Санал зөрсөн гишүүдээ халз тулаанд дуудаж, залуучуудын байгууллагын гишүүдээ тэмцээл, жагсаалд уриалаад байгаа МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх намын даргадаа дийлдэхээ болиод буй талаар Төрийн ордонд дуулдаж байна. Уг нь МАН-ын дарга С.Батболд ерөнхий нарийн бичгийн даргынхаа омголон занг дарахыг хичээж, болж байгаа үйл явдалд тэвчээртэй уужуу хандахыг зөвлөсөн ч У.Хүрэлсүх дарга хүлээж аваагүй аж. С.Батболд дарга “Шүүмжлэл хэлсэн гишүүдтэй хатуу ширүүн ярих хэрэггүй. Санал зөрөлдөөн аль ч намд байдаг л зүйл тул тайван бай” хэмээн зөвлөсөн боловч У.Хүрэлсүх дарга тэр жил УИХ-ын гишүүн байхдаа “Л.Гүндалай гишүүний эсрэг залуучуудаа босгоно” гэж хэлж байсныхаа адилаар МАН-ын гишүүддээ ч тэгж хандан, МАН-ын даргын нүүрийг улайлгах болжээ. Зөвлөөд зөвлөөд үг авдаггүй ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх МАН-ын даргад дийлдэхээ больсон хэмээн гишүүд нь хэлж байна.
Д.ОЮУН