Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Тамхины хяналтын тухай хуульд сургууль, цэцэрлэгийн 500 метрийн орчимд тамхи худалдаалахыг хориглосон. Энэ нь бодит байдалтай нийцэхгүйгээс гадна хэрэгжихгүй байгаа талаар мэргэжилтнүүд хэлж байна. Тухайлбал, хуулийн дагуу тамхи татахыг хориглосон 500 метр газруудыг тооцож үзвэл нийслэлийн нутаг дэвсгэрийн 90 орчим хувьд нь тамхи татах, борлуулах боломжгүй болж байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах уулзалтыг МҮХАҮТ, Монголын жижиглэн худалдааг дэмжигчдийн холбооноос санаачлан зохион байгуулж, бизнес эрхлэгч нартай өнөөдөр /2017.10.25/ уулзлаа. Мөн уулзалтад Казакстан, ОХУ, Ази номхон далайн жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооны удирдлагууд уригдаж туршлага хуваалцсан юм.
Энэ талаар МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа “Энэ хуулийн хяналтын болон хориглосон зүйл заалтын хэрэгжилт 50 хувь хүрэхгүй биелэлттэй байна. Иймээс уг хуулийн шинэчилсэн найруулга дээр бизнес эрхлэгчдийн дуу хоолойг тусгах ёстой. Гадны улс орны туршлагаас хорьж, хяналаа гээд тамхидалт буурдаггүй юм байна гэдэг нь харагдаж байна. Мөн тамхи татахыг хориглосон 500 метрийн радиусаар бодоод үзвэл Улаанбаатар хотын 90 хувь нутаг дэвсгэр дээр тамхи борлуулах боломжгүй болж байгаа юм. Тэгэхээр Улаанбаатар хот даяар бүгд хууль зөрчсөн худалдаа эрхлэгчид болж байна” гэлээ.
Мөн дээрх зүйл заалт нь лангуун доорх далд худалдааг шууд дэмжиж байна. Ингэснээр улсын төсөвт төвлөрүүлэх татварын орлогод ч сөргөөр нөлөөлж байгааг дурдлаа. 2013 оноос хэрэгжиж эхэлсэн Тамхины хяналтын тухай хуулиар олон нийтийн газар, үйлчилгээний байгууллага доторх тамхидалтыг зогсоосон гээд сайшаах тал олонтой ч тамхидалтыг бууруулж чадахгүй байгаа гэнэ.
Өнөөдрийн уулзалтаас гарсан үр дүнг УИХ, Засгийн газарт өргөн барих юм байна. Уг өргөх бичигт:
- Тамхийг тусгай автомат машинаар дамжуулан худалдах. Автомат машин нь иргэний үнэмлэх шалгах замаар баталгаажуулж болно.
- Тамхины эсрэг тэмцэлд үнэ, татварын арга ашиглах
- Тамхи татах тусгай цэгт хатуу шаардлага тавих
- Хязгаарлах шаардлагыг зөрчсөн тохиолдолд ногдуулах торгуулийг нэмэгдүүлэх
- Видео камерын хяналтыг байгуулах боломжийг судлах зэрэг саналуудыг тусгажээ.