Яг үүнийг санагдуулсан үйл явц сүүлийн өдрүүдэд өрнөөд байна. МАН-ын гишүүдийн дунд үзэл бодлоороо зөрөлдсөн хэдэн нөхөд гараад ирж л дээ. Тэд нь яахав шантаажчин л юм байгаа биз, Хүрэлсүхийн хэлснээр. Энэ намд угаасаа жигүүр, 13 гэх зэрэг нэр хочтой нөхдүүд дандаа л байсан, хойшид ч байх биз. Асуудлын гол үүнд биш. Хамгийн гол нь тэдний эсрэг хөдөлж байгаа намын аппарат, ялангуяа залуучуудын байгууллагынх нь зан авир нийгмийг жигшээж байна. Өнөөдөр 21 зуун гарчихсан байхад өөр санаа бодолтой байсных нь төлөө намынхаа гишүүдийн эсрэг жагсаал зохион байгуулна гэдэг эрүүл ухаантай залуу хүмүүсийн хийх ажил мөн үү. Нийгмийн ардчилсан залуучуудын холбоо гээд өөрсдийгөө нэрлээд байгаа энэ залуучууд бусдад өөрөөр бодох эрх чөлөө байгаа гэдгийг ухаарахгүй байна гэдэг харамсмаар. Энэ залуучууд өөрсдөө үүнийг хийгээд байна уу. Мэдээж үгүй. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга нь салаан дарга мэргэжилтэй, хувьсгалт залуучуудын эвлэлийн намтартэй нэгэн учир ийм зүйл болж байна гэдэг тэнэг хүнд ч ойлгомжтой. Ё.Отгонбаяр дарга ийм жагсаал зохиож чадах уу. Эсвэл У.Барсболд ч юм уу. Ядахдаа ичиж мэдэх учир тэднийг Ерөнхий нарийн бичгийн дарга байхад ийм зүйл болоогүй.
“Улаан хамгаалагч” маягийн ийм арга барил өнөөдөр Монголын нийгэмд үнэндээ амжилт олохгүй. Тэднээс бүгд ичиж байна. Намын дарга нь аргаа бараад “Би хориод дийлээгүй” гэж. Нэрээ солиод ч олны дэмжлэгийг төдийлөн алдаагүй МАН харин У.Хүрэлсүх даргынхаа зохиосон иймэрхүү жагсаалаар “мааниа уншуулж” мэдэх юм. “Хүний олон нь хүнээ барьдаггүй” гэдэг үгийг хэлж өгөх юмсан, МАН-ын залуучуудад.