүүлэгдсэн баримтыг би харж байсан.

-‘Эрдэнэт’-ийн хувьчлал дээр Ц.Нямдорж сайд өмнө нь ч, одоо ч их реакцалж байгаа. Үнэхээр л хуулийхнийг хөдөлгөнө гэсэн бол энэ асуудлыг  бас анхааралдаа авах биз. Ямар ч байсан Хууль зүй, дотоод хэргийн сайд хэр шударга хүн бэ гэдгийг харах л үлдэж байна. Ц.Нямдорж сайд Төрийн банкны асуудлыг шалган гэдгээ хэлсэн. Гэхдээ үүний  ард өмч хувьчлалын асуудал байгаа юм биш үү гэсэн хардлага байна. “Алтжин”-гийн Г.Алтан захирал авах гээд эртнээс хөөцөлдөөд эхэлсэн гэсэн бор шувуу жиргээд удаж байгаа шүү дээ?

-Төрийн банкинд болохгүй, бүтэхгүй зүйл зөндөө л байгаа байх. Гэхдээ энэ бүх дуулианы цаана хувьчлалын асуудал байгаа гэдэгт би ч бас эргэлзэхгүй байна. Өнгөрсөн зургадугаар сард байх, УИХ-ын чуулган дээр одоо Сангийн сайд болсон Ч.Хүрэлбаатар тухайн үеийн сайд Б.Чойжилсүрэнгээс эдийн засгийн холбогдолтой нэг асуулт асуусан юм. Гэтэл Б.Чойжилсүрэн тэр асуудалтай огт хамааралгүйгээр “Ч.Хүрэлбаатар гишүүн ээ, Төрийн банкны хувьчлал яригдаагүй байгаа” гэж адарч хариулахад нь энэ банкны хувьчлалыг сонирхож буй бүлэг байгаа юм байна гэж иргэн хүнийхээ хувьд бодоод өнгөрсөн. Харин одоо болж буй үйл явцыг харахад бодол маань улам баталгаажиж байна.

-Мэдээж, хуульч хүний хувьд хардлага чинь бас л үндэслэлтэй байх ёстой биз дээ. Үгүй бол хүн гүтгэсэн гээд Зөрчлийн хуулиар торгуулах ялтайг сануулахад буруудахгүй байх?

-“Эрдэнэт”-ээр баталгаа гаргуулаад, 100-гаад сая ам.долларын өрөнд оруулчихаад байгаа Ш.Батхүү гэгч чинь Хадгаламж банктай холбоотой нэг гэрээ гаргаж ирээд, тэр гэрээг нь 27 настай нэг залуу барьж очоод Төрийн банкийг шүүхэд өгч, 70 гаруй тэрбум төгрөг авахаар болсон. Тэр шийдвэр нь хүчин төгөлдөр болчихсон. Болоогүй ээ, шүүхэд тэмдэгтийн хураамж төлөлгүй, ‘Хойшлуулж өгнө үү’ гэсэн хүсэлт гаргаад,  шийдүүлчихсэн байх жишээтэй. Тэр залуу нь манай алдарт бизнес эрхлэгч, таны түрүүнд дурдсан “Алтжин” группийн эзэгтэй Г.Алтан гуайн хүү л дээ. Ингэхээр одоо асуудал ойлгогдож байна уу. Хувьчлал болоход хэн хожихоор байна даа. Би хуульч хүн, гүтгэсэн бол хариуцлага хүлээхээ мэднэ. Сая бол фактууд л дурьдлаа, харин дүгнэлт хийх нь та бүхний эрх. Хүсвэл шүүхийн сайт руу ороод шийдвэрийг нь харчихаж болно л доо, нээлттэй.

-Хуулийн салбарт очсон сайд болгон шинэчлэл хийнэ гэдэг. Гэвч, нэгнийхээ эхлүүлсэн шинэчлэлийг нөгөө нь үгүйсгээд явдаг. Тэгэхээр цаашдаа хуулийн салбарт ямар ажил хийгдээсэй гэж  салбарын нэг эд эсийнх нь хувьд та хүсэж байна. Хуулийн салбар танд ч гэлтгүй бид бүхэнд чухал салбар л даа. Хэрэв хүний төлөө хууль баталдаг гэж бодвол шүү дээ?

-Яривал маш олон зүйл байна. Гэхдээ одоогоор хамгийн их хүсч буй зүйл маань Эрүүгийн эрх зүйн шинэтгэл үр дүнгээ өгөөсэй, энэ шинэтгэлийг хийсэн хүмүүсийн хөдөлмөр зүтгэл энэ нийгэмд шударга ёсыг тогтоогоосой, хуучин хандлагад хөтлөгдөн, шинэтгэлээс хэн бэ гуай нь ч бүү ухраагаасай гэж л бодож байна даа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж