Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Олон улсын сургуулийн номын санчдын өдрийг тэмдэглэх ажлын хүрээнд Монголын Хүүхдийн төв номын сантай хамтран гурав хоногийн хугацаатай Сургуулийн номын санчдын сургалт, семинарыг зохион байгуулж байна. Энэхүү сургалт, семинарын хүрээнд энэ сарын 24-ний өдөр Тайванийн Үндэсний Их сургуульд Номын сангийн удирдлагын чиглэлээр докторын зэрэг горилсон, Тайваниас Монголд суугаа төлөөлөгчийн газрын хэлтсийн дарга Хатагтай Янь Жу Лиэнь нь Тайванийн номын сангуудын хүүхдийн номын уншлагыг дэмжих зорилгоор хийж хэрэгжүүлсэн ажлын туршлагаас хуваалцав.
Хатагтай Янь Жу Лиэнь лекцийн үеэр хэлсэн үгэндээ хүүхэд, багачуудын хувьд ном нь зөвхөн ном товхимол төдийхөн бус хүсэл, мөрөөдөл, мэдлэгийн эх булаг нь бөгөөд хүүхэд, багачуудын хамгийн ойр дотно анд нөхөр нь болж чаддаг гэв. Номын санчдын хувьд хүүхдийн номын талаар маш сайн ойлголт, мэдээлэлтэй байхаас гадна хүүхдийн хэрэгцээ, шаардлагыг ч бас ойлгож танин мэдэх хэрэгэй болдог. Ингэж чадсанаар л сая хүүхдийг баяр хөөр дүүрэн ном уншиж, номтой нөхөрлөхөд нь туслаж чадна гэв.
Хатагтай Янь Жу Лиэнь мөн хэлсэн үгэндээ Тайванийн нийтийн номын сангууд уншлагыг дэмжих ажлынхаа хүрээнд тав тухтай ном унших орчин нөхцөл бүрдүүлж чадсан гэдгийг онцлоод, уншигчдад ном зээлэх болон буцаахад хялбар дөхөм байлгах тал дээр авч хэрэгжүүлж болохуйц бүтээлч арга санаачлагуудаас хуваалцав. Тухайлбал, хөдөлгөөнт номын сангийн үйлчилгээ, бага хэмжээний өөртөө үйлчлэх зориулалттай номын сан болон бусад олон талт хялбар дөхөм үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх аргуудаас хуваалцсан болно.
Номын сангийн уншлагыг дэмжих стратегийн хүрээнд Хатагтай Янь Жу Лиэнь нь номын сангуудын зүгээс тухайн газар орон нутгийн онцлогт тохирсон, өөр өөр насны бүлгүүд болон өөр өөр нийгмийн бүлгүүдэд чиглэн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөлт хийхийг санал болгосон агаад нийгмийн нөөц бололцоог үр ашигтайгаар ашиглан, өөр өөр салбарууд болон сайн дурын ажилтнуудын хүчийг нэгтгэн ажиллах нь амжилтын үндэс болно чадна гэж онцлов. Үүнээс гадна сүүлийн жилүүдэд Монгол оронд төрөлтийн хэмжээ өсч буйг дагаад сургуулиас өмнөх насны хүүхэд багачуудын тоо өсч байна. Иймд Хатагтай Янь Жу Лиэнь нь энэ удаагийн сургалт, семинарын үеэр Тайвань болон барууны улс орнууд сургуулийн наснаас өмнөх насны хүүхэд багачуудын ном уншлагыг дэмжих зорилгоор авч хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцуулсан агаад энэхүү туршлага нь ойрын ирээдүйд Монгол оронд ч бас амжилттай нэвтрээсэй хэмээн хүсч буйгаа илэрхийлэв.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны зүгээс Монгол орны сургуулийн номын санчдын үйлчилгээний чанарыг дээшлүүлэх үүднээс жил бүр “Олон улсын сургуулийн номын санчдын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг ба энэ онд номын санчдын мэргэжил мэдлэгийг дээшлүүлэхийн тулд улс орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн бага, дунд, ахлах сургуулийн нийт 220 гаруй номын санчдыг энэхүү арга хэмжээнд хамруулсан юм.
Б.БАТ