УИХ дахь Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөгийн нөхөн олговор олгох асуудлыг хэлэлцсэн. Энэ нь олон нийтийн дунд багагүй маргаан шүүмжлэл дагуулаад байгаа билээ. Тиймээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас дараах тодруулгыг авлаа.
-Байнгын хороогоор 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үед гишүүд “Төрийн албаныханд 300 мянган төгрөг өгье” гэдэг санал гарч дэмжлээ. Бэлэн мөнгө тараах нь зохистой юм уу, халамжийн бодлого болж хувирлаа?
-Цалин, тэтгэвэр ч бэлэн мөнгө. Төр төсвийн байгууллагынхныхаа цалинг нэмж чадахгүй байж, төрийн албан хаагчдаа цалин битгий ав, ахмадуудад мөнгө битгий өг гэж хэлж болохгүй шүү дээ. Энэ бол төрийн албан хаагчдад нэг удаа олгох нөхөн олговор болохоос халамж ч бас биш.
-2017 онд багтаан багш, эмч нарын цалинг нэмэхгүй гэсэн үг үү?
-Цалин нэмэх асуудлыг Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрээр ярьдаг. Шийдвэрийг нь харна. 2014 оноос хойш төрийн албан хаагчдын цалинг нэмээгүй. 2014 онд 1800 байсан төгрөг өнөөдөр 2500 хүрсэн. Үнийн өсөлт 10 хувь гээд үзвэл юмны үнэ 40 орчим хувиар өссөн. Энэ мэт нөлөөллөөс болоод төрийн албан хаагчдын бодит цалин буурчихсан байгаа.Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрийн дүнг үндэслэж, шийдвэрлэх учиртай.
-Нэмж 650 гаруй сая ам.долларын бонд гаргах асуудал яригдаж байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Намайг Сангийн сайдаар томилогдохоос өмнө олон улсын зах зээлд бонд гаргах ажлыг эхлүүлсэн байсан. Тэр ажил үргэлжлээд явж байгаа. Өнөөдөр арилжаа нь дуусна.
-Хүү нь хэдэн хувь байгаа вэ?
-Одоо тэрийг хэлэх боломжгүй.
-Олон улсын валютын сангийнхан Монголд ажиллаж байна. Засгийн газар тус сантай ямар хэлэлцээ хийж байна вэ?
-2018 оны төсөв, 2017 оны төсвийн тодотголтой холбоотой гол ярианууд хийж байна.
-Аравдугаар сард багтаагаад ОУВС-гийн хоёр дахь шатны санхүүжилт орж ирнэ гэж өмнө нь яригддаг байсан. Энэ санхүүжилт хугацаандаа багтаж орж ирж амжих уу?
-УИХ-аас батлах 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсвийн хуулиас их зүйл хамаарна. Тодруулж хэлбэл, төсвийн алдагдлаа бууруулж чадаж байна уу, ОУВС-тай тохирсон хөтөлбөрийнхөө хүрээнд батлуулж чадах уу гэдгээс дараа, дараагийн хөтөлбөр яригдана.
Г.ДАРЬ