468 сая долларын зээл авах зөвшилцөх эрх олгов

Хуучирсан мэдээ: 2017.10.25-нд нийтлэгдсэн

468 сая долларын зээл авах зөвшилцөх эрх олгов

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн гишүүнээс чөлөөлөгдөх тухай хүсэлтийг хэлэлцээд хүлээн авлаа.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2017.10.25/ болж, гишүүдийн 90 гаруй хувь нь дэмжсэнээр Засгийн газарт 468 сая ам.долларын зээл авах зөвшилцлийг хийх эрх олголоо. Ингэснээр Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран ажиллах стратегийн хүрээнд 468 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах эх үүсвэр тавигдлаа. Гэхдээ энэ асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, соёрхон батлуулснаар хүчин төгөлдөр үйлчлэх юм.

Хоёр талын харилцан тохиролцсоноор энэхүү зээл нь жилийн 2 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай олгогдох юм. Эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Зээлийг хөдөө аж ахуй, байгаль орчин, нийгмийн салбаруудад зарцуулахаар төлөвлөсөн байна.

Хэлэлцүүлгийн шатанд зарим салбарт зарцуулах зээлийн эх үүсвэр шүүмжлэл хүлээлээ.

Тухайлбал, татварын программыг шинэчлэх, үзэсгэлэнгийн танхим байгуулах, гэр хороололд хаус барих зэрэг төсөл хөтөлбөрийг дэмжих боломжгүй гэдэг асуудлыг гишүүд хөндлөө.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

-Зээлийн тодорхой хувийг боловсролын салбарт зарцуулахыг дэмжиж байна. Өнөөдрийн байдлаар 26 сургууль гурван ээлжээр хичээллэж байна. 30 мянган хүүхэд гэртээ цоожлогдож байна. Ийм учраас сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийг дэмжинэ.

Харин үзэсгэлэнгийн танхим байгуулахын тулд зээл авч байгааг үнэхээр ойлгохгүй нь.

Утаа гаргаж байгаа яндангийн тоог бууруулснаар агаарын бохирдлыг багасгадаг болохоос биш үзэсгэлэн гаргаж, утаа бууруулна гэж юу байдаг юм бэ.

Мөн өнөөдөр ашиглалтад орсон асар олон орон сууц борлогдохгүй байна. Гэтэл хот түүн рүү орж хаус барьж яах гээд байгаа юм. Дэд бүтцийг нь тавиад өгвөл иргэд өөрсдөө банкинд хандаад, зээлээ аваад барилгаа барьчихна. Энийгээ зас. Барилгын салбарт өнөөдөр 2.6 их наяд төгрөг эргэлдэж байна. Түүнийхээ оронд энэ зээлийг моргейжийн зээлийн эх үүсвэр лүү шилжүүлж, иргэдэд олговол илүү үр дүнтэй тусна.

Вакцин авахын тулд зээл авч яах юм бэ.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

-Азийн хөгжлийн банк 25 жилийн хугацаатай, жилийн 2 хувийн хүүтэй зээлийг өмнө нь олгож байгаагүй. Энэ бол маш том боломж, алдаж болохгүй. Хэрэв бид энэ зээлийг алдвал хойч үе бидэнд гомдоно. Өгөөжөө өгөх салбар луу зээлийг хийх ёстой.

Бидэнд шийдэх маш олон асуудал бий. Тийм учраас Засгийн газар дээрээ эргэж ярь, Азийн хөгжлийн банктай зөвшилцөөд зарим ажлыг өөрчил.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-Сэргээгдэх эрчим хүчний салбарт асар их хөнгөлөлт үзүүлж байгаа. Гэтэл эрчим хүчний үнэ буурдаггүй, ачааг нь эцсийн хэрэглэгчид үүрсээр ирлээ.

Сэргээгдэх эрчим хүчийг тэртэй тэргүй хувийн салбарууд хийгээд байхад төр зээл тавьж, энэ асуудлыг шийдэхийг оролдох нь хэр зохистой юм бэ.

Хоёрдугаарт, коксжих нүүрсийг гэр хорооллын иргэдэд хөнгөлөлттэй үнээр нийлүүлэхэд зориулж 3.7 тэрбумыг зарцуулахаар төлөвлөж, энэ юмаа зогсоо. Өнгөрсөн хугацаанд бүх л төрлийн түлш үйлдвэрлэж үзсэн, үр дүн гараагүй. Үүнийхээ оронд гэр хорооллыг барилгажуулахад дээрх хөрөнгийг зарцуулах ёстой гэв.

Сангийн дэд сайд Х.Булгантуяагийн тайлбарлаж байгаагаар бол өнгөрсөн хугацаанд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахын төлөө олон ажил хийсэн. Гэвч амжилт муутай байгаа тул агаарын бохирдлын талаар иргэдэд ойлгуулж таниулах ажил дутмаг байна уу гэж үзэн, Азийн хөгжлийн банкнаас үзэсгэлэнгийн танхим байгуулбал яасан юм бэ гэж үзсэн. Мөн 88 мянган тонн боловсруулсан түлш үйлдвэрлэж, гэр хорооллын иргэдэд хөнгөлөлттэйгээр борлуулахар 3.7 тэрбумыг зарцуулахаар төлөвлөсөн.

Өвлийн улиралд агаарын бохирдол ихтэй бүсүүдэд амьдардаг бага насны хүүхдүүдийг хорт бодисоос хамгаалах зорилгоор вакцин хийхээр шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг мөн энэхүү зээлийн хүрээнд шийдвэрлэхээр тусгасан гэсэн тайлбар хийв.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр:

Засгийн газрын төвшинд асуудлаа сайн зөвшилцөөд эргэж орж ир. Хөнгөлөлттэй зээлийг маш муу үр дүнгүй зүйлд зарцуулах гээд байна.

Энэ удаа бид зөвшилцөх эрхийг олголоо. Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлуулах үед зарцуулалтын өгөөж сайжирсан байх ёстой. Хэрэв энэ асуудлыг техникийн багийнхантайгаа ярьж, сайжруулж оруулж ирээгүй байвал асуудал өөрөөр яригдана шүү гэдэг анхааруулгыг өгсөн юм.

Эл асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааныг өндөрлүүлэв.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж